Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

АМРАХ ДУРГҮЙ АРД ТҮМЭН БУЮУ АМРАЛТЫН ХАРШИЛ

Улсын их хурал Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгож гэнэ ээ. Олон нийтийн сүлжээ бөөн бухимдал. Аргагүй л ажилсаг ард түмэн юм гэхээр мэдрэмж өөрийн эрхгүй төрж байна шүү. Азийн хамгийн а

АМРАХ ДУРГҮЙ АРД ТҮМЭН БУЮУ АМРАЛТЫН ХАРШИЛ
Улсын их хурал Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгож гэнэ ээ. Олон нийтийн сүлжээ бөөн бухимдал. Аргагүй л ажилсаг ард түмэн юм гэхээр мэдрэмж өөрийн эрхгүй төрж байна шүү. Азийн хамгийн ажилсаг үндэстэн Япон ч тэр, Солонгос ч ялгаагүй, маниусын үзэн яддаг Хятад ч гэсэн нийтлэг шашин шүтлэгийн баяраараа амрах хандлагатай байдгыг энд үл өгүүлэн өгүүлэхэд цахимчдын хандлагаас Монголчууд тивдээ байтугай дэлхийд хамгийн “ажилсаг” ард түмэн болоход дэндүү ойртсныг харж болохоор байна. Ашгүй дээ...                                      Өглөө өрхийн эмнэлгээр орлоо. Хүүхэд гүйлгээд үзүүлэх санаатай. Ажил эхлэхээс өмнө амжуулаад үр хүүхэдтэй санаа тавьдаг аав царайлахаар. Байр хариуцсан эмч маань алга. Өрөө нь цоожтой. Гагц би биш нэлээд хүн атирсан, эвхэрсэн байдалтай хүлээж байна. Зэргэлдээ өрөө нь овоо онгорхой. Манай байр “А”, тэр эмчийн үзлэгийн байр “Б” юм. Ялгаа нэг их байж уу гэж бодоод шагайлаа. Эмч нар хэд хэдээрээ байна шүү. Гартаа аягатай зүйл барьсныг \/үнэрээр нь кофе\/ бас чанга чанга дуугаран ярьж байгааг нь сонсоход яавч албаны ажил биш ээ. Яарч явсан болохоор “-Орох уу” гэлээ. “-Цаанаа байж бай. Ажилтай байна”. Уг нь ийм аясаар ярихааргүй жаахан охины цаанаа нэг занууртай яхир дуу. Өвчтөн хүн эмчийн өмнө бөхийнө өө гэж. Тэгээд ч харьяаллын бус учраас хүлээхээс аргагүй. Бараг хүүхдээрээ шахуу эмч, сувилагч нарын өглөөний “нийгмийн хэлэлцүүлэг” дуусдаггүй ээ. 20, 30 мин болов. Өнөө цоожтой өрөөний эзэн энд байгаа юм биш биз гэсэн хар гэнэт төрөөд хашрахгүй дахин шагайв. Асуулаа. Алга гэнэ ээ. Энэ удаад дуу нь жаахан намдаж зарим нэг нь гарах хандлагатай болохоор нь хүүхдээ чирээд орлоо доо, шийдсэн хэрэг. Эмч охин асууж байна. Аль баг, аль байр вэ гээд. Хариуллаа. “-Та манай харьяаллын биш байна аа” гэж ёстой ч нэг аз жаргал дүүрэн уянгалуулж байна шүү.      “-Завтай, хүнгүй байгаа юм чинь хальт үзээд өгч болдоггүй юм уу” гэвэл “-Номтой юм номоороо, журамтай юм журмаараа” гээд өнөөх гутал туфль, нөхөр эхнэрийн сэдэвт “нийгмийн хэлэлцүүлэг”-тээ орохоор шийдэв. Өрөөнөөс нь гарах гэж байсан нөхөд ч эргэлээ. Одоо би гарахаас биш яахав. Ажлын цагаасаа тээр хойно манай эмч залран ирэв бололтой. Өрөө нь онгойв. Оочерлогсод бужигнаад дараалалдаа ороод явчихав. Гэтэл бас хүнээ дуудаж үзэж эхэлдэггүй ээ. Шагайвал нүүрээ будаастай, утсаа ухаастай. Нэн их тэвчээр гаргасны хүчинд эмчийнхээ өрөөнд хүүхдээ чирээд орлоо доо. “-Яасын” гэж янзгүйхэн асууж байна. “-Гүйлгэсийн” гэлээ. “-Юу идсийн” гэж байна. Иддэгээ идсэн, илүүдсэн зүйл гэвэл адууны чанасан мах өгчихсөн гэвэл “-Өө тэгвэл адууны мах битгий өг” залгуулаад “-Дараагийнх нь хүн ороорой”. Ёстой юу гэсэн ч үг юм. Адууны мах битгий ид гэж хэлүүлэхийн төлөө цаг хүлээсэн болж таарах ч гэж. Бухимдлаа илэрхийлбэл “-Хүүхдээ сайн хар. Би таны хүүхдийн идэх уухыг зохицуулах албагүй. Тэгээд ч би шинэ эмч. Танай хуучин эмч гарсан”. За бараг гарсан хүний оронд энэ өрөөнд сууж манийгаа гийгүүлж байгаа юм байх аа... Үдийн цайны дараа нэг албан байгууллагаар орлоо. Зөвөлгөө авахаар. Залуухан эрхзүйч охиноос зөвөлгөөгөө аваад гарах хүртэл лав 20-30 мин болсон байх. Туршлага багатай албан хаагч гэхэд сүрхий тайлбарлаж, хэрэндээ туслах гэж үзлээ. Хамгийн сонирхолтой нь яг түүнтэй залгаа ширээний дунд насны бүсгүй унтаастай. Намайг орж ирэхэд үүрэглэж харагдсан. Зөвөлгөө авч байх явцад “давсанд явсан”. Сүүлдээ бүр намдуухан хурхирч байна шүү. Зүүд зөнг нь үргээчихвий гээд өлмий дээрээ гишгэсээр гарлаа...      