Шүүгдэгч Ч.Д нь;
2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа бусадтай маргалдаж байх үед нь салгахаар очсон хохирогч А.Аг түлхэн газар унагаж, эрүүл мэндэд нь “баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ч.Д “...энэ шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим санд байршуулахыг зөвшөөрөхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч А.А-гийн “...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23.00 цаг өнгөрч байхад Х, Ганлхагва, Д, Ц, Ц нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баараар үйлчлүүлэхээр ороод 30 орчим минут болоод бие засах өрөө орох гээд явж байхдаа найзтайгаа таараад юм ярих гэтэл дуу чанга байсан болохоор гадаа гараад яриад зогсож байсан чинь Д гарч ирээд “ямар янхнуудаа цуглуулаад зогсож байгаа юм” гэж хэлээд бүгдийг нь цохиж, зодоод байхаар нь би салгах гээд араас нь очсон чинь намайг түлхэж унагах үед миний баруун талын хөл өвдөөд гишгэж чадахаа больчихсон. БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлээд рентген зураг авахуулсан чинь “сэтэрчихсэн байна” гэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр амбулаториор үзүүлэхэд “шивнүүр яс хугарсан байна” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
гэрч Э.Л-ын “...Тамхи татах гээд гадаа гарахад Д хүмүүстэй муудалцаад зогсож байсан, тамхи асаагаад эргээд харахад эхнэр А газар уначихсан байхаар нь босгох гэхэд эхнэр босож чадахгүй байхаар нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлэх гээд орсон. Эмнэлэгт рентген зураг авахуулсан чинь “баруун талын хөлийнх нь шивнүүр яс цуурчихсан байна” гэсэн, тухайн үед гипс тавиулаагүй. Маргааш өглөө нь эхнэр гишгэж чадахгүй байхаар нь үзүүлсэн чинь “хөлийнх нь шивнүүр яс хугарчихсан байна” гээд гипс тавьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
гэрч Г.Х-ийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээ рүү харсан чинь цуг явж байсан Д, А, Ц, Ц, Л нар байхгүй байсан. Тэгэхээр нь нөхрийнхөө хамт гарсан чинь гадаа А уначихсан, уйлчихсан “хөл эвгүй болчихлоо” гээд босож чадахгүй сууж байхаар нь “эмнэлэг явъя” гээд эмнэлэг рүү орж үзүүлээд, рентген зураг авахуулаад эмчид харуулахад “зөөлөн эдийн гэмтэл байна” гэхээр нь бид нар тэндээсээ харьчихсан. Тэгээд хоёр хоногийн дараа хөл нь гишгэж болохгүй, зовиур ихтэй байгаад байхаар нь дахин эмнэлэг орж үзүүлсэн. ...А нь “Д намайг түлхээд унагачихлаа, миний хөл эвгүй болчихлоо” гээд ёолоод байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
гэрч Э.Г-ын “...эхнэр бид хоёр бүжгийн талбайд байж байгаад эхнэр түрүүлээд, би араас нь гадаа гарахад А газар уначихсан байхаар нь...юу болсон талаар асуухад “гадаа тамхи татах гээд байж байхад Д хүнтэй маргалдаад байхаар нь очиж салгах гээд дундуур нь орсон чинь намайг түлхээд унагачихлаа, тэгээд би босож чадахгүй байна, хөл эвгүй болчихлоо” гэхээр нь Аг аваад бид дөрөв эмнэлэг рүү ороод хүлээн авахад үзүүлээд, хөлийнх нь зургийг авахуулахад “зөөлөн эдийн гэмтэлтэй байна” гээд явуулсан. ... А нь “Д намайг түлхээд унагачихлаа” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
гэрч Т.Т-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” бааранд үеэл дүү Э-ийн хамт орсон, тэнд арван жилийн найз А-тай уулзалдсан. Тухайн үед “гадаа гарч юм яръя” гээд гадагш гараад юм яриад зогсож байтал үл таних эмэгтэй ирээд мэндийн зөрүүгүй “янхан”, “гичийнүүд” гэж дайрч доромжилж, намайг зодсон, А “хүүе найзыг минь битгий зодоод байгаач” гээд үл таних эмэгтэйн араас очоод салгах гэтэл эргэж хараад нэлээн хүчтэй түлхэж унагаагаад, хөл, гар луу нь өшиглөж байсан. Түлхэж унагааснаас болж хөл нь гэмтсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Ч.Д-гийн яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Ц, найз Ганлхагва, Х, А, Л, нөхрийн ах Ц нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баар орсон. ...согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн учир тухайн үйл явдлыг санан сэргээхэд хэцүү байна, ...А-тай муудалцсанаа санахгүй байгаа, надтай хамт явсан хүмүүс “чи А-г түлхэж унагаагаад гэмтээсэн, хоёр эмэгтэйг нь “янхан”, “гичий” гэж хэлээд биед нь халдаж, цохиж зодсон” юм ярьсан, уг үйлдлээ санахгүй байгаа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж холбогдсон, одоогоор хохирол мөнгө, төгрөг өгөөгүй, цаашид нэхэмжилбэл барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 813 дугаартай; “..А.А-гийн биед “баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
