Ц.БАТХУЯГ: ЭРДЭНЭТИЙН АРДЧИЛАГЧИД ҮРГЭЛЖ МАНЛАЙЛАГЧ БАЙЖ ИРЛЭЭ
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж ардчилал, шударга ёс, хүний эрх эрх чөлөөг дээдэлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон намын тогтолцоотой болсныг тунхаглан зарласнаас хойш эдүгээ 31 жил өнгөрчээ. Харин энэ түүхэн үйл явдалд Эрдэнэт хотын зоригт хөвгүүд онцлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тэр ч утгаараа Эрдэнэт бол “Ардчиллын өлгий” хот юм.
Энэ удаагийн “Ярилцах цаг” булангаараа Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуягтай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. Ардчилсан хувьсгалын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Баярлалаа. Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн нь 20 дугаар зууны Монголын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал болсон юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал бол Монгол улс социалист системээс татгалзан, ардчиллыг сонгож, зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг нийгмийг байгуулахыг зорьсон юм. 1990 оноос өмнөх 70 жилд бүх зүйл хаалттай, гадаад улсаас төрийн тэргүүн нь томилогддог, бүрэн тусгаар улс гэхэд хэцүү байлаа. Мэдээж энэ 70 жилийн түүхэнд алдаа ч бий, оноо ч бий. Гэхдээ нийт Монголчууд эрх чөлөөг хүсэмжилсэн. Үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэн нэгнээр явах, суухаа заалгадаггүй, амьдрах газраа сонгодог, чөлөөтэй зорчих эрхтэй, дуртай үедээ аялдаг, хувийн өмчтэй байхыг хүссэн.
Намайг хүүхэд байхад багш маань “Коммунизм байгуулагдахад бүх зүйл үнэгүй болно. Бараг ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүссэн хэрэгцээгээ хангах боломжтой” гэдэг байсан. Хүүхэд байсан болохоор ойлгодог ч үгүй байж. Одоо харахад хэзээ ч үл биелэх, боломжгүй зүйл ярьж, тархи угааж байжээ гэж бодогддог. Иймэрхүү үзэл суртал, тархи угаалт ард түмнийг мунхруулдаг. Харин үүнийг ойлгож, эргэлзэж, “Бид буруу тийшээ яваад байна” гэдгийг хэсэг манлайлагчид олж харсан учраас Ардчилсан хувьсгал эрчээ авч, өрнөсөн.
-Нийгмийн захиалга байсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Нийгэм нийтээр хүлээн зөвшөөрч байсан учраас цусгүй хувьсгал гэж ойлгодог. Эрх чөлөөг хүсэж, шинэ нийгэм рүү тэмүүлэн, тухайн нийгмийнхээ болохгүй бүтэхгүй зүйлсийг зоригтойгоор шүүмжилж, хувьсгал эхлүүлж, манлайлж оролцсон хүмүүс бол яах аргагүй манай ардчиллын ахмадууд. Ардчилсан хувьсгалын 31, Ардчилсан нам байгуулагдсаны 30 жил тохиож буй энэ цаг үед ахмадуудаа дурсан санаж, баяр, талархал илэрхийлэх ёстой.
Түүнчлэн, Ардчилсан хувьсгалын түүхэнд Эрдэнэтийн ардчилал голлох байр суурь эзэлдэг. 1989 оны 12 дугаар сарын 3-нд “Уурхайчин соёлын ордон”-ны өмнөх “Найрамдал” талбайд анхны тайван жагсаал болсон байдаг. Ер нь тухайн үеийнхээ засаг төрийн эсрэг тэмцэж жагсана гэдэг нэлээн зориг зүрхтэй хүмүүсийн хийх ажил. Ардчиллын суурийг тавьсан Эрдэнэтийн партизанууддаа талархал дэвшүүлье.
-Ардчилсан хувьсгал Эрдэнэт хотоос эхлэлтэй гэж ойлгож болох уу?
