О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Орхон аймгийн БСУГ-ын дарга О.Ариунгэрэлттэй цаг үеийн, олон нийтийн сонирхолыг татаад буй асуудлаар ярилцлаа. “ - Бид цаг үеийн хүндрэлээс болж үүссэн хоцрогдлыг 3 жилийн хугацаанд арилгахаар төлөвлөж байгаа...” - Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ковид 19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор боловсролын салбар сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Эцэг, эхчүүдийн санаа бодол нэлээд баргардуу талдаа байна. Хүүхдийн боловсролын хоцрогдлыг яаж нөхөх вэ, эдийн засгийн хямралаас илүүтэй хүүхдийн ирээдүй, боловсролын асуудалд хямрал нүүрлэлээ гэсэн хандлага давамгайлж байна. Боловсролын сайд ч хоцрогдлыг арилгахад 2-3 жилийн хугацаа хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийчихлээ. Орхон аймгийн боловсролын салбарыг хариуцаж байгаа таны хувьд байдлыг хэрхэн дүгнэж, яаж харж, ямар төлөвлөлт, бодлого хийж байгаа вэ? - Ямарваа зүйл, тэр дундаа боловсролын асуудал зайлшгүй суурь судалгаа дээр явах ёстой. Боловсролын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын судалгааны хүрээлэн аймгуудын Боловсролын салбараараа дамжуулан судалгаа хийж байна. Хоцрогдлыг арилгах, ахиц дэвшил гаргахын тулд юуны өмнө аль цэг дээр байгаагаа, аль цэгээс аль цэг рүү хүрэх вэ гэдгээ тодорхойлох учиртай. Ямар шалтгаанаас үүдсэн боловсролын хоцрогдол, алдагдал их байна вэ гэдгийг юуны өмнө оношлох хэрэгтэй. Энэ оношилгоо хэр сайн, оновчтой байна, үр дүн төдий чинээ сайн байна. Судалгааны үр дүнд, боловсролын сайд ч мэдэгдсэн. Боловсролын салбар цар тахлын нөлөөллөөс өмнө суурь хоцрогдолтой байжээ. Энэ суурь хоцрогдол дээр сүүлийн хоёр жилийн хүчин зүйл нөлөөлжээ. 600.000 гаруй мянган хүүхдүүдээс 170-аад мянган хүүхэд боловсролын хоцрогдолд үе тэнгийнхээсээ илүүтэй орчихсон байна. Энэ нь хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас биш өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж ийм байдалд хүрчихжээ. Хүүхэд бүр ТВ үзээд, онлайнаар хичээлээ хийгээд байх бололцоогүй байна. Аав, ээж асран хамгаалагчийнхаа тусламж дэмжлэгийг тэр бүр авах боломжгүй байна. Энэ мэт хүчин зүйлээс шалтгаалаад улсын хэмжээнд дээрх тооны хүүхэд боловсролын хоцрогдолд орчихлоо. Иймээс эдгээр хүүхдүүдийн хоцрогдлын асуудлыг шийдэх, массын боловсролын хоцрогдолд анхаарал хандуулах чиглэлээр 3 жилийн төлөвлөгөө боловсруулаад байна. Суурь болон цаг үеийн хүндрэлээс шалтгаалсан хоцрогдлоос энэ хугацаанд гарья. