УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
М.ЭНХБОЛД: “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ЫГ БИ БАЙГУУЛААГҮЙ. АСУУДАЛ БАЙГАА БОЛ ШАЛГАХ Л ЁСТОЙ УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчидтэй уулзаж, МАН-ын Бага хурлын үеэр болон сүүлийн үед өөртэй нь холбогдуулан ярьж байгаа асуудлаар мэдээлэл, тайлбар хийсэн юм. Мэдээллийг бүрэн эхээр нь толилуулж байна.  -УИХ-ын нэгдсэн хуралдаан 5 дахь өдрөө 3 дахь 7 хоногтоо ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байна. Хурлын ирцийг Засгийн газрын гишүүд, нэр бүхий УИХ-ын гишүүд зориуд зохион байгуулалттайгаар гацааж, Монгол төрийн, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зориудаар тасалдуулж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. УИХ-ын нэр бүхий 38 гишүүн (сүүлд 2 хүн зурсан гэсэн) УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгөх шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавих юм бол энэ албан тушаалыг өгөхөд татгалзах зүйл надад байхгүй. Би аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой, тэр дундаа УИХ-ын аливаа шийдвэр хуульд заавал нийцэж байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.  Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Энэ хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Би МАН-ын даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан. Намын дотоод ажил амьдралын зарим асуудлаар хаалттай хуралдах явдал байдаг. Гэхдээ гаргасан шийдвэр, ярьсан зүйлээ хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг байсан. Харамсалтай нь өчигдрийн манай хурал хаалттай, хэвлэл мэдээллийнхнийг Тусгаар тогтнолын ордонд оруулахгүй байдалтайгаар хийгдсэнд харамсаж байна. Гэсэн хэрнээ сүүлийн 20 жилийн дотор нийгэмд, хууль хяналтын байгууллагын хүрээнд үүсэж бий болсон болохгүй, бүтэхгүй бүх юмыг нэг хүн рүү чиглүүлж, тухайлбал надад тохох гэж оролдож, хуульд нийцээгүй, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан шийдвэр гаргах байдлаар зохион байгуулагдлаа. Энэ хурал дээр намын Бага хурлын зарим гишүүд тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэж, тараасан. Харамсалтай нь миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй. Ийм учраас хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна.  Нэгдүгээрт, МАНАН гэдэг үзэгдлийн талаар, үүнийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож буруутгах зүйлийг Бага хурал дээр ярьсан. МАНАН бол сонгуулийн үр дүнд улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон юм уу, бусад шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх, буруутгах байдлаар үүсгэсэн яриа.  МАНАН гэдэг нэрэнд хууль тогтоох байгууллага, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой зүйлийг холбож ярьж байгаа. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн “бүдүүн” бүлгийг тарааж, МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг баримталж, 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан.  2006 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг хамтран байгуулах нөхцөл үүсэхэд парламентад суудалтай 5 намыг багтаасан “Эв нэгдлийн” Засгийн газрыг байгуулж ажилласан. Гэхдээ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын ажлыг өгөхдөө МАНАН-гүй ажиллах улс төрийн бололцоог бүрдүүлээд, 65 суудалтай, нийслэлийн 6 дүүрэгт олонх болсон, Монгол