Б.ГАНХУЯГ: ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ ХҮН БҮРИЙН САНХҮҮГИЙН БАТАЛГАА, НЭРИЙН ХУУДАС НЬ БАЙХ БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
Б.ГАНХУЯГ: ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ ХҮН БҮРИЙН САНХҮҮГИЙН БАТАЛГАА, НЭРИЙН ХУУДАС НЬ БАЙХ БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
 Улсын төсвийн зургаан хувийг дангаараа бүрдүүлэгч, монголын бүх ард түмэн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг 62 дахь дугаарынхаа зочны ярилцлагын хойморт урилаа. Тэрээр Тавантолгой төсөл дээр 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийг гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болгож, 2018 онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллуулсан “Сайн мэдээ”-гээр биднийг угтсан. Энэ нь ТУЗ-аас баталсан бүхий л төлөвлөгөөг 2,4 дахин давуулан биелүүлсэн үзүүлэлт  байв. Ийнхүү төрийн менежерийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй түүнтэй бид завгүй өдрүүдэд нь цаг гарган уулзаж, ярилцсан юм. Юуны өмнө манай редакцийн урилгыг хүлээн авч, ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Таны намтраас үзвэл Монголын томоохон уул уурхайн төслийг эхлүүлж, бүх шатны ажлыг нь хийж байсан цаашлаад, компанийн гүйцэтгэх захирал нь болтлоо дэвшсэн байна. Ингэхэд уул уурхайтай хэрхэн яаж холбогдсон юм бэ? – Ашигт малтмалын тухай хуулийн дагуу анх 2007 онд стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийг байгуулж байсан. Анх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлж байсны нэг нь болсноороо энэ компанидаа анхдагч нь юмуу даа. Үүнээс хойш Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Шивээ овоо, Багануур, Цагаан суварга, Нарийн сухайт зэрэг томоохон орд газруудад төрийн менежмент хийх, төрийн оролцоог хангаж, үр ашигтай байлгах, эдийн засгийн эргэлтэд оруулан, байгалийн баялгаас олох орлогоос төрд, иргэдэд хувь хишиг хүртээх чиглэлд ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж ирсэн. Анх мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаас ажлын гараагаа эхэлж, дараа нь дэд захирал, тэргүүн дэд захирал болон дэвшиж, 2018 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл нүүрс, төмөр зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордтой холбоотой асуудлыг хариуцаж ирсэн. Тэр цагаас хойш Тавантолгой ордын хөгжлийн стратегийг шинээр төлөвлөх ажлыг хариуцаж, ордын лицензийг шилжүүлэн авахаас эхлүүлээд ТЭЗҮ-ийг боловсруулах, олборлолтыг эхлүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн төслүүдийг боловсруулах, батлах, хөрөнгө оруулалт татах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд IPO гаргах зэрэг ажлыг үр дүнд хүргэхээр баг хамт олноороо зүтгэж байна даа. – Ажилчид бол компанийн амин сүнс шүү дээ. Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ? -Ямар ч ажлыг хүн л хийдэг. Миний баримталдаг гол зарчим бол сайн хамт олон бүрдүүлж, ажиллах урам зоригоор дүүрэн байлгахад чиглэгдсээр ирсэн. Ингэж чадвал тухайн хамт олон ажилдаа дуртай болж, бүтээмж, үр дүнгийн төлөө өөриймсгөөр зүтгэж чаддаг. Үүнээсээ ч урам авч, гэрэлтэж явдаг. Аль ч цагт нэгэн зорилгын төлөө явсан хамт олноо орхихгүй, зовлон жаргалыг хамтдаа туулах эх үндэс нь энэ байдаг болов уу. Үүний тод илэрхийлэл бол 2018 оны ажлын амжилт, үр дүнгээр “Bloomberg Awards-2018”-ийн “Шилдэг менежмент”-тэй хамт олон гэсэн нэр хүндтэй шагналыг хүртсэн. Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлын гэрч, үнэн бодит мэдээллийн толь болсон энэ байгууллагын нэр хүндтэй том шагналын эзэн болсон нь манай хамт олон, уурхайчдын цаг наргүй зүтгэсэн зүтгэлийг бодитоор үнэлсэн үнэлгээ төдийгүй компанийн үнэ цэнийг өсгөсөн үйл явдал гэж ойлгож байгаа. Мөн компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээ байнга ахиулж ирлээ. МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 компанийн хоёрдугаарт хоёр дахь жилдээ бичигдлээ. Хэд хэдэн үзүүлэлтээр улсдаа тэргүүнд бичигдсэн. Энэ бүхнээс дүгнэхэд төр муу менежер биш юм гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажил харуулж чадсан гэж бодож байгаа. -Таны хувьд Тавантолгой төслийн удирдагч байсан. Төслийн үр өгөөжийг хэрхэн хардаг вэ. Таны төсөөлсөн ирээдүйн “Эрдэнэс-Тавантолгой” ямар байх бол? – Тавантолгой төслийг Монголчуудын өмч хэвээрээ байгаасай, иргэн бүр жил бүр байгалийн баялгаас олсон ашгаас хувь хүртэж байгаасай, дэлхийн бусад уул уурхайн компаниудтай өрсөлдөхүйц санхүүгийн чадамжтай компани болоосой гэсэн мөрөөдөл, зорилготойгоор ажлаа хийж, өнөөдөртэй золгосон. Энэ зорилт маань эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай явдаг. Нэгдүгээрт, Тавантолгойн орд төрийн мэдэлд байна, тэр тусмаа иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг компани болж чадсан. Одоо үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Хоёрт, компани гадаад, дотоодод маш их хэмжээний өр төлбөртэй байсныг дарж дуусгасан. Нийтдээ 550 сая ам.долларын өр төлбөрийн сүүлийн хэсгийг 2018 оны 10 дугаар сард барагдуулснаар төлж дууссан гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй 2018 онд гэхэд л 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллачихлаа. Энэ нь санхүүгийн хувьд бүрэн чадамжтай болсноо хөдлөлтгүйгээр харуулсан. Бизнес эрхэлдэг ямар ч хүн одоо манай компанийн хувьцааг сонирхож байгаа. Тавантолгой бол бидний төлөвлөснөөр 200, 300 жилийн настай, урт хугацаанд амжилттай хэрэгжих том төсөл. Гараа зөв бол бариа зөв гэдэг шиг гарааг нь өнөөдрийн явж байгаа үйл явцтай нийцүүлээд зөв тавиад өгчихвөл төсөл маань цаашдаа ч амжилттай хэрэгжих суурь нөхцөл нь бүрдэж, гаргасан амжилтаа ахиулсаар байх болно. Тиймээс төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө чадах бүх зүйлээ зориулна. Төсөл амжилттай хэрэгжээд, амжилтыг бий болгоход гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг нь Ганхуяг байсан юм шүү гэж үнэлэгдэж чадвал миний ирээдүй, мөрөөдөл биеллээ гэсэн үг. -“Эрдэнэс-Тавантолгой”-н хувь заяа монголын ард түмний амьдралын баталгаа гэж хэлэхэд буруудахгүй. Цаашид хэрхэх, юу хийх нь байнгын хүлээлт үүсгэдэг компани шүү дээ. Төлөвлөсөн, зорьсон ажлуудаасаа хуваалцаач? –“Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 35 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа. Одоо жилд 15 сая нүүрс олборлож буй бөгөөд цаашид 35 сая тонн болгож, ТЭЗҮ-гийн бүрэн хүчин чадалд нь хүргэхээр төлөвлөөд байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлсэн. Олон улсын зөвлөхүүдтэй хамтран хөрөнгийн зах зээлд гарах төлөвлөгөө, бэлтгэл ажлыг чамгүй хэмжээнд хангалаа. Бидэнд шаардлагатай төслүүдэд зарцуулах хөрөнгө хэрэгтэй байна. Эхлээд Тавантолгой- Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, усан хангамжийн систем, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, шинэ хот, нүүрс, химийн үйлдвэр байгуулах ажлуудад болон бусад дагалдах төслүүдийн анхны болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг 2023 он хүртэлх хугацаанд үе шаттайгаар санхүүжүүлэхээр ажиллаж байна. Дээрх төслүүдийн ТЭЗҮ-үүд боловсруулагдаад бэлэн болсон, одоо зөвлөхүүдтэй хамтран сайжруулах, мөнгөн урсгалыг нарийвчлан тооцоолох, ялангуяа гарч болзошгүй бүхий л эрсдлүүдийг гаргаж, алдаа гаргахгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. –Үр өгөөжийн хувьд Монголын ард түмэнд, 1072 хувьцаа эзэмшигчдэд үр өгөөжөө өгдөг компани байгаасай гэсэн горьдлого найдвар хүмүүст байдаг. Өнгөрсөн оны ашгаасаа ногдол ашиг өгнө гэсэн хүлээлт ч бас нэлээд байсан байх. Гэвч ногдол ашиг өгөхгүй гэсэн шийдвэрийг танай компанийн ТУЗ гаргасан гэж ойлгож байгаа. -Компани 2018 онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ямар ч компанийн эцсийн зорилго бол ашигтай ажиллах, энэ ч үүргээ манай компани 2017, 2018 онд амжилттай давуулан биелүүлсэн. Компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах эсхүл шаардлагатай төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, орлогоо нэмэгдүүлэх гэсэн шийдвэрийг гаргадаг. Энэ хүрээнд компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ногдол ашиг олгох санхүүгийн суурь нөхцөл боломж бүрдсэнийг нийтэд мэдээлж, холбогдох тооцоо, саналыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Ногдол ашиг олгох эцсийн шийдвэрийг гаргах бүрэн эрх компанийн хуулийн дагуу ТУЗ-д хадгалагдаж байдгийн хувьд ТУЗ-өөс томоохон дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдээ буюу төмөр замын төслөө санхүүжүүлэх тухай шийдвэрийг гаргаж, Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан. Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийхэд, бас 1072 хувьцааг дотоод хөрөнгийн биржид гарахад хувьцааны үнэ унах эрсдлийг багасгахаас эхлээд олон талын ач холбогдлыг бодож, мөн иргэдэд байгалийн баялгийн үр шимийг хүртээхийн тулд ногдол ашиг өгөх нь зөв гэдэг дээр компани ч, гол хувьцаа эзэмшигч Засгийн газар ч ижил байр суурьтай байгаа. Нийгэмд ногдол ашиг хуваарилахтай холбоотой олон талын байр суурь бүхий маргаанууд явж байсныг санаж байгаа байх. Хоёрын хооронд бага мөнгийг бэлнээр тараагаад хэрэггүй, хөрөнгө оруулалтандаа зарцуулах учиртай гэсэн хэсэг байхад бага ч хамаагүй авах ёстой гэсэн хэсэг ч байсан. Аль ч тохиолдолд хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй, хөрөнгө оруулалт хийгдсэнээр дараа дараагийн жилд ногдох ашиг нь нэмэгдэж байх ёстой гэдэг байр суурин дээр миний хувьд одоо ч хатуу зогссон хэвээр байгаа. Үнэндээ бол Монголын хувьд иргэн бүр нь хувьцааг нь эзэмшдэг компаниас ногдол ашиг олгох, эсэх асуудал анх удаа тохиолдож байгаа үзэгдэл. Алдаатай, эрсдэлтэй зүйл гарах байсныг үгүйсгэхгүй ээ, гэхдээ ашигтай ажилласан л бол ногдол ашиг олгох нь бизнесийн харилцаа талдаа ч, хувьцаа эзэмшигчдийн итгэлцлийг бий болгох талдаа ч хамгийн зөв шийдэл байх ёстой. 2018 оны хуримтлагдсан ашгаар дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр ТУЗ-өөс шийдвэрлэсэн. Энэ нь Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замыг эхний ээлжинд санхүүжүүлж, төсөл хэрэгжсэнээр нүүрсний экспортын олон гарцтай болох, гол нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Бусад төслүүд болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөо зам, автозамууд, усан хангамжийн төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн анхны хөрөнгө оруулалтууд хийгдснээр үнэ цэнэ өсөж, орлого 2-3 дахин