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд нэг зүйл дээр тайван байж болно. Ганц Эрдэнэтийн хүүхдүүд биш, цаашлаад ганц Монгол улсынх биш энэ хүндрэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал юм. Нөхцөл байдал хаа сайгүй адилхан, шийдлээ хамтдаа хайж байгаа гэсэн үг. Одоогийн нөхцөлд нэгдүгээрт хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг тавих. Хүүхдүүдийнхээ сэтгэл санааг тайван байлгах, гэр бүлийн орчинд, гэр бүлийн уур амьсгалыг эвдэхгүйгээр ая тухтай хэлбэрээр сургалтыг явуулахыг хичээх юм. Хүүхдүүдээ цар тахлын энэ хүндрэлээс эрүүл энх, эрсдэл багатай аваад гарсны дараа боловсролын өмнө тулгамдсан асуудлаа шийдээд явна. Нөгөө талаар сүүлийн 2 жилийн нөхцөл байдал нэг зүйлийг баталж өглөө. Ерөөсөө танхимын сургалтыг юу ч нөхөж чадахгүй юм байна. Багш, сурагчийн амьд харилцааг юугаар ч орлуулах боломжгүй юм байна гэдгийг дэлхий нийтээрээ ойлголоо. Хичнээн дуу дүрсийн өндөр чанартай ТВ хичээл оруулаад ч, хичнээн техникийн дэвшил, интернетийн хурд давуу тал ашиглаж лайв, цахим сургалт явуулаад ч танхимын хичээл, багш сурагчийн биет харилцааг юу ч нөхөж чадахгүйг бүгдээрээ мэдэрсэн цаг хугацааг бид туулж байна. Хүүхэд ангийнхан, найзуудтайгаа амьд харилцаанд орж, багштайгаа бодит харилцаа үүсгэж сургалтын орчиндоо хичээлээ хийнэ гэдэг ерөөсөө л хүүхдийг боловсруулж байгаа, бие хүн болгож хөгжүүлж байгаа хамгийн үр дүнтэй үйл явц юм байна. Хүүхэд хичээлдээ явахаар дэвтэр, цүнх, дүрэмт хувцсаа бэлтгэнэ гэдэг чинь хүртэл хүүхдийн хувьд боловсрол эзэмших, бие хүн болж өсөхөд нь зайлшгүй байх ёстой үйлдэл дараалал юм байна. Багшийнхаа биеийн хэлэмжийг бодит харилцаан дээр мэдэрч, хичээлийн үлгэрчилсэн жишээ, мэдээлэл, мэдлэгийг дуу хоолойгоор нь сонсч, анги, сургуулийнхаа хүүхдүүдтэй амьд харилцаанд орж байж хүүхэд боловсрол эзэмшдэг, бие хүн болж төлөвшдөг гэдгийг хөл хорионы 2 жилийн хугацаа сайтар ойлгуулж өглөө. Анги, танхимд үүсч байгаа маш олон төрлийн харилцааг боловсролын үйл явцад юугаар ч орлуулж болошгүй юм байна. Франц зэрэг хэдэн хөгжингүй улс цар тахлын хүндрэлийн үед боломжит эцсийн хувилбараа хүртэл ашиглаж, танхимын хичээлийг тасалдуулахгүй байсан нь үүнтэй ч холбоотой байх. Бидний тухайд ч бас томоохон сургамж боллоо. Тийм учраас аль болох танхимын сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Яамны зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран хийж байгаа нэг томоохон судалгаа бол хүүхдүүдийг дархлаажуулах ажил. Канад, АНУ зэрэг зарим улс боловсролын явцаа тасалдуулахгүйн тулд 12-18 настай хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг эхлүүлчихлээ. Манай улс ч гэсэн ийм зорилтыг тавиад хүүхдэд хийж болох боломжит вакциныг судалж байна. Энэ мэт бэлтгэлээ хангаад энэ хичээлийн жилээс хүүхдийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Танхимын сургалт эхлэхээр судалгааны дүнд боловсруулсан эрчимтэй хэлбэрээр хоцрогдол арилгах 3 жилийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явна. Хүүхдүүдийнхээ суурь хоцрогдлыг ч, цаг үеийн хүндрэлээс үүссэн хоцрогдлыг ч энэ хугацаанд багтааж арилгана гэж үзэж байгаа. - Та сая хэллээ. Багш, сурагчийн амьд харилцаан дээр хүүхдийн гол төлөвшил, хөгжил явдаг юм байна гэж. Амьд харилцаа гэхээр тэр танхимд сурч байгаа хүүхэд, хичээл зааж байгаа багш хоёрын хооронд үүсч байгаа мэдрэмж гэж үзэж