Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн хүрээнд эх орны өнцөг булан бүрээс аялагчид зүүн хязгаар нутгийг зорьсон. Бид ч Эрдэнэтээс 33-уулаа их урсгалд нэгдэхээр эртлэн хөдөллөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Чойжилсүрэн, Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Д.Бямбаа нараар чимэг хийсэн манай аялалын багт Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, орос мэргэжилтнүүд, шилдэг ажилчид, Орхон аймаг дахь Дорнод нутгийн зөвлөлийн залуус, Монгол, Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн гишүүд багтсан нь олзуурхууштай. Бид автобус хөлөглөн Булган аймгаар даялж явсаар Нийслэл хүрч, Соёлын төв өргөөнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт хөл гишгэх зайгүй үзлээ. Үүнд л амжих гэж бид Эрдэнэтээс үүрээр хөдөлсөн хэрэг. Урилга барьсан олон хүн орж багтахгүй гадаа хоцорсондоо бухимдан дэмий л хамгаалагч залууст үг хаяна. Харин манайхны цөөн хэд нь суудалд тухалж, ихэнх нь зогсоогоороо үзсэн ч сэтгэл тун хангалуун байв. 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Оросын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Монгол Улсын төрийн дууллаар эхэлсэн нь сонирхол татсан. Дуу, бүжиг бүр нь утга агуулга төгөлдөр хийгээд мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны соёл, хувцас загвар, зохион байгуулалт, найруулгын төгс нийлэмжийг “ах нар” үнэнхүү гайхуулав.

Сансрын хөлгийн бүхээгт...
Маргааш нь Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Одон орон судлалын төвдөө биднийг хүлээн авч, музейгээ үзүүллээ. Сансарт ниссэн хүн бүр өөрийн улсдаа Сансарын ордон барьж, үзсэн туулснаа, энэ чиглэлийн сонин содон мэдээллийг олон түмэнд хүргэх хүсэлд автдаг. Сансар, од, эрхэсийн ордон 2014 онд ашиглалтад орсон бөгөөд энд задгай сансрын дуран, нарны аймгаар аялсан аппарат, одон орон судлалын шинжлэх ухаан үндэслэгчдийн танилцуулга, хөрөг, Интеркосмос хөтөлбөрт оролцсон орнуудын бэлгэ тэмдэг, дурсгалын зүйлс, сансрын хоол хүнс, Ж.Гүррагчаа баатар оддын хотхонд бэлтгэл хийж байхдаа болон сансарт нисэхдээ өмссөн хувцас, монголд унасан сансрын хөлөг гэх мэт сонирхолтой олон үзмэр байна. Хамгийн чухал нь “Союз-39” хөлгийн буугч хэсэг. Бүтэн байх үеийн жин нь найман тонн гэнэ. Хүн багтсан гэхэд итгэмгүй давчуу зайд хоёр суудал байна. Мэдээж, нэг нь Ж.Гүррагчаагийнх, нөгөө нь В.А Жанибековынх. Эрүү, өвдөг их ойрхон нугаларч суун, зайгүй байрлах самбарууд дээр тэд ажиллаж явжээ. Одоогийн “Далай ээж” захын буйран дээр хуучин Тээврийн музей байхад сансрын хөлгийн буугч хэсэг тэнд залаастай байж. 10 гаруй жилийн өмнө музей зах болоход Ж.Гүррагчааг “Энийгээ авч, зай гаргаж өг” гэж тэвдүүлжээ. Баатар зуслангийн байрандаа олон жил хадгалсны эцэст Одон орны музей барихдаа ханаар нь оруулж, мөнхийн зогсоолд нь байрлуулсан. Тухайн үед Орос, Монгол улс жинхэнэ “ах, дүү”-гийн найрсаг харилцаатай байсан учир технологийн үсрэнгүй дэвшил, өндөр нууцлал бүхий сансрын хөлгийн нэгэн хэсгийг манайд бэлэглэсэн нь өнөөдөр нүд хужирлах гол үзмэр болжээ.
Сэтгэгдлүүд 0