Н.Эрдэнэбаяр: Хүүхдээ номонд дуртай, номтой нөхөрлүүлэхэд эцэг, эх чухал нөлөөтэй
Хүүхдийн ертөнцийг хамгийн гэнэн цайлган хэмээн тодорхойлж, хүүхдийнгүрэнтулсад ажиллаж, хөдөлмөрлөн, чин сэтгэлээ зориулж яваанэгэн зохиолчтой ярилцлаа. Энэ бол хүүхэд, багачуудын хамгийн сайн мэдэх&
Хүүхдийн ертөнцийг хамгийн гэнэн цайлган хэмээн тодорхойлж, хүүхдийн гүрэнтулсад ажиллаж, хөдөлмөрлөн, чин сэтгэлээ зориулж яваа нэгэн зохиолчтой ярилцлаа. Энэ бол хүүхэд, багачуудын хамгийн сайн мэдэх “Бумбардай” номнызохиолч, Намбаралын Эрдэнэбаяр юм.
-Таныг багийнхаа хүсэл мөрөөдлөө одоо хүртэл өөрчлөөгүй, түүнийхээ дагуу ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүн гэж ойлгосон. Та ер нь хүүхдийн ном бодож, зохиож, зурж байхдаа өөрөө дотроо юуг бодож төсөөлдөг вэ?
-Би зохиолоо бичихдээ маш их баясаж, хөөрч, догдолдог. Зохиолч нь эхлээд баясахгүй бол хүүхдүүдэд хөгжилтэй санагдахгүй болов уу. Мөн хүүхэд байхдаа энэ зүйлийг яаж, ойлгож, мэдэрч байсан билээ гэдгээ дурсан санадаг. Мөн тухайн сэдэвтэйгээ холбоотой судалгаа хийнэ. Хүүхдэд ямар өнцгөөс нь хүргэх вэ, яавал тэдэнд сонирхолтой байх вэ, хүүхдийн нүдийг хэрхэн ядраахгүй байх вэ гэх мэтчилэн олон зүйлийг тооцдог. Үүгээр бодвол бараг л математикийн ухаан юм даа. Хүүхдийн сэтгэл зүйг ч бас их чухалчлан үзнэ.
-Хүүхдийн зохиол бичээд, ном бичээд ажиллаж, амьдарч болох юм байна гэж хэзээнээс бодсон бэ?
-Одоогоор би тасралтгүй15 жил хүүхдийн ном, комикс хийж байна. Эхнээсээ үүнийг хийгээд амьдрах тухай огт бодоогүй. Миний хийхийг хүсэж буй “дуртай зүйл” гэж ойлгосон. Дараа нь оролдоод үзсэн. Мэдээж, анх хийхэд чадахгүй зүйл олон тул хэцүү байв. Тэгээд “Үүнийг чаддаг больё, хийж суръя” гэдэг л сэтгэлгээгээр хандсан. Удаандаа, энэ нь зөвхөн миний дуртай ажил гэдгээр хязгаарлагдаагүй. Хүүхдэд, эцэг, эхчүүдэд хүрдэг хариуцлагатай, тодорхой хэмжээний соён гэгээрлийн, хүмүүжил олгодог чухал ажил болсон. Цаашлаад энэ ганцхан ном хэвлээд дуусах биш, зах зээл, түүний соёл, эдийн засагтай холбоотой. Би улсынхаа хөгжил, ирээдүйтэй холбоотой ажил хийдэг гэдгээ их хожим мэдсэн.\/Инээв\/ Тийм үүнийг үйлдвэрлэл болгон хөгжүүлэх, олон улсад Монгол Улсын онцлог, өв соёлыг таниулахыг зорих болсон. Монгол зохиолч хүүхдийн ном гаргаад амьдарна гэдэг нэлээд хүндрэлтэй. Гэхдээ манай байгууллага, хамт олны хувьд нэгэнт эхэлсэн болохоор Монголд контент хийгээд амьдарч болох эсэхийг туршаад л явж байна. Мэдээж, үүнийг боломжтой гэдгийг батлан харуулахыг хүсэж байна.
-Бүтээлд суурилсан бүтээгдэхүүн гэх зүйл бий болоод байна. Таны бүтээл оюун санааны хувьд болон, нийгмийн эдийн засгийн хувьд ямар ололтууд байна вэ?
-Энтэртайнмэнт бизнес дотроо дүр дээр суурилсан бизнес нь том орон зайг эзэлж байна. Тухайлбал, кино, комикс нийлээд дүр дээр суурилсан бизнесийн арван хувь, үлдсэн 90 хувийг нь дагалдах бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. Үүнээс шалтгаалаад жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгждөг. Өөрөөр хэлбэл, арван хувь нь хүүхдийн оюун санаанд хүрнэ. Тухайн танигдсан дүрээр дамжуулан, бүтээгдэхүүн үйлчилгээ явуулахаар амжилттайгаар “трэнд” болдог. Манайх “Эрдэнэс хивс”-тэй хамтраад арван хоёр жилтэй бумбардайгийн хивс үйлдвэрлэсэн. “Таван нүдэн” брэндтэй хамтраад тарагны аяга ч бас гаргасан. Одоогоор нухаш үйлдвэрлэх гэж байна. Үүнийг том зургаар хэлбэл бид дүрийн бизнес хийж байна.