хохирогч А.Агийн “...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа байж байхад зүс таних эмэгтэй намайг түлхэж унаган, миний хөлд гэмтэл учруулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18.09 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
хохирогч А.А-гийн өргөдөл, мессенжерын хуулбар /хавтаст хэргийн 9-11, 12-18 дахь тал/,
Шүүгдэгч Ч.Д-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ч.Д-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ч.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн, шүүгдэгч Ч.Д-гийн “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч А.А-гийн “...Д гарч ирээд “ямар янхнуудаа цуглуулаад зогсож байгаа юм” гэж хэлээд бүгдийг нь цохиж, зодоод байхаар нь би салгах гээд араас нь очсон чинь намайг түлхэж унагах үед миний баруун талын хөл өвдөөд гишгэж чадахаа больчихсон.” гэх,
гэрч Э.Л-ын “...Тамхи татах гээд гадаа гарахад Д хүмүүстэй муудалцаад зогсож байсан, тамхи асаагаад эргээд харахад эхнэр А газар уначихсан байхаар нь босгох гэхэд эхнэр босож чадахгүй байхаар нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлэх гээд орсон. ...эхнэр гишгэж чадахгүй байхаар нь үзүүлсэн чинь “хөлийнх нь шивнүүр яс хугарчихсан байна” гээд гипс тавьсан.” гэх,
гэрч Г.Х-ийн “...А нь “Д намайг түлхээд унагачихлаа, миний хөл эвгүй болчихлоо” гээд ёолоод байсан.” гэх,
гэрч Э.Г-ын “...А нь “Д намайг түлхээд унагачихлаа” гэж байсан.” гэх,
гэрч Т.Т-ийн “...Тухайн үед “гадаа гарч юм яръя” гээд гадагш гараад юм яриад зогсож байтал үл таних эмэгтэй ирээд мэндийн зөрүүгүй “янхан”, “гичийнүүд” гэж дайрч доромжилж, намайг зодсон, А “хүүе найзыг минь битгий зодоод байгаач” гээд үл таних эмэгтэйн араас очоод салгах гэтэл эргэж хараад нэлээн хүчтэй түлхэж унагаагаад, хөл, гар луу нь өшиглөж байсан. Түлхэж унагааснаас болж хөл нь гэмтсэн.” гэх,
Ч.Д-гийн яллагдагчаар өгсөн “...А-тай муудалцсанаа санахгүй байгаа, надтай хамт явсан хүмүүс “чи Аг түлхэж унагаагаад гэмтээсэн, хоёр эмэгтэйг нь “янхан”, “гичий” гэж хэлээд биед нь халдаж, цохиж зодсон” юм ярьсан, уг үйлдлээ санахгүй байгаа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж холбогдсон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 813 дугаартай, “..А.А-гийн биед “баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт болон хохирогч А.А-гийн Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл, мессенжерын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч Ч.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа бусдыг “янхан”, “гичий” гэх зэргээр хэл үгээр доромжилж, цохиж зодсон, улмаар түүний энэ байдлыг таслан зогсоох гэсэн хохирогч А.А-г газар түлхэж унагасны улмаас түүний эрүүл мэндэд “баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Д-гийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Ч.Д-гийн үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ч.Д-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар танхайрч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ШШГЕГ-ын харъяа 439 дүгээр хорих ангид ажилладаг хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд,
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн саналыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Хохирогч А.А нь хохирол төлбөртэй холбоотой баримт, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгаа хэдий ч хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан хохирогчийн “...миний зүгээс сэтгэл санааны хор уршгийг тодорхойлуулахгүй, бусад хохирол, төлбөрөө нэхэмжилнэ.” гэснийг нь үндэслэн түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *********** овогт Ч-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.