болох байх. Үүнийг та өөрөө боловсролын салбарт олон жилийн хугацаанд ажилласан хүний хувьд тодотгоод хэлбэл? - “Ковид 19”-өөс өмнө боловсролын салбар илүү цахимжих тал руугаа хөгжлөө тодорхойлж байсан. Дижитал их сургуулийн тухай хүртэл яригдаж байлаа шүү дээ. Гэвч нөхцөл байдал арай өөр зүйлийг харууллаа. Багш сурагч хоёр хичээлийн явцдаа биетээр харилцаж, мэдээлэл солилцоно гэдэг 1-рт сэтгэлзүйн хувьд юугаар ч орлуулшгүй нөлөөтэй, 2-рт багш шавийн хооронд тогтдог хайр энэрэл, нэгнээ гэх сэтгэлийн асуудал энд сөхөгдөж байна. Багш, шавийн барилдлага энэ амьд харилцаан дээрээс бий болдог. Энэ бол яг эцэг эх үрээ гэдэг, үр нь эцэг эхээ гэдэг шиг тийм нандин хэрнээ бат бөх, өвөрмөц сэтгэлийн харилцаа юм. Багш хичнээн хүүхдээ аашилж, зэмлэж байлаа ч яг л аав ээжийн сэтгэлээр хандаж байдаг. Болж байгааг нь урамшуулж, болохгүй байгааг нь зэмлэж, нэг тийм баяр жаргал, нарийн эмзэглэл хосолсон харилцааг багш сурагчид нэг нэгэндээ үүсгэж байдаг даа. Үүнийг л зайны, онлайн сургалт хэзээ ч бий болгож чадахгүй нь харагдлаа. Өөрөөр хэлбэл хичээлийг зааж болох ч хүүхдийг хүн болгож төлөвшүүлэхэд, тэр дундаа боловсролтой хүн болгож хөгжүүлэхэд эцэг эхийн хайраас гадна зайлшгүй шаардлагатай байдаг багш шавийн сэтгэлийн барилдлага энд орхигдчихоод байна. Цахим орчин хөгжиж, хүний амьд харилцаа багасахын хэрээр хүн улам бүр мөн чанараасаа ондоошиж байгаа шиг танхимын сургалт ТВ, онлайн хэлбэрт шилжснээр хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нэг томоохон орон зай дутагдаад эхэлж байгаа юм. Үүнээс гадна хүүхдүүд сургуулийн орчинд гар гараасаа хөтлөлцөөд биеийн тамиртаа орох, зэрэгцэж зогсоод дуу хөгжмийн хичээлээрээ дуулах, нэг нэгэндээ дэм тус болж хамтдаа хичээлээ хийх, шалгалтаа өгөх, за тэгээд хамтдаа хөнгөхөн дүрсгүйтэх, нэгнээ цагаахан шоглох, тэгээд аргадах гээд маш олон үйл явцаас хүүхэд өөрийгөө олж, ирээдүйн нийгмийн байр сууриа тодорхойлж байдаг. Энэ бүхэн орхигдохоор хүүхдийн төлөвшилийн асуудал бүр хурцаар тавигдана. Иймээс боломжит бүх нөхцлөөрөө танхимын сургалтыг дэмжих, тасралтгүй зохион байгуулах нь зүйтэй гэж манай яам ч тэр, эрдэмтэн судлаачид ч тэр бодлогын түвшинд үзэж байгаа. “ - Эрдэнэтийн төгсөгчдийг улсын шилдэг багш нар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна...” - Төгсөгчид элсэлтийн шалгалтын босгон дээрээ ирчихээд байна. Гэтэл хоёр жилийн хугацаад хорио цээрийн дэглэм баримтлаад хичээлийн хоцрогдолтой, хувийн болон хичээлийн бэлтгэл өмнөх үеэ бодвол муу байгаа. Эдгээр хүүхдүүд бидний ирээдүйгээс гадна Эрдэнэтийн нүүр царай болж харагдана. Бусад ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол, боловсролын суурь хоцрогдлын асуудлыг төлөвлөөд нөхөөд явах юм байна. Тэгвэл энэ хүүхдүүдийнхээ асуудлыг та бүхэн яаж шийдэх вэ? Амьдралынхаа маш чухал сонголтын өмнө ирчихээд байгаа энэ цаг мөчид нь цаг зуурын ийм бэрхшээл таарчихлаа. - Эдгээр хүүхдүүддээ боловсролын