Н.Манчук: Технологийн сургуулийн оюутнууд “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдана
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 44 жилдээ уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, шинэ хичээлийн
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 44 жилдээ уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, шинэ хичээлийн жилийн элсэлт эхэлж буйтай холбогдуулан тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай ярилцлаа.
- Өнгөрч байгаа хичээлийн жилд Технологийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэрхэн үргэлжлэв? Онцлог нь юу байв? - Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 240 оюутан суралцаж төгсөж байна. Тэдний 52 нь магистрын , 100 нь бакалаврын, 41 нь Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтыг тус тус төгслөө. Мөн манай сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийг 11 сурагч суралцаж төгссөн. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, Бүтээмж инноваци, мэргэжлийн түр сургалтад давхардсан тоогоор 4827 хүн хамрагдлаа. Нийт 5031 хүн тус сургуульд суралцаж, төгслөө. - Хичнээн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна вэ? - Өнгөрч буй хичээлийн жилд манай сургуульд 100 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байна. Бакалаврын зэрэгтэй сургалтад долоон мэргэжлээр буюу уул уурхайн ашиглалтын технологи, цахилгаан инженер, мэдээллийн технологи, механик инженер, авто инженер, ашигт малтмал баяжуулалтын инженер, металлурги металлын технологи гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Орос хэлний нэг жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт суралцсан оюутнууд ирэх хичээлийн жилд ОХУ-ын Уралын Их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн дагуу нэгдүгээр курсээс сонгож суралцах юм. - Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын чанарт ямар ахиц дэвшил гарав? Энэ чиглэлээр хэрхэн анхаарч ажилласан бэ? - Манай сургууль сургалтын үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Үүний батламжийг өнгөрсөн хичээлийн жилд гардаж авсан. Мөн бид “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Саяхан ШУТИС-ийн долоон профессор багшийг урьж ирүүлэн, хөтөлбөрийн гурван чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэснээр “Үр дүнд суурилсан хөтөлбөр” дээр тулгуурлан боловсруулсан бидний сургалтын хөтөлбөр шинэ хичээлийн жилд хэрэгжээд эхлэх боломжтой болсон. Өнгөрч буй хичээлийн жилд манай Ахлах сургуулийн сурагчид Байгалийн ухааны улсын олимпиадад эхний таван байрт шалгарсан амжилт үзүүллээ. Багш нарын хувьд “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-өөрөө ШУТИС болон Шинэ Монгол сургуультай хамтран зохион байгуулсан бага хуралд тэргүүн болон дэд байр эзэлсэн. Урлаг, спортын олон улс болон улсын уралдаан тэмцээнд манай оюутнууд амжилттай оролцлоо. - Сургалтын “2+2” хөтөлбөрийн давуу тал, үр дүн ямар байна вэ? - Би түрүүн дурьдсан. ОХУ-ын Уралын Их сургуультай хамтран металлурги, металлын технологи чиглэлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хоёр жил дотооддоо, дараагийн хоёр жилд Орос улсад суралцах боломжтой хөтөлбөр. Мөн АНУ-ын Аляскын Фейрбанксийн Их сургуультай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань улсын Кун Шаны Их сургуультай “1+3”, “2+2” хөтөлбөрийн хүрээнд хамтарч байна. Нэг жил эндээ суралцаж, гурван жилд Тайвань улсад суралцах гэх мэт. Тайвань улсад эхний жил 100 хувь, хоёр дахь жилээс 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. - Технологийн сургуулийг “Онцлох диплом”-той төгссөн оюутнуудад Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог уламжлалтай. Үүнээс гадна өөр ажил олгогчдоос ажлын урилга ирдэг үү? - Манай сургууль 2014 оноос онц дүнтэй суралцсан оюутнуудаа “Онцлох диплом”-той төгсгөж, тэдэнд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг болсон. Энэ жишгээр өнгөрсөн жилийн 27 дахь төгсөгч маань Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Энэ хичээлийн жилд 3.2 голч дүнтэй 5 оюутан суралцаж байна. 