Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон өнгөрсөн хугацааны сургамжид үндэслэн Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, холбогдох тооцоо, судалгааг төсөлд тусгасныг Монголбанкны Ерөнхийлөгч онцоллоо.
Тэрбээр мөн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах зорилт дэвшүүлсэн гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулахад чиглэдгийг онцлоод, цаашид инфляцтай тэмцэхэд онцгой анхаарах шаардлагатайг санууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлснээр иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 онд 6 хувь, дунд хугацаанд 5 хувь +/- 2 нэгж хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлого баримтална.
Тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд хэрэгжүүлэх чиглэл өгөх, тогтоолын биелэлтэд хяналт тавих тухай гурван заалттай байна.
Хавсралтад 2027 оны мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх нийт 14 бодлогын арга хэмжээ, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусгажээ.
Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх, инфляцыг бууруулахад мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах эрх зүйн шинэ тогтолцоо бүрдүүлэх саналыг тусгасан байна.
Түүнчлэн бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 12 тулгуур үзүүлэлтийг тодорхойлж, их өгөгдөл, SupTech, Open Banking, mBridge, стэйблкойн зэрэг орчин үеийн технологийг судалж, эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдалтай уялдуулан үе шаттай нэвтрүүлэхээр тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ.


Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар


































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.