салбарынхан, эцэг эхчүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд бүгд нэгэн зэрэг санаа зовж байна. Бас санаа тавьж байна. Энэ тал дээр харин цахим сургалтын давуу талыг ашиглаж байгаа. Цахим сургалтын хамгийн том давуу тал нь Улаанбаатарт байгаа багш улсынхаа аль ч аймаг, аль ч хязгаарын хүүхдэд хичээл заах боломжтой. Үүнийг ашиглаад улсын олимпиадад 4-5 удаа тэргүүлсэн, ур чадварын уралдаанд удаа дараа түрүүлсэн, олон улсын олимпиадад хүүхэд бэлтгэж оролцуулдаг нийслэл хотын хувийн болон улсын сургуулийн чадварлаг багш нараар багаа бүрдүүлсэн “И-Лаб” боловсролын академитай хамтран ажиллаж, хүүхдүүдээ элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна. Энэ боловсролын акамдеми энэ жил 6 аймгийг л сонгосон. Тэдгээр 6 аймгийн нэгд манай Орхон аймаг багтсан байгаа. 5-р сарын 1-нээс төгсөх ангийн хүүхдүүддээ эдгээр шилдэг багш нартайгаа хамтраад хичээл орж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн төгсөгчид 6 төрлийн хичээлээр 5-р сарын 1-ээс 7-р сарын 1-ний хооронд 120-180 цагийн сургалтад хамрагдана. Уг сургалтын давуу тал нь боловсролын салбартаа улсад тэргүүлдэг “Олонлог” ч юм уу, нийслэлийн 1-р сургуулийн багш нар Эрдэнэтийн хүүхдүүдэд хичээл зааж байгаа явдал. Мөн эдгээр сайн багш нарын аргазүйгээс суралцах боломжийг манай аймгийн багш нарт олгож байна. Төгсөх ангийн хүүхдүүдийн тухайд эцэг эхчүүд нь зөвшөөрсөн тохиолдолд сайн дурын үндсэн дээр танхимын давтлагыг эхлүүлээд байгаа. Энэ давтлагатай зэрэгцүүлээд дээрх хөтөлбөрт хамрагдаж, хүүхдүүд маань элсэлтийн шалгалтандаа бэлтгэж байна. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ чадварлаг багш нараар төгсөгчдөө элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх үйл ажиллагааг аймгийн Засаг дарга С.Батжаргал болон орон нутгаас сонгогдсон УИХ-ийн гишүүн Д.Батлут нар дэмжиж, санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Энэ хүмүүсийн дэмжлэг, боловсролын салбарт өгч байгаа ач холбогдлын хүчинд Эрдэнэтийн эцэг, эхчүүд маань ямар нэг санхүүгийн асуудалгүйгээр хүүхдүүддээ улсдаа шилээвэр багш нараар шалгалтад нь бэлтгүүлж байна. Энэ бол маш том давуу тал. Аз завшаан юм. Бусад 5 аймагт эцэг, эхчүүд нь төлбөрийг нь төлж байгаа. Хүмүүсийн амьдралын боломж, санхүүгийн асуудлаас шалтгаалаад хамрагдалтанд асуудал байгаа л байх. Манай аймгийн тухайд энэ асуудал шийдэгдсэн. Тиймээс эдгээр нэр бүхий хүмүүстээ талархах нь зүйтэй. “ - Төвийн сургууль руу ирж байгаа урсгал бол сайн багш дагасан хөдөлгөөн. Эцэг, эхчүүдийн хүүхдээ гэх сэтгэлийн илэрхийлэл. Үүнээс л асуудлын шийдлийг хайх ёстой...” - Орхон аймгийн тухайд сургуулиудын анги дүүргэлт харьцангуй байдаг. Гэр хорооллын, захын сургууль руугаа анги дүүргэлт сул байхад төвийн сургуулиуд, тэр дундаа 14-р сургууль, 4, 5, 8 гээд анги дүүргэлт нь хэтэрчихдэг. Энэ нь нэг талаасаа хүүхдийн сурч боловсрох орчноо сонгох эрх мэт боловч бас багш, сургуулийн өндөр