Хонконгийн тэмцэгчдийн тал нь бууж өгөх замыг сонгосон ч үлдсэн нь илүү нягт зохион байгуулалтад оржээ
БНХАУ-ынонцгой удирдлагын бүс болох Хонконгт болж буй эсэргүүцлийн арга хэмжээ 18 дахь долоо хоногтооүргэлжилж байна. Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн, жагсаал уламд
БНХАУ-ын онцгой удирдлагын бүс болох Хонконгт болж буй эсэргүүцлийн арга хэмжээ 18 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн, жагсаал улам даамжирсаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, ардчиллын төлөөх хувьсгал болж өргөжөөд буй. Тэмцэгчид болон цагдаа нарын зүгээс үзүүлэх хүч хэрэглэх байдал улам даамжрах хандлагатай болжээ.
Хар хувцсаар жигдэрсэн тэмцэгчид гудамжинд цагдаа нар руу тэсэрч, дэлбэрэх бодис шидэж, төрийн үйлчилгээний барилгуудыг шатаахыг хэд хэдэн удаа завдсан байна. Харин цагдаа нар олноороо цугласан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, газ, даралттай ус ашиглаж байгаа аж. Хамгийн сүүлд буюу энэ сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан болсон том хэмжээний жагсаал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн албан хаагч анх удаа Хонконгийн босогч нарын өөдөөс шууд үхэлд хүргэх аюултай, галт зэвсгээр гал нээж нэг хүнийг шархдуулсан юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар хэрэв аравдугаар сарын 1-нд галт суманд оногдсон иргэн амь эрстсэн бол нөхцөл байдал аймшигтайгаар эргэх байсан талаар онцолжээ. Мөн цаашид цагдаа эсвэл жагсагчдын талаас нэг л хүний амь нас эрстэхэд төсөөлшгүй их хүч хэрэглэлт гарахыг ч анхааруулаад буй. БНХАУ-ын эрх баригчдын хувьд 1989 онд Тиананмений талбайд болсон оюутны эсэргүүцлийн арга хэмжээг цус асгаруулан дарсан туршлага бий. Хятадын Коммунист намын тушаалаар тухайн үед цэргүүд албан бус тоогоор 3000 гаруй хүнийг хөнөөсөн гэж үздэг. Энэхүү үйл явдлаас болж БНХАУ-ын олон үндэстэн ястан, өөртөө засах эрх бүхий бүсүүдэд болгоомжлол, айдас үүсэж салан тусгаарлах хөдөлгөөн, аливаа эсэргүүцлийн үйл явц суларсан гэж судлаачид дүгнэдэг.
Тэгвэл улс төрийн эсэргүүцлээс үүдэн нийгэмд үүссэн энэхүү айдсаас болж Хонконгийн иргэд олноороо гаднын улс руу дүрвэх хандлагатай болжээ. Үүнээс өмнө Хонконг 1997 онд Их Британийн колоничлолоос БНХАУ-ын мэдэлд ахин шилжихэд Хятадын “нэг улс, хоёр систем” бодлогыг эсэргүүцсэн иргэд олноороо дүрвэж байв. Хонконгийн их сургуулийн зүгээс өнгөрөгч зургадугаар сард иргэдийн дунд хийсэн судалгаанд хэрэв Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл батлагдвал эх орноосоо дүрвэнэ гэж хоёр хүн тутмын нэг нь хариулсан аж. Энэхүү хуулийн төслөөс улбаалан үүссэн эсэргүүцлийн арга хэмжээ даамжирсаар эмх замбараагүй байдал хяналтаас гарахад хүрсэн тул Хонконгийн онцгой удирдлагын бүсийн тэргүүн Керри Лиам уг төслийг эгүүлэн татаж, бүрэн цуцалсан юм.
Гэвч нэгэнт эрчээ авсан олны эсэргүүцэл намжсангүй улам бүр ардчиллын төлөөх өнгөт хувьсгалын шинжтэй болж ирсэн. Хонконгийн одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулийн дагуу 2047 он гэхэд БНХАУ-тай тохиролцсоны дагуу тус өөртөө засах бүс нь онцгой эрхгүй Эх газрын Хятадын бусад муж, засаг захиргааны нэгжийн л адил нэг хэсэг нь болно. Тиймээс үндсэндээ Хонконгийн тэмцэгчид Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл, Хятадын “нэг улс, хоёр систем” бодлого гэдгээс илүүтэй 20 хүрэхгүй жилийн дараах эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй юм. Тэд гудамжинд нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй, нийгмийн сэхээтнүүдийн тодорхой хүрээнд улс төр, эдийн засаг, үзэл суртлын тэмцэл ч өрнүүлж буй.
Харамсалтай нь Хонконгийн иргэд, тэр дундаа нийгмийн боловсролтой, баян чинээлэг хэсэг нь гаднын улсууд руу дүрвэх хандлага сүүлийн үед улам нэмэгджээ. Учир нь БНХАУ-ын эрх баригчдын зүгээс Хонконгийн бослогыг хүч хэрэглэн намжааж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд цус асгаруулан дарах талаар байнга шахуу мэдэгдэх болсон. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар өнгөрөгч тавдугаар сараас наймдугаар сарын хооронд АНУ, Их Британи, Австрали, Канад болон бусад барууны орнуудад оршин суух виз хүссэн Хонконг иргэдийн тоо сүүлийн гурван жилтэй харьцуулахад хоёр дахин өсжээ. Харин эдгээр хүмүүсийн дийлэнх хувь нь 20-30 насны залуус байгаа аж. Мөн энэ тоо БНХАУ-ын эрх баригчидтай удаан хугацаанд таарамжгүй харилцаатай байгаа Тайваньд ч өндөр байгаа юм.
Гэсэн ч асуудлыг зугтаж биш, тэмцэх замаар шийдэхийг зорьж буй иргэдийн хэсэг нийтийг хамарсан жагсаал, цуглаанд нарийн зохион байгуулалттай оролцож эхлээд байна. Зохион байгуулагчдын зүгээс идэвхтэй тэмцэгчдийг илүү нягт зохион байгуулалтад оруулж байгаа аж. Хүчтэй эсэргүүцэгчид хар хувцсаар жигдэрч байгаа бөгөөд биедээ хэд хэдэн зүйлийг заавал авч явах ёстой. Тухайлбал байнга мөргөлдөөнд орж буй тэмцэгчид цагдаа нарын шидсэн нулимс асгаруулагч, газнаас сэргийлэх нүдний шил, хорт хийн баг, бээлий, борооны шүхэр, резинэн сум, чулуу зэргээс хамгаалах тод өнгөтэй толгойн каск, шилбэ, өвдөг, тохойн хамгаалалт хэрэглэн, баривчлагдахгүйн тулд биедээ үргэлж солих ээлжийн хувцас, жагсаал цуглааны мэдээллийг авах зорилгоор гар утас, яаралтай үед холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, удаан хугацаанд гудамжинд жагсаал хийх болон газ, нулимс асгаруулагчид өртсөн тохиолдолд нүд, амьсгалын замаа цэвэрлэх зорилгоор цэвэр усыг байнга биедээ авч яваа аж.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0