Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
Ц.Нямдорж: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
ТҮРҮҮЧ НЬ:http:\/\/etimes.mn\/news\/78620
ЭНЭ СОНГУУЛЬ БОЛ НАРИЙНДАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН БАЙГУУЛСАН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ЭЦЭСЛЭН ХОВХОЛЖ ЧАДАХ ЭСЭХИЙН СОНГУУЛЬ БОЛНО
-Тантай өнгөрсөн дөрвөн жил хамт тэмцсэн залуусын заримтай уулзлаа. Олон жил нам дамжиж хэрсэн бүлэглэлийн асуудлыг бүгд л ярих юм. Тэр давхаргаа ер нь хэлтэлж чадсан уу?
-Толгойн хэсгийг нь сольж чадсан. Би түрүүн 7-8 том албан тушаалтны эсрэг явлаа гэж хэлсэн. Бүгд солигдсон. Одоо их бие, гар хөл нь үлдчихээд төвөгтэй байна шүү дээ. Энэ сонгууль бол нарийндаа Ц.Элбэгдоржийн байгуулсан МАНАН бүлэглэлийг эцэслэн ховхолж чадах эсэхийн сонгууль байх болно.
2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод энэ бүх юмныхаа бэлтгэлийг хангах гэж Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих гэж оролдож эхлэхэд нь би эсэргүүцэж дугарсан. “Шүүх, прокурорыг улс төрийн байгууллага болгох гэж байна шүү” гэж. Тэгээд тэр хүмүүсийг өргөдлийг нь өгүүлэх гэж шахахаар нь өгүүлэхгүй жил барьсан юм. Огт өргөдөл өгч болохгүй гээд. Тэгээд сүүлд нь манайхан цагаан тугаа өргөж буусан. Дараа нь бүх юм явсан. Б.Хурцыг Англид хоригдож байхад нь оргуулж авч ирээд л АТГ-ын дэд даргаар тавиад л бужигнуулсан. Б.Хурц балмад хүн л дээ. Боловсролгүй. Хууль мэддэггүй. Мөнгөнөөс өөр юм боддоггүй л хүн шүү дээ. Тэгээд л тэр ангуучилдаг ажил чинь эхэлсэн дээ. Ер нь сүлжээ мэндэлсэн үе бол АТГ-ын даргаар Н.Ганболдыг тавихад мэдрэгдсэн. Яалт ч үгүй М.Энхболдын хүн шүү дээ. Явсан газар болгондоо дагуулж явдаг. Тэр үед Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд мөрийтэй тоглоомын ширээн дээр Монголын хувь заяаг шийддэг болсон. Ц.Элбэгдорж мөрийтэй тоглодгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Т.Бадамжунай гэдэг хүн Ц.Элбэгдоржоос салахаа болиод, арын өрөөнд нь хоол зөөлгүүлж иддэг нөхцөл байдал бий болсон. Тоглолоо гээд л сайрхацгаагаад гүйлдэж байсан. Тэр арга хэмжээний хүрээнд л Н.Ганболд АТГ-ын дарга болсон. Араас нь Б.Хурцыг зоож өгсөн. Ингээд баривчилгаа, хэлмэгдүүлэлт, МАНАН бүлэглэлийн ажиллагаа дээд цэгтээ хүрч гал нь улалзан асч эхэлсэн.
-МАНАН гээд л та нар ярих юм. Бүгд л дунд нь байсан шүү дээ.
-Би дунд нь ёстой байгаагүй шүү. Наад МАНАН-гийн чинь анхны зохион байгуулалт нь “Алтангадас”. Д.Дорлигжав намын даргаасаа уначихаад “Алтангадас” гэж юм байгуулсан биз дээ. Тэр “Алтангадас”-таа манайхнаас хүн оруулах гэж үзсэн. Манайхаас хоёр хүн орсон. Намайг ч Н.Энхбаяр ор гэсэн юм. “Наадах чинь миний хийдэг ажил биш. Зүгээр байгаарай” гэж хэлчихээд гарсан. Би бүлэглэлд таарах натуртай хүн биш. Миний ааш аяг, үзэл санаа, бүх юм хэзээ ч нийцэхгүй гэдгийг бүх хүн мэднэ. Хийсэн тэмцэл маань дандаа бүлэглэлийн эсрэг байсан.
