Гашуун сургамж мартагдах цагаар хүчирхийллийн аймшиг давтагдаж мэдэх нь...
Эрдэнэт хотын 1-р бичил хороололд савлуурын гол төмөр мултарч хүүхдийн толгой дээрээс цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Нийтээрээ тухайн савлуур, тоглоомын талбайг хэн хийсэн, хэн хариуцаж байсан, яагаад
Эрдэнэт хотын 1-р бичил хороололд савлуурын гол төмөр мултарч хүүхдийн толгой дээрээс цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Нийтээрээ тухайн савлуур, тоглоомын талбайг хэн хийсэн, хэн хариуцаж байсан, яагаад төмөр мултарсан талаар шуугиж, гэмтэнг шоронд сүлбэж, шонд өлгөхөөр улайрсан. Харамсалтай нь тухайн хүүхэд хэр гэмтсэн, ямархуу хохирол амссан талаар хэн ч яриагүй, эрүүл мэндийн асуудлыг нь эцэг эхээс нь өөр хэн ч анхаараагүй.
Эмнэлэгт хүртэл хүүхэд цусаа гоожуулаад очиход нь эмнэлгийн байгууллага, хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч “А” ч шалтгаан нөхцлийг нь магадлан тогтоох гэсэнгүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнгүй. Тодруулбал иргэний болоод эмчийн үүргээ биелүүлсэнгүй. Хэрэвзээ хүүхэд гэнэтийн осолд өртөөгүй, ямар нэг харгис этгээдийн гарт хохироод тухайн хүчирхийлэгчийн хамаарал бүхий этгээдэд хөтлүүлээд явж байсан бол ингээд гэмтэн ял завших, хүүхэд үргэлжлэн харгислуулах, магадгүй амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл бүрдсэн гэсэн үг. Эмчийн хариуцлагаас шалтгаалж...
Хүчирхийлэгчид хохирогчоо аргагүйдэн эмчилгээнд аваачихдаа хэзээ ч толгой руу алхаар цохисон, хананд савсан гэдэггүйг Цогт, Маралмаа нарын холбогдсон дөрвөн настай охины дуулиант хэрэг тов тодорхой гэрчилнэ. Гэвч Монголын нийгэм бяцхан охины амиа золин байж үлдээсэн гашуун сургамжийг зул өргөх төдийхнөөр тун амархан мартсныг энэ үйл явдал харууллаа. Хэрвээ эмч харгис эцэг эхийн “-Хүүхэд орноосоо унасан” гэсэн үгэнд цадаагүй бол дөрвөн настай бяцхан охин аврагдах боломж байсныг өдгөө харуусан байж нэхэн дурсая... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар иргэн бүр, тэр тусмаа эмч, багш, төрийн албан хаагч бүр хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, цагдаагийн байгууллагад мэдээллэх, таслан зогсоох үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлээгүй бол бас хуулийн дагуу хариуцлага хүлээхээр заасан. Гэхдээ энэ бол хүн бүрийн хуульчилсан, хуульчлаагүй сэтгэл зүрхэнд ойр байх ёстой сэдэв. Торгон эмзэглэл.
Бид бүгд үр хүүхэдтэй. Тэднийгээ хэн нэгний гарт харгислуулаад байж байхаас, амь нас, эрүүл мэндээ алдахаас нийгмийн гашуун жишээн дээрээс зүрхээ чичрүүлэн айдаг. Өөрт битгий тохиолдоосой гэж байгаа бол бүгд өрөөлийг аврахын төлөө сэтгэл, зүтгэл хоёроо гаргах л ёстой...
Нөхөртөө зодуулсны улмаас хүүхдээ дутуу гаргасан, эмнэлэг дээр цэвэрлүүлсэн, гадаа тоглож байгаад хүүхэд дутуу тавьсан зам дээр унаж толгой, хөлөө гэмтээсэн... Хоёр ялгаатай явдал мэт харагдавч хоёулаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх нэг л шалтгаанд огтлолцоно. Шалгаж тогтоох нь, магадалж эцэслэх нь эрх бүхий байгууллагынх нь үүрэг. Энэ бүхэн бодит үйл явдал. Харамсалтай нь ам дамжсан яриа болоод замхарсан. Хэн нэгэн хохирч нүдэндээ нулимстай үлдэх саарал нийгэм хариуцлагагүй хариуцлагатнуудаас болж манарсаар байгаа нь үнэн...
Хуулиараа үүрэг хүлээгч бүгд мууг нь түрүүлж бодож, муугаас эхлэн сэргийлэхгүй бол муу муухай бүхэн нийгмээс арилахгүй. Мууг нь арилгасан байхад сайн нь аяндаа цэцэглэдэг нь ертөнцийн жам. Гэтэл бид мууг нуухад санаатай, санаандгүй хамтран зүтгэж, хар бүхэн хатиг болж нийгэм рүүгээ хурган яргахад нэг бүрчлэн хувь нэмрээ оруулсаар байна...
Аливаа муу муухайг авдарлан дарах өөр нэг шалтгаан бол нэр хүнд. Хамт олон, хамаатан садан, сургууль, цэцэрлэгийн “ариун” нэр хүндийн үнэ цэнийг хичнээн эмэгтэйчүүд, хүүхдүүд нулимс, цусаараа хамгаалсныг таашгүй. Сургуулийн нэр хүндээс болж үе тэнгийнхэн нь зодож бэртээсэн хүүхдийн асуудал дарагдаж, цэцэрлэгийн нэр хүндээс болж хүүхэд зодсон багшийн асуудал хумигдаж, ураг төрлийн нэр хүндээс болж адгууснаас дор “ах”-ын нүгэл нуугдаж байна. Нэр хүнд...
Нийгмийн ухамсар, нийтийн хуулиас давсан аймшгийн үнэтэй эд. Сайн муу, сайхан муухай зэрэгцэн оршдогыг хүлээн зөвшөөрч, хүний гэмийг нууснаараа төгс харагддаггүйг ойлгох цаг хэзээ бол??? Дахиад л үүрэг хариуцлага ярья. Ямар ч үнэ цэнэ, нэр хүндээс илүү хүүхдийн өмнө, хүний өмнө хүлээсэн хүн чанарын үүрэг хариуцлага хэнбугайд ч, тэр тусмаа төрийн албан хаагчид байх учиртай... Багш нар сурган хүмүүжүүлэх орчиндоо, эмч нар эмчлэн сувилах үйл ажиллагаандаа хүчирхийллийг үл тэвчих ёстой... Ер нь хүн бүр орчин ахуйдаа хүчирхийллийг үзэн ядагч, хүчирхийллийн шинж тэмдэгийг дохиолон сэрэмжлүүлэгч байхын төлөө... Хамтрах цаг хаалга тогшиж байна.
Л.БОЛД-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0