Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн эмч нар төвийнхөө түүхэн дэх анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, эмч нар элэгний 6, 7 дугаар сегмент тайрах мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд үйлчлүүлэгчийн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тус төв 2026 оны хоёрдугаар сарын 13-наас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих 192 нэр төрлийн оношилгоо, эмчилгээний багц үйлчилгээг бүс нутагтаа авах боломж бүрджээ. Одоогийн байдлаар тус төв хавдрын 17 төрлийн оношилгоо, эмчилгээний багц үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид энэ тоог 43 багц болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг 16 орчим хувиар бууруулах боломжтой аж.
Ингэснээр Орхон, Булган, Хөвсгөл аймаг болон ойролцоох бүс нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр орон нутагтаа нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт Медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Энэ нь хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, бүс нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилготой шийдвэр байв.




































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.