Орхон аймгийн асуултаар дүүрэн томилгоонууд анхаарал татсаар...
Орхон аймгаар дайрдаг улсын чанартай А-1001, А-1002 авто замын арчилгаа, засвар үйлчилгээг хариуцдаг “Орхон АЗЗА” ХХК-ийн захирал Б.Цогтгэрэлийг ажлаас нь чөлөөлж, 3-р сарын 27-ны өдөр бую
Орхон аймгаар дайрдаг улсын чанартай А-1001, А-1002 авто замын арчилгаа, засвар үйлчилгээг хариуцдаг “Орхон АЗЗА” ХХК-ийн захирал Б.Цогтгэрэлийг ажлаас нь чөлөөлж, 3-р сарын 27-ны өдөр буюу баасан гарагт ажлыг нь хүлээлцүүлсэн.
“-Шүүхдэж новшрохгүй юм байгаа биз дээ” гэж ажил хүлээцэх явцад иргэний эрхийг хязгаарлах үг дайсныг ч ажлаа хүлээлгэн өгсөн Б.Цогтгэрэл ил болгосон.
Сонгууль хаяанд ирж, нохойн дуу нь дэндүү ойртсон үед хийгдэж буй энэхүү халаа сэлгээ гэнэтийн байснаараа, тэр тусмаа орон нутагт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, эрхлэх хүрээнийхээ асуудлыг мэдэн зохицуулдаг аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүйгээрээ сонирхол татсан.
Гэтэл энэхүү халаа сэлгээний чимээ давааны ар руу тонгойж амжаагүй байтал дахин “хар баасан гараг” боллоо. Аливаа халаа сэлгээ, нийтэд таалагдахгүй үйл явдлыг долоо хоногийн сүүл, энэ өдөрт тааруулан хийдгээрээ аль ч цаг үеийн эрх мэдэлтэн, эвэртэн туурайтнууд уг гарагийг хараар нэрлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулсаар ч байгаа.
Тодруулбал Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Өлзийсайханыг мөн л энэ өдөр чөлөөлж, орны хүнийг нь дотроос нь томилсон гэх сураг намдуухан хэрнээ нухацтайхан тархав. Долоо хоногийн зайтай явагдсан халаа сэлгээний шалтгаан нөхцөл нэлээд сонирхол татна.
“Орхон АЗЗА”-ын захиралын тухайд “Санхүүгийн зөрчилтэй” гэх шалтгаанаар халагдсан бол Татварын хэлтсийн даргын хувьд 2019 онд татварын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, амжилт гарган сайшаагдаж асан мэдээллүүд одоо ч интернет хайлтаар гарч ирнэ. Тиймээс ямар шалтгаанаар ажил үүргээ хангалттай гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийг, тэр тусмаа татварын даргыг солих болов гэдэг асуултын тэмдэг олон хүний толгой дотор гозойж байна.
Бас нэг сонирхолтой асуудал бол яагаад дахиад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний, дэргэдийн хэлтсийн даргыг солихдоо аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй вэ гэдэг асуулт. Солигдсон дарга, захирал хоёр хоёулаа аймгийн Засаг даргаар гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнүүлээд, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө аймгийн Засаг даргатай зэрэгцэн суугаад зурчихсан, тамгалан баталгаажуулчихсан байсан. Гэтэл гэнэтийн халаа сэлгээ орон нутгийн удирдлагын эрх мэдэл, үйл ажиллагааны цар хүрээ дээгүүр дайран орж ийнхүү өөрчлөлт хийлээ. Ямарваа асуудлыг шийдвэрлэхэд, тэр тусмаа төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй явуулахад ажлын туршлага, ойлголт зайлшгүй чухал. Тэгвэл сонгуулийн босгон дээр гэнэт хийгдсэн эдгээр томилгооны эзэд танин мэдэхүйн шатандаа явсаар буюу ажлаа гартаа оруулах гэсээр дор хаяж нэг жилийг өнгөрөөх нөхцөл ингээд үүслээ.
Мөн аймгийн Засаг даргын дөрвөн жил хамтран ажиллаж ирсэн багт багтаж, гар нийлнэ гэдэг ч бас асуудал. Төрийн ажил гэдэг яах аргагүй багийн тоглолт, хүчин чармайлт шаарддаг, нягт уялдаатай хамтын ажиллагаа байдаг. Нөхцөл байдал ийм байсаар атал аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудал руу хэний гар хүч түрэн сунаж тогтсон шат дараалал, хууль дэгийг эвдэн томилгоо хийх болов? Аймгийн Засаг даргаас илүү эрх мэдэлтэй хэн нэгэн Орхон аймгийн төрийн үйл ажиллагаанд өөрийн дур зоргоороо нөлөөлж эхэлсэн мэт харагдаад болдоггүй.
Сонгуулийн дараагаас хийгддэг халаа сэлгээ, албан тушаалын бялуу хуваалт сонгуулийн өмнө гэнэт шат дараалал, хууль дэг алгасан явагдаж буй нь Орхон аймгийн Засаг даргын нөлөө нам, төрийн дээд шатандаа багасч, хэн нэгэн эрх мэдэлтэн түүнийг буланд шахаж, гарцаагүй байдалд оруулсныг гэрчлээд байгаа юм биш биз?
Тэнд, дээгүүр юу болоод байна? Эдгээр томилгоо хэнд ашигтай байв? Цаад шалтгаан нөхцөл нь юунаас эхлэв? Өнөөдөр томилогдож байгаа хүмүүс аль намын, аль фракцад харьяалагддаг хэн болох гээд асуултууд ар араасаа хөвөрсөөр. Улс төрийн хөшигний ард юу болж байгааг хүн бүр сонирхсоор.
Тохиролцоо, наймаацалгүйгээр, ямар нэг эрх ашиггүйгээр улс төр хөдөлгөөнд ордоггүй, сандал суудал суларч шилждэггүй гэдгийг өнөөгийн Монголын хүн бүр гадарлахтай болсон. Гэхдээ ямар ч тоглолт, тохиролцоо явагдлаа ч аймгийн Засаг даргын эрх мэдлээс давж, иймэрхүү томилгоо зохион байгуулах нь орон нутгийн өөрөө удирдах ёсонд сөрөг үр дагавартай.
Цаагуураа тогтоож, төлөвшүүлж ядаж байгаа энэ системд цохилт болох ч өндөр эрсдэлтэй. Эврийг нь тайрч, хөлийг нь нугалчихаад орон нутгаа цэгцэл гэж байгаагаас ялгаа юун. Баг хамт олныг нь бага багаар цөмж, мэрж өөрчилчихөөд бүрэн хариуцлага, шат шатны сонгуулийн эерэг үр дүнг аймгийн Засаг даргаас нэхэх ч мэдээж хэцүүхэн.
Халаа сэлгээ үргэлжлэх үү? Дараагийн баасан гарагуудаар Засаг даргадаа ч мэдэгдэж амжилгүйгээр тамгаа шилжүүлэх үйл явц дахин давтагдах уу? Хэрэв тийм бол аль хэлтэс, газрын хэн гэдэг дарга вэ? Түүний суудал суларснаар хэнд ашигтай, бас хэнд хохиролтой байх бол? Асуултаар дүүрэн томилгоонууд анхаарал татсаар...
А.Саранчимэг
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0