Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Жаргалант ус ДТС” ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 3
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
А. Ерөнхий шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
- Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан нийтлэг шаардлагын хангасан байх;
Б. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
- Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх байх;
- Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
- Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.
Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2025 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Орон нутгийн өмчийн газар Утас:7035-2022
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Орон нутгийн өмчийн газарт” гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Нэмэлт мэдээллийг 99554252 дугаарын утаснаас авна уу.
Сэтгэгдлүүд 0