-Бололгүй яахав. “Ардчилсан хувьсгалын анхны жагсаал Эрдэнэт хотод болсон” гэдэг түүхэнд тэмдэглэгдсэн. Үүнийг Эрдэнэтийн Ардчилсан нам, МоАХ-ныхон байнга сануулж, залуу үедээ сурталчлан таниулж байх үүрэгтэй.
-Ардчилсан нам байгуулагдах шалтгаан, нөхцөл юу байсан юм бол?
-МоАХ тухайн үед олон нийтийг социолизмоос татгалзаж, Ардчилалд хөтлөхөд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин Ардчилсан Монгол улсыг цогцлоож, ардчилсан орнуудын жишгээр хөгжих зайлшгүй шаардлага тулгарсан учраас нэг намын тогтолцоог халж, иргэд олон түмнийг төрийн хэрэгт оролцуулах, чөлөөтэй сонгох, сонгогдох эрхээр хангах үүднээс 1990 онд Монголын Ардчилсан нам байгуулагдсан. Улмаар өнөөгийн олон намын систем бий болсон юм.
-Монгол Ардчилсан улс болсноор өнөөдрийн бидний дагаж мөрддөг үндсэн хууль бий болсон гэж ойлгодог?
-Тийм ээ. Өнөөгийн шинэ Үндсэн хууль 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн БНМАУ-ын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байдаг. Тэр үед аймаг, сум бүрээс нийт Ардын их хурлын 430 төлөөлөл сонгогдож, ардчилсан үндсэн хуулиа хамтдаа баталж байсан түүх бий. Харин 2000 онд одоогийн МАН тухайн үеийн МАХН өөрсдийн эрх ашгийн үүднээс үндсэн хуулинд дордуулсан долоон заалт гэгчийг оруулсан байдаг.
Ер нь Ардчилсан Монгол улс цогцлоох замд коммунистууд саад хийж, эсэргүүцэн, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, тархи угаах, мушгин гуйвуулах, үзэл суртлаа тулгах үйл ажиллагааг байнга явуулсаар ирсэн байдаг. Одоо ч үргэлжилсээр байна.
-Ардчилал төгс сонголт мөн үү?
-Монголын ардчилал яагаад амжилтад хүрэхгүй байна гэж зарим хүмүүс асуудаг. Монголын ардчилал хүнээр бол өнөөдөр 30 настай идэр залуу. Хүн 30 нас хүртлээ алдаж онож, сурч боловсорч олон зүйлийг давдагтай адил Монголын ардчилал ч дардан замаар яваагүй юм. “Ардчилал бол төгс нийгэм биш. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг нь олоогүй юм” гэж У.Черчилль хэлсэн байдаг. Түүн шиг Ардчилалд сайн зүйл ч бий, дагалдах сул тал ч бас бий.
-Ардчилалд сул тал ч бий гэлээ. Тодруулбал?
-Ардчилсан нийгэмд шилжлээ гээд бүх зүйл өргөс авсан юм шиг болно гэж ойлгож болохгүй. Ардчилал гэдэг бол тасралтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд бүрэн төлөвштөл цаг хугацаа хэрэгтэй. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрх нь нээгдсэн Ардчилсан улсад ардчиллыг гутаан доромжлох, үгүйсгэх, иргэдийн тархийг угаах, суртал ухуулга явуулах, тоглолт хийх нь бас л нээлттэй. Үүнийг ардчиллын сул тал гэж харж болох юм. Гэхдээ дараагийн гучин жилд алдаа дутагдлаа арилгаж, илүү боловсорсон ардчилал бий болох нь дамжиггүй.
-Залуу үед ардчиллын талаарх ойлголт сул юм шиг санагддаг?
-Одооны залуус Ардчиллын тухай ойлголт дутмаг байгаа нь үнэн. Магадгүй энэ их мэдээлэл дунд суртал ухуулга, тархи угаалтад хэтэрхий автаж байж болох юм. Бид цаашид Ардчиллын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулахад системтэй анхаарах ёстой. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөө гэж юу юм бэ? гэдгийг хүүхдүүдэд багаас нь бодлоготойгоор ойлгуулж, таниулах нь чухал. Дунд сургуулийн хичээлийн программд оруулах ёстой гэж боддог. Тэгсэн цагт хэн нэгний тархи угаалтад автах биш өөрийнхөө үзэл бодлоор аливаад ханддаг болох юм.