Улсын 330 сумаас 232 суманд ялалт байгуулсан намыг хүлээлгэж өгсөн. Надад  энэ хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засгийн, хууль хяналтын байгууллагатай холбогдсон МАНАН гэдэг бүлэглэлтэй холбоотой, хийсэн үйлдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Хоёрдугаарт, “Шударга бусын хонгил” гэдэг зүйл ярьж байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт оролцуулж, тодорхой хэмжээний мөнгийг хүргэнийхээ дансанд шилжүүлж,  үүнтэй холбоотой маргаантай асуудлууд үүсэж, хууль хяналтын байгууллагад шалгагдаад эхлэх үед намайг “шударга бусын хонгилд” оруулж хэлмэгдүүлж байна гэсэн зүйл ярьж эхэлсэн.   “Шударга бусын хонгил” гэдэг зүйлд М.Энхболд гэдэг хүн холбоотой гэж байгаа. Хууль зөрччихөөд, түүнийг нь шалгаж, үнэн зөвийг нь тогтоох гэхээр өөрийгөө хамгаалах зорилгоор хууль хяналтын байгууллагыг буруутгах байдлаар асуудалд хандахыг би буруушааж байна. Хэрвээ асуудал байгаа бол шалгах л ёстой.  Гуравдугаарт, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудалд намайг хамаатуулж ярьсан. Би нэг ч удаа АТГ-т хэн нэгнийг шалга, битгий шалга гэж хэлж, нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ хууль бус байдлаар энэ сангаас өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан, иргэдийн амьжиргаагаа сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зориулалттай зээлийг буруу ашигласан нь үнэн бол хуулийн байгууллага шалгах нь зүйтэй.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Засгийн газрыг огцруулахгүй гээд байгаа хүмүүст хэрэг үүсгэж шалга гэсэн үүргийг УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад өгсөн” мэтээр ярьсан. Би УИХ-ын даргын хувиар тэр даруйд нь прокурор, цагдаа, тагнуул, АТГ-т албан бичиг явуулж, тэдгээр байгууллагууд тэр өдөртөө өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ямар нэгэн захиалга даалгавраар, улс төрийн зорилготойгоор хийгдэж байгаа зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийн ар гэр, хань ижлийг бөөн, цөөнөөр нь барьсан хорьсон зүйл байхгүй гэж хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Тэнд нэг сэтгүүлч Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор шалгаж байгаа юм уу гэж асуусан. Тэр сэтгүүлч энд байгаа ч байж магадгүй. АТГ-ын албаны хүн хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа зүйл бий л гэсэн. Ингэсний төлөө намайг үүрэг даалгавар өгч хэлүүлсэн, нэрлүүлсэн гэж байгаа. Би ийм зүйл зохион байгуулаагүй.  Дөрөвдүгээрт, 60 тэрбумын асуудлыг өчигдрийн Бага хурал дээр ярьсан. Энийг хууль хяналтын байгууллага өмнө нь 3-4 удаа шалгасан. Ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө авч, хүнийг томилсон зүйл байхгүй. ТЕГ-т шалгагдаж байгаа. Шалгалтаар үнэн зөв нь тогтоогдох байх аа. Нэгэнт шалгагдаж байгаа хэргийн талаар дахин давтаж яриад байх зүйл алга. Харамсалтай нь 2016 онд болсон энэ 60 тэрбумын гэдэг асуудлыг манай намын нэр бүхий гишүүд өөрсдөө дэвэргэж, намынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөх зүйлийг зориудаар бий болгож, үүний цаана ЖДҮ-гийн хэргийг бүдгэрүүлэхээр оролдож байгааг буруу гэж үзэж байгаагаа би өмнө хэлж байсан.   Тавдугаарт,  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өчигдрийн Бага хурал дээр ярьсан зүйлүүд дээр товч тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.    "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалд намайг оролцсон гэж, би хааж, хамгаалаад байгаа мэтээр ярьсан. Би 2016 оны зургадугаар сарын 23-24-ний үед шиг санаж байна, энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг дуудаж, та Москвад байгаа таньдаг мэддэг хүмүүсээсээ үүнийг тодруулж өгөөч гэж гуйсан. Хангай сайд асуугаад "Яригдсан зүйл байгаа юм шиг байна, тодорхой мэдээлэл алга" гэсэн. Ийм л мэдээлэлтэйгээр би зургаадугаар сарын 28-ныг хүрсэн. Зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Энэ бол сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр. Тиймээс нэр дэвшсэн хүмүүс ямар нэгэн юм ярих нь буруу гэж бодоод штабт ажиллаж байсан, сая хотын дарга байсан С.Батболдод намын даргын хувьд үүрэг өгч, хэрэв МАН сонгуульд ялалт байгуулах юм бол "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоож, шалгаж, шийдвэрлүүлнэ гэдэг мэдэгдлийг олон түмэнд хүргүүлж байсан.  Дараа нь УИХ Ажлын байгуулсан. Энэ ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч хэлэлцсэн, тогтоол гаргасан. УИХ 49 хувийг төрийн өмчид авах, авахдаа 49 хувийг авсан компанийн талтай яриа хэлцэл хийж, шийдвэрлэ гэсэн 3-4 заалттай тогтоол гаргасан. Энэ тогтоол хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Хоёр ч Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаа. УИХ асуудлыг шийд гэдэг шийдвэр гаргаж өгчихөөд байхад тогтоолд заагдсан хэлцлийг хийлгүй байсаар шүүх дээр очиж янз янзын шийдвэр гарч байгаа. Энэ 49 хувийг ямар нэгэн байдлаар хамгаалаад хаацайлаад байгаа зүйл надад байхгүй. Зургадугаарт, ХХБ-ны хувьчлалд намайг холбоотой мэтээр Нямдорж ярьсан. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход ХХБ-ны хувьчлалын асуудлууд шийдэгдчихсэн байсан. Засгийн газар шийдвэрээ гаргачихсан, хэрэгжчихсэн байсан. Тэгэхээр би ХХБ-ны хувьчлалтай огт холбоогүй. Намайг мөн Улаанбаатар хотын банкны хувьчлалтай холбоотой мэтээр ярьсан. “Улаанбаатар” банкийг “Улаанбаатар сан”-гийн хөрөнгөөр байгуулсан. Гэтэл УИХ банкны дүрмийн сан 4 тэрбум төгрөг байсныг 8 тэрбум болгох хууль гаргасан. Нийслэлийн төсөв болон “Улаанбаатар сан”-гаас дахин 4 тэрбум төгрөг гаргаж, “Улаанбаатар” банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах боломж санхүүгийн хувьд байгаагүй. Тийм учраас “Улаанбаатар” банк татан буугдаж, нэр бүхий 2-3 хүн тодорхой хувийн хөрөнгөө гаргаж, хуульд заагдсан шаардлагад нийцүүлэн “Улаанбаатар хотын банк” гэдэг шинэ банкийг “Улаанбаатар сан”-тай хамтарч байгуулсан. Тэрнээс хойш энэ банк хувьчлагдсан зэрэг асуудал бол миний дараа дараагийн ажиллаж байсан хотын дарга нарын үед хийгдсэн ажил аа.  Долдугаарт, АТГ-ын удирдлагыг намайг томилсон, би удирддаг, миний хүн гэдэг байдлаар ярьдаг. Намайг Улаанбаатар хотод, Засгийн газарт ажиллаж байхад энэ хүн Замын цагдаагийн газрын дарга, орон нутагт ажиллаж байсан, таньдаг мэддэг хүн мөн. Гэхдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өмнөх Парламентын бүрэн эрхийн хугацааны үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтээ оруулаад, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороонд цохолт хийгээд, ХЗБХ энэ асуудлыг хэлэлцээд, АТГ-ын даргаар томилъё гээд дэмжсэн шийдвэр гарчихсан байсан. 