Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон холбогдох төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар холбогдох эх сурвалжууд зарим бодит мэдээллийг өгсөн юм. Тухайлбал,
Зам засвар, бүтээн байгуулалтын удааширсан шалтгаан...
Эрдэнэт хотын хэмжээнд 2025 оны хавар, зуны бүтээн байгуулалтын хүрээнд авто замуудыг өргөтгөх, шинэчлэх, засварлах томоохон ажлууд 10 гаруй байршилд зэрэг эхэлсэн ч ажил удааширч, иргэд бухимдалтай байна. Төр, хувийн хэвшил, иргэд гурван талт ойлголцолгүй байдал үүссэн гол шалтгаан нь замын бүтээн байгуулалтын гол түүхий эд болох "хайрга, дайрганы нийлүүлэлт" доголдсноор бүтээн байгуулалт гацжээ.
Хайрга нийлүүлэлт гацаж, гүйцэтгэгчид зогсжээ
Зам барилгын ажилд зайлшгүй шаардлагатай *хайрга, дайргыг* нийлүүлэх карьерын компаниуд шаардлага хангасан материал нийлүүлэхээс татгалзсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тухайлбал, **Дэлт хошууны карьер** шаардлага хангахгүй, шаварлаг хөрс нийлүүлж байгаа нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд гүйцэтгэгч компаниуд "чанарын шаардлага хангахгүй учраас авалгүй хойшлуулж байна" гэж мэдэгдсэн. Үүнийг шийдвэрлэхээр Орхон аймгийн удирдлагууд ЗТЯ, Эрдэс баялгийн яамтай хамтран **Булган аймгийн карьеруудаас нөөц бүрдүүлэхээр** удаа дараа хүсэлт гаргасан ч хариу удааширч, олон компанийн ажил ийнхүү гацжээ.
Иргэдийн төлөөлөл: “Харилцан ойлголцолгүйгээр зам урагшлахгүй. Карьер, хайрганы хомсдол, төлөвлөлтийн алдаа, хариуцлагагүй гүйцэтгэгчид гурвалсан саад болж байна.”
Гүйцэтгэгчдийн тайлбар: Ажиллах нөхцөл бүрдээгүй
Зарим компанийн төлөөлөл "ажиллах техник, хүний нөөц бэлэн ч шөнө ажиллах нөхцөл бүрдээгүй, замыг бүрэн хаах эрхгүй учраас ажлын аюулгүй байдал алдагдаж байна" хэмээн тайлбарлав. Мөн инженерийн шугам сүлжээний байршил, трассын мэдээлэл дутмаг, газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс зарим ажил түр саатжээ.
Иргэдийн бухимдал нэмэгдэж байна
Зам хаагдсан, эсвэл хаагдаагүй ч ажил явагдаж харагдахгүй байгаа нөхцөлд иргэдийн тэвчээр алдагдаж, бухимдал улам гүнзгийрч байна. Хотын төв зам дагуух ажил, сургууль цэцэрлэгийн ойролцоох бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хомс, **дуусах хугацаа тодорхой бус** байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Албаны тайлбар: Хяналт, хариуцлага нэмэгдүүлнэ
Аймгийн ЗДТГ, Барилга захиалагчийн алба, Хотын захирагчийн алба хамтран 7 хоног бүрийн шуурхай хуралдаанаар гүйцэтгэлийн явцыг нээлттэй тайлагнаж, **гэрээ биелүүлээгүй компаниудад** хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. Мөн иргэдэд чиглэсэн мэдээллийг тогтмол хүргэх, **зам засварын төлөвлөгөө болон хуваарийг ил тод** байлгах үүргийг гүйцэтгэгчид болон хяналтын албад хүлээжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.