ачааллаас болоод хүүхдийн хөгжих, хамгаалагдах эрх нь зөрчигдөх гээд байдаг талтай. Эртнээс яригдсан энэ асуудал дээр хойшдоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? - Манай улс хөгжиж байгаа орон. Энэ зовлон бүх улсад, улс бүрийн том жижиг хотуудтай холбоотой байсан, байгаа, хойшид ч байх асуудал юм билээ. Тодруулбал энэ ганцхан манай улсад, манай орон нутагт тулгамдаж байгаа зовлон биш ээ. Өөрөөр хэлбэл өмнө нь шийдсэн туршлага байна. Түүн түшиглэж, алдаа оноог нь тунгаагаад ажил болгох боломж байна. Энэ ганцхан боловсролын салбарын асуудал биш. Бас хотын хөгжлийн тухай асуудал юм. Гадны ихэнх хотууд ахлах сургууль үүсгэж, тэр сургуулиа хотынхоо зах руу байрлуулах маягаар шийдсэн байдаг. Ингэхээр түүнийг дагаад тухайн орчинд хотын хөгжил бий болдог. Хэт төвлөрөл саармагждаг. Сайн сайхан сургуулийг тойрсон хүн амын төвлөрөл, хөгжил бий болдог ийм арга гадны орнуудад байна. Өөр нэг арга нь сургуулийн менежментийг сайжруулах, сайн багш нарыг бэлтгэх, хөгжүүлэх, сайн багш нараа дагасан боловсролын хөгжлийг тэр орчинд бий болгох. Энэ нь өнөөдрийн нөхцөлд манайд илүү ойр. Эхний ээлжинд бидний бодож, ярьж байгаа арга зам-сургуулийн менежментийг чөлөөтэй тавьж өгөх. Сургууль ямар сургалтын шинэлэг хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байгаа вэ? Багш нараа яаж татаж, яаж хөгжүүлэх гээд байгаа вэ? Эцсийн дүндээ төвлөрөл рүү урсаад байгаа хүүхдийн урсгал чинь сайн багшийн араас л явж байгаа хөдөлгөөн. Эцэг, эхчүүдийн хүүхдээ гэх сэтгэлийн тэмүүлэл. Үүнээс л асуудлын шийдлийг хайх ёстой. Тиймээс хүүхдийн урсгалаа гадагшаа алдаад байгаа сургууль сайн багш нарыг яаж татаж ажиллуулах вэ, түүн дээр нь бодлогоор яаж тусалж дэмжих шаардлагатай байна вэ? Эдгээр асуултуудад л хамгийн оновчтойгоор хариулт олох. Захирлуудыг сэлгэх замаар сургуулийн менежментийг тогтсон, зогсмол байдлаас нь гаргах, сайн менежерийг сул газарт аваачиж менежментийг нь сайжруулах гээд сургуулийн сургалтад дэвшил гаргах бас нэг арга байна. Сургуулийн менежмент, сургалтын чанар сайжирвал өнөө хүүхдийн урсгал байхгүй болж, орчин орчиндоо сурч хөгжинө гэсэн үг. Сайн ажиллаж, үлгэрлэж яваа захирлууд байна л даа. Жаргалантаас хүүхдүүд саяхан болтол бөөнөөрөө төвийн сургууль руу орж ирдэг байсан, сүүлийн жилүүдэд энэ урсгал саарсан. Дэнж, Эрдэнэ багийн хүүхдүүд бас төв рүү ихээрээ ирдэг байсан, болих талдаа гарлаа. Тэнд ажиллаж байгаа сургуулийн захирлууд хэр менежер байхаас энэ бүхэн шууд шалтгаалаад байна. Энэ мэтчилэн гадны туршлага, манайд хэрэгжүүлж байгаа олон аргууд байна. Бид хамгийн боломжтой, орон нутагтаа хэрэгжүүлж болох аргыг сонгохоор судалж байна. Эхний ээлжинд сургуулийн захирлуудад чиглэл өгсөн. Сургуулийнхаа менежментийг төлөвлөөд гаргаад ир гээд. Жишээлбэл Говилын сургуулийн 200 хүүхэд Городын сургууль руу ирээд байна аа. Ийм судалгаа гарчихлаа. Эдгээр хүүхдүүдээ яаж тухайн орчиндоо татаж авч үлдээд сургаж