2012-2016 онд ажилласан УИХ төгсгөлийнхөө хурлыг ном дүрмийнхээ дагуу хийж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж, өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн. Ингээд төрийн ажил залгамж шинж чанартай байх ёстой гэдэг үүднээс Байнгын хорооны шийдсэн асуудлыг чуулганаар батлуулсан. Энэ хүнийг чөлөөлөх тухай асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Хуульд нийцсэн шийдвэр байх юм бол энэ хүнийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар оруулахад бэлэн гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Харин хуульд нийцээгүй асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Одоо Үндсэн хуулийн Цэц дээр яригдаж байгаа асуудлаар гарсан шийдвэрийнх нь дагуу УИХ хандана. Түүнээс биш хувь хүний зүгээс хамгаалж, хаацайлаад байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье.  Наймдугаарт, Улсын ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилж байсан мэтээр Ц.Нямдорж ярьсан. Д.Дорлигжавыг ерөнхий прокуророор томилогдоход би намын дарга, УИХ-ын дарга байгаагүй. Би Шадар сайдаар л ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан уу гэвэл дуусаагүй байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр хүний өргөдлийг нь аваад Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн. Харин харамсалтай нь тэр үед бид олонхи байсан хэрнээ манай Намын бүлгийн хурал дээр Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилох гэж байгаа тухай асуудлыг огт яриагүй. Шууд Байнгын хороо, чуулганы хурлаар ороод, энэ хүн томилогдсон. Дараа нь өнөөдрийн ажиллаж байгаа М.Энх-Амгалан прокурорыг томилох үед бид цөөнх байсан. Гэхдээ өмнө нь Ерөнхий прокурорыг томилоход Намын бүлгийн хурлаар яриагүй гэдэг асуудлаар санал шүүмжлэл гардаг юм байна лээ. Ийм учраас энэ хүнийг Бүлгийн хурлаар ярих нь зүйтэй гэсэн саналыг би гаргаж, 26-гийн цөөнхийн бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Тухайн үед Ц.Нямдорж "Би энэ хүнийг сайн танина. Яахын аргагүй миний бэлдсэн, миний боловсруулсан, энэ ажлыг хийж чадах хүн мөн. Бид дэмжих нь зөв" гэдэг байр суурийг Бүлгийн хурал дээр гаргаж, томилуулж байсан. Тэр нь протоколд бий.  Энэ томилогдсон хүмүүсийг өнөөдөр намайг буруутгах болоод ирэхээрээ бүгдийг нь би томилуулж байсан юм шиг, би удирдаж байгаа юм шиг ярихыг би шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа.  Есдүгээрт, өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сингапурт байхад нь Т.Бадамжунай гэдэг хүнийг очуулаад Ерөнхийлөгчөд нэрийг нь дэвшүүлэх асуудлыг тохирсон, М.Энхболд өөрөө захиалсан гэж ярьсан. Би Т.Бадамжунай гэдэг хүнийг Сингапур явуулж, Х.Баттулга гэдэг хүнтэй уулзуулж байсан удаа, тохиолдол байхгүй. Ер нь хүний хувьд Ерөнхийлөгчийг тухайн үед янз бүрийн асуудалд ороод байх үед нь асууж сураглаж, болж өгвөл дэмжих юмсан гэдэг байр сууринаас хандаж байсан хандлага бол байгаа.  Аравдугаарт, уул уурхайн салбарын олон лиценз, будлиантай байгаа асуудлуудын талаар мөн надтай холбож ярьсан. Надад уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Манай гэр бүл, үр хүүхдүүдэд байхгүй. Би харин уул уурхайн салбарыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, хамгийн сүүлийн үеийн технологиор Монголд ээлж дараа, эрэмбэтэй хөгжих ёстой гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 49 орд газрыг стратегийн орд болгоё гэдэг саналыг УИХ-д өргөн барьж байсан. Харин УИХ-ын даргаар Ц.Нямдорж ажиллаж байхдаа 49-ийг 15 болгон баталж өгч байсан.  Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглах гэрээний төслийг боловсруулж, 2007 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж байсан. Миний өргөн барьж байсан гэрээ өнөөдрийн гэрээнээс хамаагүй илүү гэрээ байсан. 34 хувь нь зээл биш, Монголд дивидент олгосон хойно нь өгөөжөөс төлбөрөө хийх, 2007-2011 онд 2.8 тэрбум доллараар гүний уурхайг барьж, байгуулах, гүний уурхайг барьж байгуулахгүй бол 2011 оноос 68%-ийн татварыг авч, дөрвөн жилийн хугацааны олборлосон орлого дээр нь нөөц ашигласны төлбөрийг тавих, 95 хүртэл хувьд нь Монгол ажилчид ажиллах, 21-р зууны уул уурхайн салбарын жинхэнэ нарийн мэргэжлийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 100 залууг бэлдэх, Оюутолгой, Тавантолгой хоёрын дунд 80 орчим мянган хүнтэй хот байгуулах гэсэн олон зүйлийг багтаасан гэрээг өргөн барьж байсан.  Би 2015 онд Тавантолгойн орд газрыг ашиглахаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар оруулахгүйгээр шийдэх гэж байсан асуудлыг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд дээр орж, уг асуудлыг УИХ татаж үзэх нь зүйтэй гэж хэлж байсан. Яагаад ингэсэн гэхээр Чалкотой тонныг нь 70 доллараар 10 жилийн хугацаатай худалдах гэрээг 2012 онд байгуулагдсан шинэ Засгийн газар цуцалсан. Тиймээс УИХ энэ асуудлыг ямар ч байсан авч үзэх ёстой гэж үзэж, "Би гарын үсэг зуръя, УИХ-ын дэд дарга Л.Цогоор зуруулъя, та зур, Р.Гончигдорж даргаар мөн зуруулъя" гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээний төслийг УИХ-д татаж авч, зогсоож байсан.  Энэ мэтчилэнгээр ярих юм бол уул уурхайн салбарын үр ашгийг дээшлүүлэхийн төлөө л би ажиллаж байсан болохоос, өчигдрийн Ц.Нямдоржийн ярьж байсан шиг олон лиценз цуглуулчихсан хүн биш ээ.  Өчигдрийн хурлын үеэр Намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би ямар хариулт өгсөн бэ гэхээр, “Би хэн нэгний албан тушаалтай барьцаалж зууралдаад УИХ-ын даргын албан тушаалыг өгөх, өгөхгүй тухай асуудал яриад байгаа юм биш ээ, Намын дарга аа. Би УИХ-ын даргыг чөлөөлдөг тэр хууль эрх зүйн үндэслэлээр нь явъя гэдэг байр суурьтай байгаа. Надад таны албан тушаалтай барьцаад байгаа зүйл байхгүй шүү” гэж хэлсэн.  Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгээд ярьчихна лээ.   Энэ мэт яригдсан зүйлүүдээр би нэр төрөө сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа. Би Ц.Нямдоржийг энэ ярьсан, хэлсэн зүйлүүдээ нотол, нотолж чадахгүй бол надаас уучлалт гуй гэдэг шаардлага тавьж, шүүхэд өгнө гэж шийдсэн.  Сүүлийн 6-7 сарын турш над руу янз, янзын л дайралт давшилт ирж байгаа. Нэгдүгээрт, би Намынхаа нэг залуу гишүүнтэй сайдаж муудаж байгаа юм шиг хэрүүл үүсгээд яах вэ гэдэг байр сууриар тэвчээртэй хандаж байгаа. Хоёрдугаарт, нийгэмд янз бүрийн сөрөг мэдээлэл түгж байгаа үед бас дахин хар буруу ч юмуу мэдээлэл нэмж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд яах вэ гэдэг үүднээс би чимээгүй, тэсэж тэвчиж явсан. Нэгэнт намын зарим нөхөд маань ингэж над руу дайрч, намын төлөөллийн байгууллага маань төрийн дээр гарсан шийдвэр гаргаж, УИХ-ын ажлыг зааж зааварлах гэсэн хандлага гаргаж байгаа учраас бодит байдлыг олон нийтэд ярьж хэлэх нь зүйтэй гэж үзсэн юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Би хууль ёсоор УИХ-ын даргаар томилогдсон. Чөлөөлөгдөх, огцрох нь бас хуулийн хүрээнд л байх ёстой. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа