3 хоногийн өмнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алджээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсчээ. Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэдэг үүрэг даалгаврыг өглөө хэмээн НЗДТГ-аас мэдээллэсэн.
Дээрх асуудалтай холбогдуулан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Тус лабораториудад хийлгэсэн шинжилгээний хариу бүгд стандартын шаардлага хангасан хэмээн гарсан юм.
.jpg)
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ "Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 буюу стандарт, хүхэр нь 1.0 хувь байх ёстойгоос 0.95 хувь шаардлага хангасан гарсан байна. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул байна. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт ирсэн. Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Дээрх хариунууд бидний дүгнэлттэй таарч байна. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан" гэсэн юм. Гэхдээ шахмал түлшний дээжийг дахин шинжлүүлэхээр БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулжээ.
Тэгвэл өмнө нь 2019 оны гуравдугаар сард БНСУ-д шинжилгээнд явуулж байсан шахмал түлшний дээжийн хариуг танилцуулж байна.

ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 30-50 ХУВЬ БУУРАХ ТООЦОО БИЙ...
Сайжруулсан шахмал түлшний чанар, хүртээмжийн талаар НМХГ-ын АЧХХ-ийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс тодруулахад:

-Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг \/15\/- 6.5 дахин бага, үнслэг \/30\/-1.1 дахин бага, хүхэр \/1\/ стандарт хэмжээнд, илчлэг \/3800\/-1.6 дахин их, бат бөх \/80\/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь “Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна.
Улаанбаатар хотын ахуйн хэрэгцээнд ашиглаж буй 1.2 сая тн түүхий нүүрсний хэрэгцээг 600 мянган тн шахмал түлшээр сольж хангах боломжтой талаар, мөн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2,5 дахин их, шаталтын процессын дүнд үүсч байгаа тоосонцорын хэмжээ 27 дахин бага, СО буюу угаарын хийн хэмжээ 4 дахин бага байна гэсэн эрдэмтдийн тооцоо, судалгаа гарсан. Нэг өрхийн халаалтын улиралд хэрэглэх нүүрсний хэмжээ 4-5тн бол шахмал түлш 3 тн хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг, агаарын бохирдлыг 30-50%-иар бууруулна гэж тооцож байгаа.
Таван толгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 60 000 тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна. Сайжруулсан шахмал түлшийг түүхий нүүрс борлуулах цэгүүдээр дамжуулан худалдаална гэлээ.
эх сурвалж: МХЕГ,http:\/\/home.inspection.gov.mn\/
Сэтгэгдлүүд 0