Үндсэн агуулга руу шилжих
2026.10.22 · Пүрэв гариг ОнцлохОюу толгойн гурван их наядын ногдол ашгийг иргэдэд тэгш хүртээхийг Орхон аймгийн АН-ынхан дэмжив
Орхон -4° USD 3597.06▼EUR 4038.06▼CNY 538.60RUB 43.77▲
Пүрэв гариг 2026.10.22 · Эрдэнэт
УЛС ТӨР

Оюу толгойн гурван их наядын ногдол ашгийг иргэдэд тэгш хүртээхийг Орхон аймгийн АН-ынхан дэмжив

  ​​​​​​УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн санаачилсан Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудлыг Ардчилсан намын Орхон аймаг дахь төлөөлөл дэмжиж, иргэдийн санал, шаардлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэх ажлыг эхлүүллээ

Оюу толгойн гурван их наядын ногдол ашгийг иргэдэд тэгш хүртээхийг Орхон аймгийн АН-ынхан дэмжив

  ​​​​​​УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн санаачилсан Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудлыг Ардчилсан намын Орхон аймаг дахь төлөөлөл дэмжиж, иргэдийн санал, шаардлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэх ажлыг эхлүүллээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгой компаниас Монгол Улсад ногдох боломжтой гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг Засгийн газрын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах бус, иргэн бүрийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах санал гаргасан. Тэрээр энэ асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, иргэдийг D-Parliament цахим платформоор дамжуулан саналаа илэрхийлж, дэмжихийг уриалсан юм.

  Түүний байр сууриар, хэрэв Засгийн газар ирэх онд Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдвэл уг мөнгийг иргэдэд тэгш хүртээх зарчмаар шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэснээр иргэн бүрд ойролцоогоор 857 мянган төгрөг ногдох тооцоолол танилцуулжээ.

   Харин Ардчилсан намын Орхон аймаг дахь төлөөлөл уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, иргэдийн санал бодлыг сонсож, шаардлагыг холбогдох байгууллагуудад уламжлах ажлыг орон нутагтаа эхлүүллээ.

  Орхон аймгийн АН-ын дарга Г.Алтангэрэл болон намын гишүүд, дэмжигчид өнөөдөр хэвлэлийн хурал хийж, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд бодитоор хүртээх шаардлагатайг онцоллоо.

  Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Сугар-Эрдэнэ Оюу толгойн өгөөжийг иргэдэд хүртээх асуудлыг эдийн засгийн тусгаар тогтнол, ардчиллын суурь зарчимтай холбон тайлбарлав. Тэрээр иргэд баялгийн өгөөжөө боловсрол, эрүүл мэнд болон амьдралын чанараа сайжруулахад зарцуулах боломжтой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. АН-ын гишүүн С.Цэрмаа өрхийн амьжиргаанд үүсээд буй дарамтыг хөндлөө. Хүнсний бизнес эрхэлдэг түүний тайлбарласнаар, шатахууны үнийн өсөлт тээврийн зардлыг нэмэгдүүлж, улмаар хүнсний бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг. Гэвч иргэдийн орлого үнийн өсөлтийг дагаж нэмэгдэхгүй байгаа нь өрхийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна. Мөн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантөмөр Оюу толгойгоос гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөжийг иргэдэд хүртээх асуудлыг хөндөв. Тэрээр үйлдвэрийн хувьцааны тодорхой хувийг иргэд, үйлдвэрийн анхдагч илгээлтийн эзэд, ажилтан албан хаагчид болон тэдний үр хүүхдэд давуу эрхээр эзэмшүүлэх санаачилга танилцуулжээ. АН-ын хорооны гишүүн Цолмон ч байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний байр сууриар, сүүлийн жилүүдэд зарласан томоохон төслүүдийн үр дүн иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг бодитой үнэлэх шаардлагатай аж.

Иргэдийн амьжиргаа ба баялгийн өгөөж

   Ардчилсан нам улс орон даяар өрнүүлж буй “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд айл өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний тулгамдсан асуудлыг сонсож байна. Орхон аймаг дахь уулзалтуудаар шатахууны хомсдол, үнийн өсөлт, хүнсний бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнээс өрхийн худалдан авах чадвар буурч, бизнес эрхлэгчдийн борлуулалт хумигдаж буй асуудлууд хөндөгдөж байгаа аж. Энэ хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй эдийн засгийн дарамтыг байгалийн баялгийн өгөөжтэй холбон авч үзэж, баялгийн орлого иргэдэд ямар хэлбэрээр, ямар зарчмаар хүрэх ёстой талаар санал бодлыг нь сонсож байна. Ингэснээр Л.Гантөмөрийн санаачилсан Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудал болон “Өөрчилье, Бүтээе” хөдөлгөөний хүрээнд иргэдээс сонсогдож буй амьжиргааны асуудлууд нэг сэдвийн хүрээнд огтлолцож байна.

   Гэхдээ Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэн бүрд олгох асуудал одоогоор санаачилгын түвшинд байгаа бөгөөд бодит хэрэгжилт нь ногдол ашгийн хэмжээ, төсөв болон холбогдох хууль, тогтоолын шийдвэрээс хамаарна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
5.0 / 5 · 1 үнэлгээ

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.