-Эрдэнэтийн Ардчилсан нам 30 түүхэнд ямар замыг туулсан байдаг вэ?
-Эрдэнэтийн Ардчилсан нам 30 жилийн хугацаанд 2 удаа буюу 1996-2000, 2012-2016 онд, нийт 8 жил орон нутгийн засгийн эрх барьсан байдаг. Үлдсэн хугацаанд нь коммунист чиг баримжаатай, ардчиллын талаар сөрөг бодлоготой нам засгийн эрх барьжээ. Тэд өөрсдийн гаргасан 22 жилийн алдаагаа Ардчилсан нам руу чихэж, харлуулахыг оролдон, зогсоо зайгүй тархи угаалт явуулдаг.
Эрдэнэтийн Ардчилсан нам 1996 онд засгийн эрх авахдаа зургаахан настай хүүхэд байж. Алдаа оноотой ч боломжийн ажилласан. Харин 2012-2016 онд “Дөрвөн жилийн хугацаанд маш олон бүтээн байгуулалтын ажил хийж болдог” гэдгийг харуулсан. Тухайлбал, 2 машин зөрдөггүй байсан хороолол дундах автозамын өргөтгөл, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, орон сууц, хүүхдийн цэцэрлэг, байрны хаалга, гэр хорооллын гэрэлтүүлэг, инженерийн шугам гэх мэтийн асар их ажлыг богино хугацаанд хийж чадсан. Өмнө нь ийм дорвитой, далайцтай ажил хийгдэж байгаагүй.
-Тэгвэл өнөөдөр Эрдэнэтийн Ардчилсан нам ямар төвшинд байгаа вэ?
-Эрдэнэтийн Ардчилсан нам шинэчлэгдэж, бодлогын нам болох зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, бид сонгуульд орохдоо амьдралд ойр хэрэгжих боломжтой бэлэн хөтөлбөр төлөвлөгөөтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялалт байгуулахад боловсруулсан бодлого, төлөвлөгөө шууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно.
Өмнө нь бид өнөөдөр шиг өдөр тутмын үйл ажиллагаатай байгаагүй. Мэдээж өмнөх түүхүүд маань туршлага болж, жил ирэх тусам туршлагажиж, ололт амжилтаа авч үлдэн, алдаа дутагдлаа гээж явна. 2016 оноос хойш Ардчилсан нам шинэчлэгдэж гишүүд, үүрүүд рүү сайн ажиллах болсон. Мөн үзэл баримтлалаа шинэчилж, бүх гишүүдээрээ хэлэлцээд “Баруун төвийн үзэл баримтлалтай нам болно” гэдгээ зарласан. Үзэл баримтлалаа гишүүддээ таниулах ажлыг үе шаттайгаар хийлээ.
Түүнчлэн, Эрдэнэтийн Ардчилсан нам төв намаас зохион байгуулдаг ажлуудад дандаа манлайлагч байж ирлээ. Цаашид энэ эрчээ алдахгүй ажиллах болно. Мэдээж ийм хэмжээнд ирэхэд намын өдөр тутмын ажлыг явуулдаг ХЭГ-ийн бүрэлдэхүүн, хоёр сумын намын хороо, МоАХ, ААХ, АЭХ, АЗХ, АОХ зэрэг салбар байгууллагын хамт олон, журмын нөхдийн хөдөлмөр зүтгэл шингэсэн юм.
-Намын онцлох гавьяатнуудын талаар дурдвал...?
