Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс энэ онд ажилчиддаа зориулан зохион байгуулж буй 3 аяны нэг болох “Өвлийн нар” витаминжуулалтын аян өнөөдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монос фарм” трейд, “Хаппи веритас” оношилгоо эмчилгээний төв хамтран D витамины талаар ажилчдад ойлголт, мэдээлэл өгөх витаминжуулалтын аяныг өрнүүлж байна. Монгол Улсын нийт иргэдийн 80-90 хувь нь буюу бага насны хүүхдүүдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 95 хувь, 15-49 насны эрчүүдийн 82 хувь нь D витамины дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл гарчээ. Аяны үеэр ажилчдаас D витамины шинжилгээ авч, нүдний хуурайшил тодорхойлон, био-энергийн аппаратны оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, биеийн жингийн индекс тодорхойлох, 3D арьс оношилгоо болон D витамины дутагдлын хор уршиг, витамины хөнгөлөлттэй худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр ерөнхий захиргааны 2-р байрны ажилтнуудыг үзлэгт хамруулсан бол 11 сарын 12-ны өдөр АБК дээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин Лхагва гаригт Засвар механикийн заводын ажилтнуудыг аянд уриалах юм. D витамины зохистой хэрэглээ нь насанд хүрсэн хүнд яс зөөлрөхөөс хамгаалах, ясны сийрэжилтээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ, дархлаа дутагдлын эмгэгээс хамгаалдаг байна. Харин хүүхдэд D витамин хэрэглүүлснээр рахит өвчнөөс урьдчилан сэргийлж, уушгины хатгалгаа, зүрх судас, амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, өсөлт хөгжилтийг дэмждэг байна.
Э.Мөнх-Уянга
Фото:Б.Баттөгс





Сэтгэгдлүүд 0