-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар танай нэр дэвшигч ялагдал хүлээсэн.
-Тэгсэн.
-Та жишээ нь, Н.Багабанди гуайд хэзээ ч тийм талархалтай хандаж байгаагүй. Лидерийн хувьд та хоёр үргэлж өөр зүгт харцгааж байсан. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар Н.Багабанди гуайтай цуг хүртэл явж намын даргаа дэмжсэн л дээ. Тэр үед танд ер нь ямархуу мэдрэмжүүд төрж байсан бол. Намын дарга тань Ерөнхий сайд бололгүй Ерөнхийлөгчид нэр дэвшсэн явж байдаг?
-М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг мэдээг би 2015 онд авсан. АН-ынхантай ярьж сууж байгаад УИХ-ын сонгуульд нам ялах юм бол би Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэдэг үгийг 2015 онд хэлсэн байдаг.
-Өөрөө юу?
-Өөрөө. АН-ынханд хэлж байна шүү дээ. АН-ынхан тэрийг нь тэр дор нь задалсан. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилно гэдэг чинь дараа нь түүнийг намын дарга болгоно гэсэн үг. Ингээд өөрөө Ерөнхийлөгч болж, Ж.Эрдэнэбатаараа дамжуулж намыг, засгийг ганцаараа удирдах гэсэн холын тооцоо М.Энхболдод байсан. Тэрийг бол би мэдэрч л байсан.
-Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг Ерөнхий сайдын түвшинд хэзээ ч таамаглан харж байгаагүй гэж танай намынхан хэлдэг. Та бас адилхан уу?
-Ёстой санаанд байгаагүй.
-Тооцоолоогүй дүр гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байсан?
-Ингэж л хэмжээлшгүй эрх дархаар тулгаж эхлэхэд нь би “Дээр чинь ард түмэн, дэргэд чинь сөрөг хүчин байна” гэж хэлсэн ш дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 онд нам дээр нэр дэвшээд би унах нь ойлгомжтой байсан юм чинь. Би тэрийг гадарлалгүй дээ.
-Манай намын цагаан байшин намайг гаргахгүй л дээ гэж та хэлж байсан?
-Ер нь юу болсон юм гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү гэж манай Ерөнхий нарийн бичгийн дарга над дээр орж ирсэн юм. “Нам намайг нэр дэвшүүлэхгүй. Би мэдэхийн дээдээр мэдэж байна. Гэхдээ би нэг юм хэлье. М.Энхболд нэр дэвшинэ. М.Энхболд гарахгүй. Харин ийм үр дүн гарах юм бол дараа нь намын дарга, Засгийн газрыг солих асуудал гарцаагүй яригдана шүү. Энийгээ та нар тооцож байгаа биз дээ” гэж хэлж байсан.
-Гэхдээ таны рейтинг өндөр байсан шүү дээ?
-Минийх өндөр байсан байсан.
-Бараг жилийн өмнө энэ сэдвээр би тантай ярилцаж байхад миний рейтинг өндөр байгаа. Гэхдээ цагаан байшин намайг гаргахгүй гэж та хэлж байсан. Та улс төрийн бүхий л амьдралынхаа туршид тэргүүн эгнээний лидерийн нэг явсан. Яагаад Ерөнхийлөгчийн төвшинд таныг өрсөлдүүлэхгүй гэдэгт тийм итгэлтэй байдаг юм бэ. Энэ нь бүлэглэлүүдтэй холбоотой юм уу, эсвэл яс үндэстэй тань холбоотой юм уу?
