-20 дугаар сургуулийн захирал, сургалтын менежер нар гадаадад зугаалж, хичээл орох багш нь хоол идэж явах үеэр сурагчид зодолдож, нэгнээ цээж хэсэгт нь мэсээр гэмтээжээ-
Аливаа байгууллагын ёс зүй, соёл, зохион байгуулалт удирдлага нь байсан, байгаагүйгээс үл шалтгаалж, үйл ажиллагаа нь тогтмол явж байх учиртай. Гэвч боловсролын салбар, багш нарыг миний, танай гэж талцуулж, улс төржүүлснээс болж, ашиглалтад орсноосоо хойш үйл ажиллагаа нь тасралтгүй урагшилж, жишгээр нэрлэгдэж байсан сургууль өдгөө хөл толгойгоо мэдэхээ байж, эмх замбараагаа алдсан гэдгийг эх сурвалжуудын яриа, холбогдох албан тушаалтнуудын зөрүүтэй тайлбар, нэгнээ гэмтээсэн сурагчид, нуун дарагдуулсан гэх зарим асуудал, хамт олны дарамт, шахалт, өнөөдрийг хүртэл ажлын байраа орхин явсан багш нарын үйлдэл гэрчилж байна.
Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэ багийн нутаг дэвсгэр дэх ЕБ-ын 20 дугаар сургуулийн нэгэн дунд ангид хичээл заах багш нь цагтаа ирээгүйгээс, хоёр сурагч үл ойлголцож, улмаар нэгнийхээ цээжинд хайч зоож, хүнд гэмтээжээ. Хэрэг гарах үеэр дунд бүлэг хариуцсан менежер, захирал нь гадаадад аялсан байжээ. Өөрөөр хэлбэл, хичээл заах багшгүй, харгалзах сургалтын менежергүй, хянах захиралгүй байсан сургууль хүүхдүүдийг гэмт хэрэг рүү "түлхэв" гэсэн үг л дээ.
“Боловсролын салбарыг улс төржүүлсний гайгаар байгууллага, хүүхдүүдийн сурах орчин дахь ёс зүй, үндсэн зарчим алдагдсан. Эцэст нь, сурагчид нь хичээлийн цагаараа нэгэндээ мэс хэрэглэж, гэмтээчихээд байна”
...Өмнө нь, тухайн сургуулийн сурагчид хүчирхийлэлд өртсөн тохиолдол нэг биш удаа гарсан ч, нуун дарагдуулдаг байсныг зарим багш, удирдлага, хүүхэд хамгааллынхан гэрчилж, бидэнд мэдээлэл өглөө. Дээрх асуудалтай холбоотойгоор зарим багш, эцэг эх, асран халамжлагчид “Боловсролын салбарыг улс төржүүлсний гайгаар боловсролын салбар, байгууллага, хүүхдүүдийн сурах орчин ёс зүй, дэгээ алдсан. Эцэст нь, сурагчид нь хичээлийн цагаараа нэгэндээ хүйтэн мэс хэрэглэж, гэмтээчихээд байна” хэмээн халаглан ярьж, бидэнд хандсан юм.
Бид эх сурвалжийн мэдээллээр тэнцвэртэй мэдээ, нийтлэл хүргэх зорилгоор холбогдох албаныхнаас тодруулахад дараах тайлбарыг өгч байна.
Эцэг, эхийн зөвлөлийн төлөөлөл Х: “Нийгэм стресс бухимдалтай байна. Дээрээс нь хүүхэд хөгшидгүй нэгнийхээ амь насыг хохироосон элдэв хэргүүд гарч байгаа энэ цаг үед боловсролын байгууллагад улс төржилт, хэрээс хэтэрч, удирдлага нь хэн нэг УИХ-ын гишүүн, даргаар халхавчилсаар байгууллагын ёс зүй, бүтэц, хүний нөөц, эх захаа алдаж, дэг журамгүй байдал энэ сургуульд газар аваад байна. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн орчинд судалгаа явуулсан. Сүүлийн жилүүдэд тус сургуульд тогтвортой ажиллаж байсан, арга зүй, ур чадвартай 18 багш, ажилтан ажлаасаа гарч, шилжсэн. Зөвхөн удирдлагатайгаа зөрчилдсөний улмаас ажиллах боломжгүй болж дайжсан гэж хэлж болно. Багш нар нь стресстэй, хоорондын харилцаа муу, талцал ихтэй. Стресстэй багш нар хүүхдүүддээ ширүүн, дориун харьцдаг. Мөн багш нар ч дарамт, шахалт ихтэй. Сурагчид хүчирхийлэл, багшийн зодуурын хохирогч болсон ч, холбогдох мэргэжлийн байгууллага, хүүхэд хамгааллынханд хандаж, арга хэмжээ авдаггүй. Сургуулийн нэр хүндэд халтай гээд нууж, гадагш гаргадаггүй бололтой. Мэдээлэл гадагш задруулсан багш, сурагчийг дарамталсан тохиолдол цөөнгүй байна. Хүүхдүүд нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн асуудалтай холбоотой дарамт өнөөдөр ч ирж байгаа гэсэн юм. Ажилтайгаа үлдчих юмсан, бас удирдлагууддаа зуугдчихгүй байхсан гээд зарим багш нар эцэг эхчүүд рүү ханддаг юм. Хэрэв ийм зарчим, соёлгүй, зохион байгуулалтгүй, улс төрийн нөлөөллөөр далайсан байдал үргэлжилсээр байвал бид боловсролын байгууллагад итгэх боломжгүй. Тэнд хүүхдийн эрх хамгаалагдаж, аюулгүй орчинд, чанартай боловсрол эзэмшинэ гэдэгт итгэхгүй байна. Бидний хүүхдэд сэтгэлээсээ хичээл зааж, сургах мэргэжилтэй, мэдлэгтэй ардын багш энд үлдэх үү гэдэгт эргэлзэж байна. Сая хүүхдүүд нэгнээ гэмтээх үеэр захирал нь, шинэ менежерээ дагуулаад аяллаар явсан гэх мэдээлэл байна. Яг ийм байдлаар дээд байгууллагадаа ч гишүүний хүн гээд захирагдахаа байсныг боловсролын газрын албан тушаалтнууд нь толгой сэгсэрч байна лээ. Судлаад үзтэл Д.Батлут гишүүний тойрогт ажилласан, одоо аялж яваа гээд зураг хөргүүдтэйгээ ил, үнэний ортой байсан” гэж ярив.
Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт: “Хоёр хүүхэд нэгнийхээ эд зүйлст зөвшөөрөлгүй хүрсэн гэх шалтгаанаар хоорондоо маргаж, улмаар нэг нь нөгөөгөө санаандгүй хайчаар хатгаж, гэмтээсэн хэрэг гарсан. Манайхаас тухайн сургуулийн багш ажилтан, тухайн нутаг дэвсгэрийн хүүхэд хамгааллын багийнхантай ажиллаж, шаардлагатай арга хэмжээ авсан. Хичээл орох цагаараа багш нь хоолонд ороод, хоцорч орсон юм байна. Энэ хойгуур дээрх асуудал гарсан байсан. Мөн тухайн сургуулийн захирал Д.Гантуул, дунд бүлэг хариуцсан менежер чөлөөтэй байсан” гэсэн юм.
Эрдэнэ багийн хүүхэд хамгааллын багийн ахлах, багийн Засаг дарга Н.Отгонбилэг: “Хоёр хүүхэд нэгнээ хайчаар 2 см биед нь хатгаж, гэмтээсэн байсан. Боловсролын газрын дарга болон манай нутаг дэвсгэрийн хүүхэд хамгааллын багийнхан шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Нэгнээ санаандгүй бэртээсэн хүү ч сэтгэл санаа нь хүнд байсан тул бид өөр сургуулийн сэтгэлзүйчид хандаж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн. Тухайн өдөр сургуулийн холбогдох удирдлагууд эзгүй, аялж байсан юм билээ. Мөн тэр өдрөө сургуулийн эмчээс бусад удирдлага, нийгмийн ажилтан нь хэн нь ч ийм эрсдэлтэй асуудал гарсныг мэдээгүй байсан. Өнөөдөр сургуулийн захирал нь ажилдаа ирсэн байна гэсэн" гэлээ.
Түүнээс үргэлжлүүлэн "Хүүхэд хамгааллын багийн ахлах, багийн засаг дарга гэхээр энэ багийн нутаг дэвсгэр дэх хүүхэд оролцсон, өртсөн эрсдэлтэй хэргүүд бүгд бүртгэгддэг байх. Өмнө нь сургуулийн орчинд, багийн нутаг дэвсгэрт хүүхэд өртсөн ийм хэрэг гарч байв уу" гэж асуухад:
-Өмнөх жилд багш нь зодсоны улмаас хүүхдийн эгэм нь хугарсан гээд эцэг эх нь хожим хүүхэд хамгааллын хамтарсан багтаа хандаж байсан. Өмнө нь сургуулийн орчинд бус ч, сурагч хүчирхийллийн хохирогч болсон гэх мэт ноцтой асуудлуудыг хүүхэд хамгааллын багтаа мэдэгддэггүй байсан. Хэзээ хойно бид өөр эх сурвалжаас мэдэж, арга хэмжээ авч байсан.
-Та сая өөр сургуулийн сэтгэлзүйчид хандаж, хүүхдийг уулзуулсан гэлээ. Аймгийн бүх сургууль сэтгэлзүйчтэй болсон гэсэн ойлголттой байсан юм.
-Тийм. Эднийх сэтгэлзүйч, хүүхэд төлөвшлийн ажилтан ч байхгүй. Багш нар нь солигдоод, эсхүл шилжээд явчихдаг. Ямар учиртайг мэдэхгүй байна. Олон сайн багш ажлаасаа гарсан. Саяын асуудлаар сэтгэлзүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байсан. Гэтэл орон тоо нь байгаа ч, ажилтан нь байхгүй. Тиймээс 7 дугаар сургуулийн сэтгэлзүйчид хандсан" гэв.