нэмэгдэж, зардал буурч, тэр хэмжээгээр ашгийн хэмжээ өсөж, төрд ч, иргэдэд ч жилд очих ногдол ашиг 20-30 мянган төгрөгөөр тогтохгүй нэмэгдэх нь тодорхой. -Иргэдийн дунд 1072 хувьцааныхаа дансыг нээлгэсэн, нээлгээгүй байгаа, ашигтай, ашиггүй гэсэн зүйлүүд их яригдаж байна. Энэ талаар. -Иргэн бүр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн л юм бол 1072 хувьцааныхаа дансыг заавал нээлгэх ёстой. Дансаа нээлгэхдээ брокер дилерийн мэргэжлийн компаниудаар дамжуулан нээлгэдэг. Зарим хүмүүс 5.000 төгрөг өгч нээлгэсэндээ харамсаад байх шиг байна. Ер нь өөрийнхөө эзэмшдэг хувьцааныхаа, өөрөө насан туршдаа эзэмших дансаа өөртөө зориулж нээлгэчихээд түүндээ харамсана гэдэг бол байж боломгүй зүйл л дээ. Ялангуяа “Эрдэнэс-Тавантолгой” компани шиг хамгийн ашигтай төслөөс ашиг ирэх нь гарцаагүй зүйл. Данс нээлгэх нь олон талын давуу эрх бий болгож байгаа. Юуны өмнө компаниас олгох ногдол ашгийг дансаараа хүлээн авна, хоёрт, хөрөнгийн зах зээлд оролцох оролцоогоо энэ дансаараа хэрэгжүүлнэ. гуравдугаарт, хөрөнгийн хоёрдогч зах зээлийн талаарх өргөн мэдлэгтэй болж, зөвхөн ЭТТ биш бусад хувьцаат компанийн хувьцааг авах, арилжаалах, ашиг олох зэргээр мэдлэг, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаа. – Компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд хүргэх, ил тод, нээлттэй байдлыг бий болгох хүрээнд ямар  ажлууд хийгдэж байгаа вэ? – Компанийн талаарх бүхий л мэдээллийг иргэдэд байнга хүргэх нь бидний үндсэн зорилт. Мэдээлэл өгөхдөө давхар хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг өгөх нь чухал гэж үздэг. Тиймээс ч мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг одоогоос яг нэг жилийн өмнө байгуулж, ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн. Мөн компанийн дэргэд эрдэмтдийн болон олон нийтийн зөвлөлийг байгуулсан, ажлын байрыг нээлттэйгээр зарлаж, шалгаруулдаг болсон, мөн нүүрс худалдан авагчийг нээлттэйгээр сонгож, гэрээнүүдийг ил болгосон зэргээр нээлттэй байдлыг хангах хүрээнд хийгдсэн ажлууд бий. Нэг үеэ бодвол манай компанийн талаарх иргэдийн мэдээлэл огцом сайжирсан шүү. Голдуу л хар мэдээ явдаг байсан бол одоо харин ч сайн мэдээний уурхай гэж хэлэгддэг болчихлоо. Компанийн санхүүгийн болон өдөр тутмын мэдээлэл улам бүр нээлттэй болсоор байгаа нь иргэдэд ажиглагдаж байгаа юм байна лээ. Мэдээлэл иргэдэд сайн хүрч, нээлттэй байдал хангагдаж байгаа нь компанийн засаглалд эерэг нөлөө бий болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран ажиллах боломж нээгддэг давуу талтай. Шулуухан хэлэхэд манай компани шиг нээлттэй мэдээллийн орчинд ажиллаж байгаа төрийн өмчит компани хаана ч байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Нээлттэй байна гэдэг нэг талаас сайн ч, нөгөө талдаа сөрөг зүйл нэлээдгүй дагуулдгийн жишээг бүгд харж байна. Биднээс авсан мэдээллийг мушгих, гуйвуулах, хувийн ашиг сонирхлоо хангах сэдэв болгох, улс төржүүлэх, эргүүлээд компанийг харлуулах зорилгоор ашиглах явдал ч гарч байна. Гэхдээ энэ байдаг л зүйл. Эрүүл шүүмжлэлийг бид хүлээн авч, ажил болгоход хэзээ ч бэлэн, харин компанийн ажилд хэт оролцох, мэдэхгүй байж зааварлах, дураар авирлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. -Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын зорьсон ажилд амжилт хүсье. -Баярлалаа. Танай редакцийн хамт олонд мөн ажлын амжилт хүсье! Эх сурвалж: http:\/\/www.fourseasons.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив