Аливаа төрийн бус байгууллага, холбоод нь тухайн хүрээний иргэд, тэдний сайн сайхны төлөө, зөрчигдөж хөндөгдсөн асуудалд дуу хоолойгоо илэрхийлж, хөгжилд холбох гүүр болж, оршин тогтнох учиртай. Гэвч холбоод улстөрийн нөлөөтэйгээр, хэсэг албан тушаалтанд, хувийн ашиг сонирхол харж үйлчилдэг болсон нэгэн харамсалтай жишээг Орхон аймгийн "Уяачдын холбоо" бидэнд гэрчлэн харуулж байна. Ингэж хэлэх учир нь энэ сарын 4-ний өдөр буюу Бямба гаригт Орхон аймгийн "Уяачдын холбоо"-ныхны санал зөрөлдөн байж зохион байгуулсан уралдаанд нь даага, шүдлэн, хязаалан нас тус бүрт 10 гаруй тооны морьд уралджээ. Уралдаанд оролцохоор ирсэн зарим уяачид ч уралдааны зохион байгуулалтад сэтгэл дундуур байсан тул уясан хүлгээ уралдуулаагүй гэнэ .

Энэ сарын 12 нд олон аймаг, сумын уяач, унаачдыг хамарсан “Энх Эрдэнэтийн хурд- 2019” уралдааныг Орхон аймагт зохион байгуулахаар тохиролцож, зар мэдээллийг түгээж, уралдааны бэлтгэл хангагдсан. Гэвч Орхон аймгийн уяачдын холбооноос дэмжигдээгүйээ. Иймээс уралдаан санаачлагчийн зүгээс Эрдэнэтчүүдийн нийтийн сайн сайхны төлөө бэлтгэсэн бай шагналаа хандив болгон өгсөн юм. Ингэхдээ тус уралдааныг зохион байгуулагчийн зүгээс уяачдын холбоон дахь улстөрийн хараат, хэсэг бүлэг нөхдийн явуулгын улмаас, дэмжигдэхгүй байгаа, үүнтэй холбоотойгоор цуцалж буйг мэдэгдсэн юм.

Саяхан Орхон аймгийн "Уяачдын холбоо"-ны тэргүүн Д.Дэлгэрбаяр ажлаа өгсөн сурагтай. Тус холбоо нэн яаралтай хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэхгүй бол улстөрийн явцгүй үзэл суртал нь Орхон аймгийн "Уяачдын холбоо"-нд чухал, нэн түрүүний баримтлах зарчим гэхээр харагдаж байна. Хэрэв зэ цаашид энэ мэт үйлдэл үргэлжилсээр, оршин байсаар байвал гийнгоо аялан догдолж, уралдахаа хүлээсэн унаач хүүхдүүд, хөлсөө дуслуулан хурдан хүлгээ сойсон уяач эрхмүүдийн хүч хөдөлмөр талаар болох бус уу. Ер нь морин спорт сонирхогчид ч уяачдын холбоонд хандах шаардлагагүй болж, уяачдын холбоо нь цайсан дээрээ нам, улстөрийн харъяат уяачдын холбоо гэсэн нэр алдраа олонд зарлах нь л дутуу үлдэж байх шив.
Сэтгэгдлүүд 0