3.6-аас дээш голчтой нэг оюутан ШУТИС-ийн “Онцлох диплом”-той төгсөнө. Геологи, уул уурхайн чиглэлийн компаниудтай бид хамтран ажиллаж байна. Манай оюутнууд 3.2-оос дээш голч дүнтэй бол “Оюутолгой” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн бид оюутнуудаа суралцах явцад нь ажлын байраар хангах зорилгоор цагийн ажил хийлгэдэг. Тухайлбал, “Миний туслах оюутан”, хичээлийн завсарлагаа болон чөлөөт цагаараа багш нартаа туслаад, кредит цагийн урамшуулал авах зэрэг туслах ажилд хамруулж байна. - Шинэ хичээлийн жилийн элсэлт удахгүй эхэлнэ. Энэ удаагийн элсэлтийн журам ямар онцлогтой байх вэ? - Манай сургуульд элсэж буй оюутан элсэлтийн шалгалтын дүн 700-аас дээш оноотой тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй элсүүлнэ. 650-699 оноотой бол 50 хувь, 600-649 оноотой бол 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол 100 хувь, улс, бүсийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол 15-100 хувийн хөнгөлөлттэй элсүүлэх боломж нээгдсэн. Энэ жилийн онцлог гэвэл, хөнгөлөлт үзүүлэх олон боломж нэмэгдэж байгаа. Өмнөх жилд тогтоосон босго оноо өнөө жилд ч 400-500 хэвээрээ байна. - Багш нарын хувьд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ? - Манай сургууль 38 үндсэн багштай. Үүнээс гадна бакалаврын сургалтад гэрээгээр Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтэн, доктор 12 багш хичээл зааж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж инновацийн сургалтын 80 орчим хувьд нь мөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй тухайн чиглэлийн мэргэжилтнүүд багшилдаг. Манай бүх багш нар үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрөөр хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, өөрчилсөн. Тухайлбал, 19 ур чадварыг оюутанд олгох зарчмыг баримтлан хичээлээ заах зорилготой ажиллаж байна. - Технологийн сургуулийн давуу тал юу вэ? Энд суралцахаар сонгосон ирээдүйн уул уурхайн мэргэжилтнүүдэд илүү ямар мэдлэг чадвар олгож чадах вэ? - Сайхан асуулт байна. Нэгдүгээрт, манай сургуулийн Ахлах сургуулийн хөтөлбөр ирэх хичээлийн жилээс Кембрижийн сургалтын хөтөлбөр болон өөрчлөгдөж, найман хичээлийг англи хэл дээр үзэж эхэлнэ. Ингэснээр манай Ахлах сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн 130 оронд шууд элсэн суралцах боломжтой болох юм. Хоёрдугаарт, бакалаврын ангийн оюутнууд “2+2” хөтөлбөрүүдэд хамрагдахын зэрэгцээ АНУ-ын Их, дээд сургуульд 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань, ОХУ-д суралцахдаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Шинэ хичээлийн жилд бид өөрийн сургуульд Японы Нагоя болон бусад их сургуулийн профессор багш нарыг урьж, механикийн ангиудад хичээл заалгана. Өнгөрсөн жилд гадны багш нарыг урьж, уул уурхайн ангийн оюутнуудад хичээл заалгасан нь үр дүнгээ өгсөн. Энэ бүхэн алхам алхмаар урагшилж, олон улсын институт болох зорилгоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаагийн илрэл гэж хэлэхийг хүсэж байна. Технологийн сургуулийн давуу талыг ерөнхийд нь хэлбэл, манай улсын аль ч аймаг, орон нутгаас элсэгчид улсын тэргүүний оюутны байранд байрлаж, тав тухтай орчинд суралцах боломжтой. Мөн элсэлтийн шалгалтын онооноос хамааран төрөл бүрийн хөнгөлөлт эдэлнэ. Түүнчлэн “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оюутнууд маань сургуульдаа багшийн туслах, жижүүр, өлгүүрийн ажилтан хийж, бие даан ажил хөдөлмөрт давхар суралцах боломжийг нээж өгч байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0