-Аль алинтай нь холбоотой. Хулгайч, луйварчид, дээрэмчид надаас айдаг, би тэдэнд яснаасаа дургүй. Ямар ч намын дарга хүн өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээ л бодно шүү дээ. Улс төр гэдэг чинь эцсийн дүндээ ухаан, тооцоо хоёрын уралдаан байдаг. Ухаан, тооцоо хоёр дээр алдвал хэн ч дуусдаг. Би ухаан, тооцоо хоёр дээр харин алдаж байгаагүй юм шүү. С.Баяр намайг “Чонон мэдрэмжтэй” гэж хэлдэг юм гэсэн. Бараг үнэн байж магадгүй (инээв). 2015 оны долдугаар сард ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч гээд өөрийгөө тооцчихсон хоёр хүн байна. Нэг нь Х.Баттулга, нөгөө нь С.Ганбаатар” гэж хэлж байсан хүн ш дээ, би. 2015 онд шүү. Эргээд бод доо. Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр жилийн өмнө байгаа биз. Тэгээд Х.Баттулга нь дэвшээд гараа биз дээ.
-Гэхдээ бас тооцоолшгүй юм байдаг л даа...?
-Тооцоолшгүй юм угаасаа улс төрд байдаггүй. Харин тооцоолж чадаагүй дарга нар олон байдаг. Х.Баттулга нэг жишээ нь.
-Х.Баттулгыг хэн тооцож байсан юм бэ?
-Би 2015 онд ярьж хэлж байснаа дээр хэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сард америкууд ирж Монголд судалгаа хийсэн. Тэр судалгаагаар бол миний рейтинг 45 хүрчихсэн үе байсан юм. Р.Амаржаргалынх надтай ойролцоо байсан. Тэгэхэд С.Ганбаатар, Х.Баттулга хоёрын рейтинг 37 байсан шүү. Америкуудын судалгаагаар. УИХ-ын гишүүнд хоёулаа нэр дэвшээд уначихсан байж байхдаа 37 хувьтай гарч ирэхээр нь би алмайрч байсан. Тэгээд би 2017 оны сонгуулийн өмнө тэр судалгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгсөн. Ийм хачин юм байна гэж. За, тэр Увсын хүн энэ тэр гэсэн юм байнга явдаг. Ю.Цэдэнбал дарга олон жил төр барьсан гэдэг хор байнга тарааж байдаг шүү дээ. Тийм юм ярьж болно. Бодож болно. Хүний бодлыг хүн хязгаарлах биш. Гэхдээ энэ улсад хортой байна уу, хоргүй байна уу гэдэгт л асуудал байгаа шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар танай намынхан үнэмлэхүй ялалтынхаа ард жаахан тоомсоргүй хандчихсан уу. Энэ зүгийн гомдол өөрт нь ч байдаг байж магадгүй?
-Аархал нэвтрүүлэг, мэтгэлцээний бэлтгэл задарсан явдал энэ сонгуулийг ямар ч шансгүй болгосон. Эд нар нэр дэвшиж уначихаад буруугаа дандаа л бусад руу чихдэг биз дээ. Өөрөөсөө буруугаа хайдаггүй. Н.Энхбаяр ч тэгж л байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд нэр дэвшсэний дараа би баруун таван аймгаар Н.Багабандитай явсан шүү дээ. Түрүүн өөрөө асууж байна билээ. Ёстой урамтай явсан шүү. Дөрөвт нь ялсан шүү дээ. Завханаас бусдад нь.
-Н.Багабанди гуай та хоёр үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан уу?
-Н.Багабандийг төрөөс явсны дараа би түүний талаархи муу бодлоо хаячихсан. Төрд хоргүй болсон учраас. Хортой байсан үе бий шүү дээ. Хортой байх үед нь би Н.Багабандитай таардаггүй байсан. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бол үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан. Би ирээд ч хэлж байсан. Н.Багабандитай явах урамтай байлаа гэж.
-Гэхдээ гол гол лидерүүд нэг их хөдөлж өгөхгүй л харагдсан. Нэдэр дээрээ дэмжээгүй гэмээр... Иймэрхүү үг зөндөө л дуулдсан шүү дээ?
-Наадах чинь надад сонин сэдэв биш.
Үргэлжлэл бий...
Орхон аймгийн МАН-ын Сонгуулийн төв штаб
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.