Бас нэг тохиолыг өгүүлье. Бас л нэг төрийн байгууллага дээр болсон явдал. Надад дандаа тохиолдоно ч гэж юу байх вэ. Манай нэг найзад учирсан хэрэг. Мань хүн үйлчилгээ авахаар албан хаагчийн өмнө нэлээд удаан сууж гэнэ шүү. Ажилтай байна аа, хүлээж бай л гээд л гар, маус хоёр дээрээ тачигнаад дэлгэц гөлрөөд байж. Яах аргагүй улайран ажлаа хийж байгаа, түүндээ сэтгэл зүрхээрээ шимтсэн төрийн албан хаагч. Бишрэм. Эхлээд нөхөр жаахан адгаж байж. Сүүлдээ тайвширч. Бүр сүүлдээ тавираад эргэн тойрноо ажиглаж эхэлж. Уужууртал удаан ч суулгаж. Гэтэл мань албан хаагчийн ард шилэн нүүртэй бичиг хэргийн шкаф байж гэнэ шүү. Хавтас дүүртэл өрсөн. Хавтасны арыг гарчиглажээ сууснаа шилэнд туссан дэлгэцний ойлтыг гэнэт анзаарсан байгаа юм. Гэтэл... Ямар балдуушийнх нь улайрсан, шимтсэн “төрийн ажил” байх вэ. Нөгөө золиг чинь фэйсфүүк чатаар хэн нэгэнтэй их л улайран “үзэж тарж, үсэрч наалдаж” байсан гэдэг... За тэгээд хар ажил хийхээрээ байсгээд тамхилаад зогсчихдог, гэв гэнэт утсаа шүүрч ярьсаар холдоод явчихдаг \/заримдаа “давхар” дуудлага ирж хардаг л юм\/, нийтийг хамарсан чухал ажил болохоор элэг дүүрээ нь өвдчихдөг, энд тэнд ах дүү хамаатан садан, аав ээж нь өнгөрчихдөг олон янзын “бэрхшээлтэй” хүмүүс байх аа байх.     За тэр эмнэлгийн “-Цагаа аваагүй бол үзэхгүй” гэдэг хачин хүндрэл бол хэлээд юу гэх вэ. Өвчтөн үүдэнд өвдөөд байдаг, эмч өрөөндөө “цагийг нь хүлээгээд” “цаг нөхцөөгөөд” суудаг. Удахгүй цагаа авч үхээрэй гэх нь халаг болоод байна. “Үдээс хойш, үдээс өмнө” гэсэн хоёрхон цагтай Монголчууд цагаар өвдөж үзүүлнэ гэдгээс хамаг юм болоод байдаг ч юм билүү, бас хэн мэдлээ дээ... Бид чинь ийм л “ажилсаг”, “хийморьлог” “тэнгэрлэг” ард түмэн. Хамгийн их цаг завыг дэмий үрдэгээр алдаршсан “Фэйсфүүк” хэрэглээгээрээ тивдээ нэгдүгээрт, дэлхийд аман хүзүүнд “давхичихсан” улсыг огшсон “хийморьлог” гэхгүй өөрөөр хэрхэн тодорхойлох. Өдөртөө дунджаар 6-8 цаг “фэйс” ухаад байгаа “сайчууд” чинь булт нийтээрээ албан ажил дээрээ л энэхүү ажлаа амжуулж байгаа хэрэг шүү дээ. Ажил дээрээ “ажлаа” хийж байгаа нь тэр. За тэгээд энд тэндхийн хурал зөвөлгөөн, нийгмийн болоод хөгжлийн “асар их үнэ цэнэтэй” \/зохион байгуулагчид нь тэгж тодорхойлдог\/ сургалт, хэлэлцүүлэг дээр өөдөө харсан хүн байхгүй шахуу. Эрх биш нэг илтгэгч нь утсаа маажихгүй юм даа. Улс орны болоод орон нутгийн хувь заяа шийддэг томчууд нь хүртэл “амин чухал” хурал, зөвлөгөөн дээрээ утас, таблетаа “хуруугаараа” илбэж байгаад “цахим шийдвэр” гаргачихаж байгаа юм чинь... Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгожээ. Аая Монголчууд минь ямар “ажилсаг” болоо вэ? Цахим сүлжээ тэр чигээрээ “ажиллах” хүслээр “амьсгаадаж” байна... Эсвэл угаасаа “цалин”-тай амарч, “хөлс”-тэй “фэйсфүүк”-тээд байхад чинь хэдэн “дурак” дээгүүр тэнэгтсэнд дургүйцээд байгаа юм болов уу? За больё оо гэгээлэг сэтгэе. Бид удахгүй тив, дэлхийдээ хосгүй ажилсаг ард түмэн болох ч юм билүү???                                       Л.БОЛД-ЭРДЭНЭ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.