хүмүүжүүлэх юм бэ? Маш тодорхой төлөвлөлт хийгээд ир. Тэгээд хамтраад ажиллая гэсэн байгаа. “ - Цэцэрлэг хоёр ээлжтэй болно гэдэг эцэг, эхчүүдэд үзүүлж буй томоохон дэмжлэг юм...” - Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэх мэдээлэл эцэг эхчүүдийн дунд нэлээд бухимдал үүсгэж байна. Үүний зэрэгцээ бас анхны хоёр ээлжээр цэцэрлэгийн багш нар нь ажиллах аймаг болчихлоо гэх сайхан мэдээ цацагдлаа. Ерөнхий сайдын айлчлалаар асуудал шийдэгдлээ гээд. Энэ хоёр үйл явц эцэг эхчүүдийн амьдрал амьжиргаа, цэцэрлэгийн багш нарын ажил ачаалалд ямар нөлөө тусгах вэ? - 3 настай цэцэрлэгт авна гэдэг 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэсэн үг биш. 1-2 настай хүүхдүүдээ ясли анги нээгээд авья л гэсэн санаа. Ясли анги нээх бэлтгэл ажил явагдаж байна. Энэ хүмүүсийн яриад байгаа шиг нэг их санаа зовоох асуудал биш. Ангиллын хувьд 1-2 насныхан ясли ангид явна, 3-6 насныхан цэцэрлэгийн ангидаа явна аа л гэж ойлгох хэрэгтэй. Манай аймгийн тухайд хувийн цэцэрлэгүүд хангалттай олон бий. Эдгээр цэцэрлэгүүд ясли анги нээж ажиллуулах саналаа ирүүлж байгаа. Эд маань өмнө нь ясли анги авч байсан туршлагатай, дадаад сурчихсан ажил нь. Бид хамтарч ажиллаад явна. Улсын цэцэрлэгүүдэд ясли анги нээх бэлтгэл ажил одоо хийгдэж байна. Энд ямар нэг хүндрэл гарахгүй. Эцэг эхчүүд санаа зовохгүй байж болно. Хүүхдүүдээ бүртгээд авдагаараа авна. Гол нь 2 настай хүүхэд ясли ангидаа л орно гэсэн үг. Цэцэрлэгийн багш нар хоёр ээлжлээр ажиллана гэдэг нь манай хотын хувьд маш том асуудлуудыг шийдэж байгаа. Эрдэнэт бол үйлдвэр дагасан, үйлдвэрт ажилладаг эцэг, эхчүүд олонтой хот. Үйлдвэрийн ажилчид 7 цагт гэрээсээ гарч, 7.20 гээд автобусандаа суудаг. Ингээд явахдаа хүүхдүүдээ орхиод гардаг. Ах, эгчтэй хүүхдийг бол дүүгээ босгоод цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй гээд л үлдээдэг. Гэтэл бас бие даах хэмжээний ах, эгчгүй цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүмүүс ч цөөнгүй байгаа. Мэдээж бага насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч чадаагүй эцэг, эхийн сэтгэл түвшин байхгүй. Санаа зовно, боломж гарах бүрт утсаар залгана. Одоо харин цэцэрлэг 7 цагаас хүүхдээ хүлээн авах учраас ажилдаа гарахдаа хүүхдээ хөтлөөд гарна. Автобусанд суухаасаа өмнө цэцэрлэгт хүүхдээ хүргээд өгчихнө. Бусад ажил эрхэлдэг эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ эртхэн хүргэж өгөөд ажлаасаа хоцрохгүй байх боломжтой болчихно. Өглөө нэг ийм. Орой яадаг билээ дээ. 16, 17 цаг гээд эцэг, эхчүүд рүү хүүхдээ аваарай, хүүхдээ аваарай гээд утасдаад эхэлдэг. Гэтэл ажил нь 18 цагт тарна. Ажлаа зайчилж санд мэнд гүйж ирээд хүүхдээ хөтлөөд яаран сандран буцаад ажил руугаа очдог. Хүүхдээ авах гэж ажлын бүтээмж, цагаа алдахаас гадна ажлын цаг дуусан дуустал хүүхэдтэйгээ ажил дээрээ байна. Хүүхэд, эцэг, эхийн аль алиных нь сэтгэлзүйн хувьд тавгүй. Чамгүй хүндрэл учирдаг биз дээ. Одоо харин цэцэрлэг 19 цагт тарна. Ажлаа тараад аажуу уужуу хүүхдээ аваад харих боломжтой болчихлоо. Магадгүй хүний амьдрал л юм чинь дэлгүүр хоршоогоор орох, хувийн ажлаа амжуулах шаардлагатай бол тэр бүгдийгээ санаа амар амжуулаад хүүхдээ авч болно. Цэцэрлэг 12 цагаар ажиллаж боломжтой боллоо гэсэн үг. Энэ бол эцэг, эхчүүдэд үзүүлж байгаа томоохон дэмжлэг юм. Эцэг, эх талаасаа ийм давуу талтай байхад нөгөө талдаа цэцэрлэгийн багшийн ажлын ачаалал эрс буурна. Цэцэрлэг багш ямагт илүү цагаар ажиллаж, ажлын ачаалал өндөр авдаг. Бод доо, ажил дээрээ 10-12 цаг байж, чимээ шуугиантай нөхцөлд байнга анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс цэцэрлэгийн багшаас өөр байхгүй шүү дээ. Гэр орондоо гаргах ямар ч цаг зав байдаггүй. Өөрсдөө гэр оронгүй, үр хүүхэдгүй юм шиг явдаг. Одоо нэгдүгээр ээлжийн багш 7-15 цагийн хооронд ажиллана. 15 цаг хүртэл ажиллахдаа хүүхдүүдтэйгээ 6 цаг буюу 13 цаг хүртэл ажиллана. Тэгээд үлдсэн хоёр цагтаа дараагийн хичээлийн бэлтгэлээ хийнэ. Хоёрдугаар ээлжийн багш 11 цагт ажил дээрээ ирж, 13 цаг хүртэл хичээлийн бэлтгэлээ хангана. Тэгээд 13 цагаас ээлжээ хүлээж аваад 19 цаг хүртэл 6 цаг л ажиллана. Ингэснээр цэцэрлэгийн багш нар маань ар гэртээ гаргах цаг завтай, амьдрал ахуйгаа бодох боломжтой болно. Цалин хөлсний хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй. Энэ бүхий л хөгжингүй улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөдөлмөрийн хуваарь л даа. Манай улсын тухайд анх удаа Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхлэхээр болж байна. Эрх барьж байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрт боловсролын чиглэлээр заасан томоохон зорилтын нэг энэ. Энэ зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 12-р сараас эхлээд судалгаан дээр ажилласан. Гарах үр ашиг, хийгдэх өөрчлөлт, ажлаа судалж тооцоод аймгийн Засаг даргад 1-р сард танилцуулсан. Аймгийн Засаг дарга, ер нь аймгийн удирдлагууд нэлээд сайн ойлголттой байсан. Тиймээс ч маш нааштай хүлээн авч дэмжсэн байгаа. Ингээд сая Монгол улсын Ерөнхий сайд Орхон аймаг-Эрдэнэт хотод айлчлах үеэр энэ асуудал шийдэгдлээ. Энэ ажил улс орны хэмжээнд жишиг болох, анхдагч гэдгээрээ онцлогтой, ач холбогдолтой байгаа. - Цаг үеийн асуудлаар ярилцаж, тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.                                                                                   ЯРИЛЦСАН: Л.БОЛД-ЭРДЭНЭ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Монгол улсын Гавьяат хуульч Сандагийн Цэгмэдийг Орхон аймгийн  ХҮНДЭТ ИРГЭН-ээр шалгарууллаа
ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
“Дижитал хот” зөвлөгөөн боллоо
Долоодугаар хорооллын төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа
Их залуу багт дахин төлөвлөлтөөр барилгажуулна
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Орхон аймгийн 2024 оны төсвийн тодотголыг баталлаа
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив