Баян-Өндөр сумын төсөв сумынхаа иргэдийн төлөө юу, эсвэл улс төрийн тойрогт чиглэсэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байна уу?
Орхон аймгийн ИТХ-ын энэ сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар сөрөг хүчний төлөөлөгчид Баян-Өндөр сумын төсөв, газар олголт, барилгажилт болон сумын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Тэдний тавьсан асуултуудын дундаас нэг нь онцгой анхаарал татна. Баян-Өндөр сумын төсөв яг хэний төлөө зарцуулагдах ёстой вэ?
Орхон аймгийн АН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч Г.Алтангэрэлийн хэлснээр, "Баян-Өндөр сумын төсвөөс хойд бүсийн аймгуудад чиглэсэн зарим ажил, арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, багш нарт ухаалаг дэлгэц олгох зэрэг арга хэмжээг өнгөрсөн онд төсөвт тусган хэрэгжүүлсэн" гэх асуудлыг тэрээр хөнджээ.
Энд хамгийн түрүүнд нэг зүйл тодорхой болох ёстой. Баян-Өндөр сумын төсвөөс өөр аймаг, бүс нутагт чиглэсэн ийм зардал гаргах эрх зүйн үндэслэл нь юу вэ? Хэрэв ийм зардал хууль, журамд нийцсэн бол асуудал байхгүй. Харин нийтийн төсвийн хөрөнгийг өөр нутаг дэвсгэрт зарцуулах шийдвэр гаргасан бол хэн санаачилсан, ямар бодлогын баримт бичигт үндэслэсэн, ямар хэрэгцээ шаардлага тогтоосон, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, үр өгөөжийг хэрхэн тооцсон нь ил байх учиртай. Г.Алтангэрэлийн хөндсөн асуудалд Эрдэнэтийн МАН-ынхны даргынхаа “Тойрог услалт”-ыг хийж байна гэх хардлага харагдаж буй. Эндээс улс төрийн асуудал хөндөгдөнө.
Орхон аймгийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Батлут удирдаж байгаа. Тэрээр Орхон аймгийн улс төрийн намын байгууллагыг харьцангуй удаан хугацаанд удирдаж буй нь улс төрийн хүрээнд анхаарал татдаг асуудал. Нөгөө талд Орхон аймаг, мөн Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлага МАН-ын улс төрийн бүтэцтэй нэг орчинд ажиллаж байна. Энэ нөхцөл байдлыг дангаар нь төсвийн шийдвэр улс төрийн нөлөөлөлтэй гэсэн нотолгоо гэж үзэх боломжгүй. Гэхдээ Бяан-Өндөр сумын төсвөөс өөр бүс нутагт чиглэсэн хөрөнгө гарсан, газар олголт болон барилгажилтын шийдвэрүүд маргаан дагуулсан, улмаар сонгуулийн өмнөх улс төрийн цикл эхэлж байгаа үед төрийн төсөв улс төрийн нөөц болж ашиглагдаж байна уу гэсэн асуулт тавигдах нь зүй ёсны хэрэг. Өөрөөр хэлбэл, энд хэн нэгнийг буруутгахаас өмнө баримтыг гаргаж ирэх шаардлагатай.
2027,2028 он гээд ээлжит сонгуулиуд ойртож байна. Монгол Улс 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулна. Ийм үед төрийн болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, газар олголт зэрэг шийдвэрүүдэд улс төрийн нөлөөлөл байгаа эсэх нь зөвхөн орон нутгийн асуудал биш. Сонгуулийн шударга өрсөлдөөн, тэгш гарааны зарчим, төрийн нөөцийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхтай холбоотой асуудал болно.
Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн оролцогчдын эрх, үүргээс гадна төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага улс төрийн аль нэг хүчинд давуу байдал бий болгох нөхцөл үүсгэхгүй байх нь ардчилсан сонгуулийн үндсэн зарчим.
Тиймээс сонгуулийн өмнөх жилүүдэд төсөв хаашаа чиглэж байна, ямар хөрөнгө оруулалт хэний улс төрийн нөлөө бүхий орчинд төвлөрч байна, төрийн нөөцөөр дамжуулан сонгогчдод давуу байдал бий болгож байгаа эсэхийг хянах шаардлага улам нэмэгдэнэ.
Энд бас нэг чухал ялгаа бий. Төсөв зарцуулсан нь өөрөө сонгуулийн сурталчилгаа биш. Гэхдээ төсвийн шийдвэр улс төрийн тодорхой ашиг сонирхолтой давхцаж байгаа эсэхийг шалгах нь сэтгүүл зүйн асуулт лдаа.
Газар олголт дээр ч ижил асуулт тавигдана. ИТХ-ын төлөөлөгч Г.Алтангэрэл мөн амины орон сууцны зориулалтаар олгогдсон хоёр айлын газрыг худалдан авч, улмаар олон давхар барилга барих боломж бүрдэж байгаа гэх асуудлыг хөнджээ. Хэрэв газар ашиглалтын зориулалт, хот төлөвлөлт, барилгын зөвшөөрлийн хүрээнд ийм өөрчлөлт хийх боломжтой бол энэ боломж бүх иргэнд адилхан нээлттэй юу? Хоёр, гурван иргэн нийлж хоёр айлын газар худалдаж аваад, олон давхар барилга барих хүсэлт гаргавал мөн адил зөвшөөрөл авах боломжтой юу? Хэрэв боломжтой бол ямар шалгуур тавьдаг вэ? Хэрэв боломжгүй бол тодорхой тохиолдолд ямар үндэслэлээр ийм боломж бүрдсэн бэ? Энэ бол улс төрийн намын харьяаллаас үл хамааран иргэн бүрийн асуух эрхтэй асуулт.
Баян-Өндөр сумын удирдлага болон холбогдох байгууллагууд дараах мэдээллийг баримтаар ил болговол дээрх хардлага, маргааны ихэнх нь тодорхой болно.
Нэгдүгээрт. Баян-Өндөр сумын төсвөөс хойд бүсийн бусад аймагт чиглэсэн ямар ажил, арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
Хоёрдугаарт. Эдгээр зардлыг хэн санаачилж, ямар үндэслэлээр төсөвт тусгасан бэ?
Гуравдугаарт. Өөр аймаг, бүс нутгийн хэмжээнд чиглэсэн арга хэмжээг Баян-Өндөр сумын төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн үндэслэл нь юу вэ?
Дөрөвдүгээрт. Тухайн шийдвэрт улс төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтны зүгээс чиглэл өгсөн эсэх, нөлөөлөл үзүүлсэн эсэх? Тавдугаарт. Амины орон сууцны зориулалттай газарт олон давхар барилга барих зөвшөөрөл олгосон тохиолдол байгаа бол ямар хууль, журам, төлөвлөлтийн баримт бичигт үндэслэсэн бэ?
Зургаадугаарт. Ижил нөхцөлтэй жирийн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд яг ижил боломж, шалгуур үйлчлэх үү? Хардлагыг баримтаар няцаах боломжтой.
Энэ асуудлыг хөндсөн төлөөлөгчийг “Сөрөг хүчний хүн учраас улс төржүүлж байна” гэж тайлбарлах нь хамгийн амархан хувилбар. Гэхдээ асуудлын гол нь хэн асуусанд биш, юу асуусанд байна.
Хэрэв Баян-Өндөр сумын төсвөөс гарсан зардал хуульд нийцсэн бол холбогдох шийдвэр, төсөв, гэрээ, гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээллийг ил болгож болно. Хэрэв газар олголт, зориулалтын өөрчлөлт, барилгын зөвшөөрөл хууль, журмын дагуу явагдсан бол зөвшөөрөл, төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаж болно. Тэгвэл “Тойрог услалт” гэх хардлага баримтаар няцаагдана.
Харин тайлбарлахын оронд асуулт тавьсан хүнийг улс төржүүлж, асуудлыг намын маргаан болгон хувиргавал хардлага улам л нэмэгдэнэ. Төсөв хэний төлөө вэ?
Баян-Өндөр сумын иргэдийн өдөр тутмын амьдралд шийдвэрлэх шаардлагатай асуудал хангалттай бий. Түлээ, түлш, хүнс, орон сууц, дэд бүтэц, зам, агаарын бохирдол, өрхийн орлого зэрэг бодит асуудалтай иргэдийн төлсөн татвар, төвлөрсөн төсөв хамгийн түрүүнд тэдний хэрэгцээнд чиглэх ёстой. Тиймээс иргэдийн мөнгөөр бүрдсэн төсөв хаашаа зарцуулагдаж байгааг асуух нь улс төржилт биш.
Харин нийтийн төсөв улс төрийн тойрог, намын бүтэц, сонгуулийн ашиг сонирхолтой огтлолцож байгаа эсэхийг шалгах нь олон нийтийн эрх. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед энэ асуулт бүр ч чухал. Төрийн төсөв иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө юу, эсвэл улс төрийн нөлөөг бэхжүүлэх хэрэгсэл болж байна уу? Хариултыг улс төрийн тайлбар биш, төсөв, шийдвэр, гэрээ, газрын баримт, зөвшөөрөл, зарцуулалтын тайлан өгөх ёстой. Эцсийн дүндээ “Тойрог услалт” байсан эсэхийг улс төрийн талууд биш, баримт л тогтооно.


































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.