-Та зохиолоо бичиж, зурж байхдаа хүүхдийн ертөнцийг төсөөлж, магадгүй тэнд л байдаг байх. Таныхаар хүүхдийн ертөнцийг төсөөлөөд хэлбэл?
-Хүүхдийн ертөнцийн хамгийн том тодотгол нь “гэнэн цайлган”. Хүүхэд өөрөө хүмүүжин, том хүн болох явцдаа төлөвшин “хат” суудаг. Тэр хүртлээ хүүхэд өөрөө нас насныхаа онцлогоор уяхан, эмзэг байдаг. Үндсэндээ хүн болоход бэлдэж байгаа хүн юм. Хүүхдийн онцлог чанар нь гэвэл хүүхэд аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Том хүний тэр чанар нь багасдаг юм шиг байгаа юм. Учир нь амьдралын янз бүрийн нөхцөл байдал, ойлголтуудад хүрээд тэр нь олон талтайг ойлгоод эхлэх тусам, яг нэг зүйлд чин сэтгэлээ зориулах орон зай нь багасдаг. Харин хүүхэд нэг зүйлд дурлавал, сайн хандвал, мөрөөдвөл түүнд бүх сэтгэлээ зориулж чаддаг гоё зүрх сэтгэлтэй хүн.
-Хүүхдийн тухай бодол дээрээ тулгуурлаад, зохиолоо бичдэг байх, тийм үү?
-Өмнө нь хүүхэдгүй байхад хүмүүс надаас “Чи хүүхэдгүй байж, хүүхдийн зохиол бичлээ гэх юм, яаж вэ” гэж их асуудаг байлаа. Тэгэхээр нь би “Би ч гэсэн хүүхэд байсан шүү дээ” гэж хариулдаг. Зохиол бичихдээ хүүхэд байхад минь энэ асуудал надад ямар санагддаг байсан билээ гэдгийг илүү боддог. Тэндээсээ нэлээдгүй зохиолынхоо санаа зүйлүүдийг ч олно. Том хүний амьдрал гэдэг санаа зовох асуудал ихтэй, маш завгүй өрнөдөг учир бид хэн байснаа мартчихдаг. Хүүхэд байхдаа тухайн асуудлыг юу гэж боддог байсан, юуг мөрөөддөг байсан, ямар үе шатуудыг даван туулж, өөрийнх нь хөгжил нь явагдаж байсан зэргийг анзаарах юм бол хүнд хүүхэд насных нь бүхий л дурсамж, дурдатгал бий. Хүн бүхэн хүүхэд байсан.
-Та багийнхаа хүсэл мөрөөдлийнхөө тухай дурсамжаас хуваалцаач. Мөн танд хүсэл мөрөөдлөө орхиж, энэ болохгүй юм гэж шантарч байсан үе бий юу?
-Би хоёрдугаар ангид байхдаа “Араатны хаан арслан” гэдэг хүүхэлдэйн кино үзээд, хүүхдийн зохиолч болъё, гоё комикс номын бүтээе гэж шийдсэн юм. Тэр цагаас хойш би энэ хүсэл мөрөөдлөө ерөөсөө зогсоогоогүй. Одоо хүртэл зүтгэсээр л байна. Шантрах болих гэхээсээ илүү би асуудалд мухардахаараа аргаа өөрчилдөг. Тэхдээ миний зорилго хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Ингэж үзээд болохгүй юм байна. Энэ биш юм байна, тэгвэл ингээд нэг хийгээд үзье гэх мэтээр асуудлыг давж гардаг. Орон зай сэдэв, агуулгын хувьд энэ их том салбар. Амархан ард нь гарчихдаг, дуусдаг ажил биш. Ер нь их хэцүү гэж хэлэхэд болно. Хувь хүний зүгээсээ би их эрсдэлтэй зүйлд дуртай. Тэр утгаараа энэ ажил надад үргэлж сонирхолтой байдаг.
-Хүүхэд байхдаа хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв, энэ жил таныг ахиад хүүхдийн баярыг яг хүүхэд шиг тэмдэглээрэй гэвэл та юу хийх вэ?
-Хүүхэд байхад хүүхдийн баяраар талбай руу гарна. Тэр өдөр миний баяр гэдэг утгаараа зурагт үзнэ, аав ээжээсээ ирсэн бэлгээ авна. Миний төрсөн өдөр шиг санагддаг байсан. Одоо бол хүүхдийн баяр миний ажил болчхоод байна. Бид тодорхой байршлууд дээр худалдааны цэгүүд гарган, номоо борлуулна. Манай байгууллагын хувьд зургадугаар сарын 1-н бол амралтын өдөр биш жинхэнэ ажлын өдөр.