-Эрдэнэтийн Ардчилсан нам өнөөдрийн байр сууринд хүрч ирэхэд үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид гээд олон гавьяатан бий. Хэн нэгнийг нь онцолбол бусад нь гомдох байх. Гэхдээ Эрдэнэтийн намын даргаар ажиллаж байсан, талийгаач Г.Зоригт даргыгаа онцлох нь зүйтэй. Тэрээр Эрдэнэтийн Ардчиллын ордонг барьж босгоход бүхий л хүч чадал, нөөц боломжоо ашиглаж, сэтгэл зүрхээрээ зүтгэсэн. Өөрөө ч ноён нуруутай, алсын хараатай, зөв удирдагч байсан. Эрдэнэтийн ардчиллыг шинэ төвшинд авчирч, тасралтгүй үйл ажиллагаа явуулах гишүүд, дэмжигчид цуглах, чуулах ордонтой болгож, өнөөдрийн бүх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ дашрамд Г.Зоригт даргынхаа гэр бүлд талархал илэрхийлье.
-Учир мэдэх залуус ардчиллыг сонгох болжээ. Ардчилал залуусын сонголт мөн үү?
-Яах аргагүй Ардчилал залуусын сонголт мөн. Манай нам цаасан дээр 8600 гаруй гишүүнтэй. Харин албан бус маш олон залуу дэмжигчидтэй. Ардчилсан нам залуучуудыг нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжоор нь хангах тал дээр онцгой анхаарч ажилладаг. Тухайлбал, намаас залуучууд руу чиглэсэн сургалт, лекц, хэлэлцүүлэг, урлаг, спортын болон ур чадвараа нээх, хөгжих олон талт ажлууд зохион байгуулж байна. Намаар дамжин үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах, хөгжих, боловсрох сонирхолтой залуусаар бид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр...
-Зарим нь нам хэрэггүй, намууд адилхан гэх юм. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн үед ийм хандлага гарах болсонд харамсаж байна. Цаашдаа бусад орны жишгээр хөгжинө гэвэл намгүй төртэй байна гэдэг боломжгүй зүйл. Магадгүй хаант эсвэл мафийн засаглалтай байж болох байх. Гэтэл ийм нийгмийг хэн хүсэх юм бэ? Харин иргэд намаа төлөвшихөд нь ташуур өгч, эрх баригчид нь улсаа удирдсан шиг удирдах хэрэгтэй. Цаашид улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, санхүүжилт нь ил тод, нээлттэй, хариуцлагатай байх тал дээр анхаарах шаардлагатай.
-Эрдэнэт бусад аймгаас онцлогтой санагддаг?
-Би Эрдэнэт хотод 1987 онд анх ирсэн. Эрдэнэтэд 33 дахь жилдээ амьдарч байна. Эрдэнэт бол газар газрын шилдэг залуусын цуглаж босгосон, уурхай дагасан хот. Үүгээрээ ч бусад аймгуудаас ялгагддаг. Хүсэл мөрөөдөл, хийж бүтээх эрч хүчээр цэнэглэгдсэн, зориг зүрхтэй, мэдрэмжтэй, сайн сайханд тэмүүлсэн залуусын нэгдэл учраас Эрдэнэтийг Монголын Америк гэх нь ч бий. Тэр ч утгаараа Эрдэнэт үйлдвэрийн залуус Ардчилсан хувьсгалын суурийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, 1989 оны жагсаалд Эрдэнэт үйлдвэрийн залуус манлайлж оролцсон байдаг. Мөн 1994 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ажиллах орчин нөхөцлөө сайжруулах, цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зохион байгуулсан. Дэлхийн адил төсөөтэй үйлдвэрүүдийн ажилчдын цалинтай дүйцүүлж, цалингаа 12 дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан байдаг. Тэмцэл үр дүнгээ өгч, тохиролцоонд хүрэн, тухайн үеийн цалингаа 4 дахин нэмэгдүүлж чадсан юм. Үүний үр дүнд одоогийн ажиллагсдын цалингийн суурь тавигдсан гэж хэлж болно.
Энэ ташрамд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа уурхайчиддаа болон нийт Эрдэнэтчүүддээ, гишүүд дэмжигчид журмын нөхдөдөө амжилт хүсье.
-Баярлалаа танд амжилт хүсье.
С.ОЮУНДАРЬ
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.