"Сурагчид нь нэгнийхээ цээжинд хайч зоож, гэмтээх нь захирал Д.Гантуулд ноцтой биш"
/ 20 дугаар сургуулийн захирал Д.Гантуул хар цамцтай, шинээр томилогдсон дундын менежер, ТББ-ын гишүүдийн хамт Тайланд улс Паттаяад/
/Тухайн өдрийн гэмтсэн сурагчийн хэт авиан оношилгооны дүгнэлт/
Харин 20 дугаар сургуулийн захирал Д.Гантуул: Би өмнөх хичээлийн жилийн ээлжийн амралтаа хуулийн дагуу эдлээгүй байсан тул ээлжийн амралтаа харьяа газрын даргаасаа хүсч, амралтаа авсан байсан. Гадагш явсан хойгуур уг асуудал гарчээ. Азаар хүүхдүүд онц ноцтой нэгнээ хохироогоогүй. Тухайн үед ангийнх нь хүүхэд сургуулийн эмчид хандаж, анхны тусламж үзүүлснээр, дараагийн эмнэлэгт шилжүүлсэн байсан. Хүүхдүүдийн хувьд нэгийгээ 2 мм орчим л хайчаар хатгасан байсан. Ноцтой гэмтээгүй. Мөн нөгөө хүүхэд санаатай үйлдээгүй гэдгээ хэлж байгаа. Сэтгэл зүйн хувьд шоконд орсон байсан тул бид сэтгэлзүйчтэй уулзуулж, шаардлагатай арга хэмжээг авсан.
-Таныг үүрэгт ажлаа гүйцэлдүүлэхгүй, улс төрийн ажил хийж яваад эх сурвалжууд шүүмжлэлтэй хандаж байна. Оны өмнө мөн нэр бүхий гишүүдийн тойрогт ажилласан. Сая боловсролын газрын дарга таныг чөлөөтэй байсан гэж хэлсэн?
-Оны өмнө ч ялгаагүй ээлжийн амралтын нийт 45 хоногоос хасуулаад, өөрийн ТББ-ынхаа сургалтаар орон нутагт ажилласан нь үнэн. Сая бас албан ёсоор газрын даргадаа мэдэгдээд, ээлжийн амралтаа л эдэлсэн.
-Тантай хамт танай сургуулийн дундын менежерийн орон тоонд шинээр томилогдсон ажилтан хамт явсан гэлээ. Саяын нэгнээ гэмтээсэн хүүхдүүд дундын бүлэг байсан. Шинээр ажилд орсон хүн ямар учраас аялалд явах болов? Бас ээлжийн амралттай байв уу?
-Тийм, дундын менежер амралтаа урьдчилж аваад, надтай хамт явсан. Тус орон тоонд БШУГ-аас нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ажилд авсан. Өмнө 17 дугаар сургуульд ажиллаж байсан. Яахав, өмнөх хичээлийн жилийн ээлжийн амралтаа эдлээгүй байсан юм билээ. Энэ хичээлийн жилийн ээлжийн амралтаа урьдчилж авсан гэсэн үг л дээ.
-Ээлжийн амралтыг хэрхэн эдлэх тухай хөдөлмөрийн тухай хуульд хэрхэн заасан байдаг юм бэ?
-Бид чинь хүн хүч дутагдалтай үед ээлжийн амралтаа авч чаддаггүй. Эсвэл яаралтай үед дуудагдчихдаг. Боломжтой үед нь авч байгаа нь энэ.
-Сургууль хүүхдүүдийнхээ хувцасны өлгүүрийн талбайг багш нарын амралтын өрөө болгон засч, тохижуулсан. Харин сурагчдын гэр бүлээс 40-50 мянган төгрөг хурааж, хувцас хийх хайрцаг сав авч байгаа гэж хэллээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Манай газрын даргад энэ тухай гомдол очсон байсан. Өнөөдөр асууж, тодруулсан. Манай сургууль 2017 онд анх 640 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон. Одоо 1340 хүүхэд сурч байна. Нэг дахин ачаалалтай ажиллаж байгаа. Анги танхимын хүрэлцээ муу. Өлгүүрт бүх хүүхдүүд хувцсаа өлгөж хүрдэггүй байсан. Иймээс би судалж байгаад бусад сургууль ч гэсэн асуудлаа сурагч тус бүрийн хувцасны шүүгээгээр шийддэг юм байна. Ингэж шийдвэл ямар вэ гэж санал болгосон. Багш нар маань бага багаар хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Гэхдээ нэг гэрээс 2,3 хүүхэд нь сургуульд сурдаг бол нэг гэрийн хоёр хүүхэд нь дундаа шүүгээ ашиглаж болохоор зохицуулалт хийсээр ирсэн. Өнөөдөр ч багш нараас ийм асуудал гаргаагүй биздээ гэж асуусан. Тийм зүйл байхүй гэсэн гэв.
Холбогдох эх сурвалжууд дээрх тайлбарыг өглөө. Гэвч Боловсрол,шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт болон 20 дугаар сургуулийн захирал Д.Гантуул нарын хариулт зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна.
Үргэлжлэл бий...
Нийтэлсэн: А.Саранчимэг