Энэ жил хүүхдийн баяр тэмдэглээрэй гэвэл өөрийнхөө хүүхдүүдтэй хамт байж, тэмдэглэнэ. Хүүхдүүдтэйгээ хамт удаан байх цаг минут бүр хүүхдийн баяр шүү дээ.
Гурван жилийн турш Бумбардай зохиолоо гаргаагүй. Яагаад вэ гэх асуултад та “Бид хурдан гэхээсээ илүү хүүхдэд чанартай зүйлийг хүргэхийг хүсдэг” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Үүнтэй холбогдуулаад таны ажиллах арга барил, баримталдаг зарчмыг сонирхож болох уу?
-Бумбардай зохиолоо нийт таван удаа хэвлүүлэхдээ тухай бүр нь байнга сайжруулалт хийсэн. Бид дахин хэвлэлт бүрт сайжруулж, илүү гоё болгохыг зорьдог. Гурван жил ном маань завсарласан нь Бумбардайтай холбоотой хүүхэлдэйн кино хийж байсан юм. Тэр ажил маань дууссан болохоор энэ жилээс цуврал номныхоо ажилд анхаарч байна. Мөн 108 ангитай хүүхэлдэйн киноныхоо гол агуулга дээр ажиллаж байна. Бумбардайгаар зөвхөн хүүхдийн цуврал ном гаргахгүй. Тухайлсан дүрээр олон улсад Монголоо сурталчилж болохуйц дүр гаргаж ирэх, зорилготой ажиллаж байгаа юм. Тийм болохоор ганцхан номоор хязгаарлагдахгүй маш олон сонирхолтой төслүүд дээр ажиллаж байгаа. Бид 108 ангитай хүүхэлдэйн кино хийх гэж байгаа хүмүүс. Эхний 10 анги нь сонирхолгүй болвол, дараагийн 90 ангийг хийх шаардлагагүй. Тэгэхээр бид хурдан гаргахаас илүүтэйгээр чанартай контент хийхийг хүсдэг. Манайх гурван жил завсарлаж байгаад Бумбардай номныхоо зургаа дахь цувралыг гаргасан. 1000 хувь хэвлэсэн. Тухайн өдөртөө 500 ном борлуулсан. Энэ нь гурван жилийн хугацаанд хүмүүс Бумбардайг мартаагүйг харуулж байна. Мөн би өдөрт нэгээс хоёр удах “Цуврал яасан бэ хэзээ гаргах юм” гэж утсаар юм уу мессэжээр загнуулдаг.\/Инээв\/ “Удахгүй гаргана аа” гээд дандаа уучлалт гуйдаг. Бидний хийж буй ажил тодорхой хэмжээгээр хүмүүст хүлээлттэй байдаг учраас бид хийдэг.
-Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ. Та зөвлөвөл юу хэлэх вэ?
-Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга нь өөрийгөө хүмүүжүүлэх. Хүүхэд бол эцэг эхээ харж өсөж, хүн болно. Хүүхдээ номтой сайн нөхөрлүүлье гэвэл өөрсдөө ном уншиж, орчныг нь номоор бүрдүүлэх хэрэгтэй. Номтой орчинд байлгаад хүүхдийг ном унших орчныг нь бүрдүүлээд идэвхжүүлчихвэл хүүхэд ном их уншдаг болно.
-Хүүхдийн баярыг дан ганц баярлаад өнгөрөөх нь зөв үү?
-Зургадугаар сарын 1-н Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг. Бид хүүхдийг баярлуулах өдөр гэж ойлгодог. Томчууд хүүхдэдээ чихэр, боов авч өгч баярлуулахаас гадна тэднийг ирээдүйд том хүн болно, чамд ийм эрх үүрэг бий гэдгийг ямар нэг хэлбэрээр ойлгуулах хэрэгтэй. Баярлаад тэмдэглээд байгаагийн утга учрыг нь ухамсартайгаар хүүхдэдээ хэлж өгөх нь зүйтэй. Ингэж байж л эх оронд маань ухамсартай, иргэн төлөвшинө.
-Бумбардайгийн уншигч хүүхдүүдэд хандаад юу гэж хэлэх вэ. Хүүхдүүдийг ямар хүн болоосой гэсэндээ зохиолчийнх нь зүгээс энэ номыг бичдэг вэ?
-Бүх хүүхэд сайн хүн, амжилттай хүн, улс нийгэмдээ чухал хүн болохыг хүсдэг байх. Тэхдээ Бумбардай төслийнхний хувьд, Бумбардай номыг хийдэг гол шалтгаан нь хүүхдүүд маань үндэсний өв соёлоо сонирхолтой хэлбэрээр, залхахгүйгээр Бумбардайг уншаад ойлгоосой гэх хүсэл юм. Хэрвээ хүүхдүүд маань өв соёлоо таньдаг болчихвол, монгол хүн гэдэг үнэ цэнээ ойлгож, ирээдүйд та дэлхийн хэмжээний гайхалтай хүн болох боломжтой. Хамгийн түрүүнд өөрсдийнхөө өв соёлыг танин мэдэх нь чухал шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: http:\/\/itoim.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0