Г.Үүрийнцолмон: Тусгай олимпид усан сэлэлтийн төрлөөр орохоор бэлдэж байгаа...
Сайн байна уу? Намайг Үүрийнцолмон гэдэг. Би 13 настай. Би зураг зурж, усанд сэлэх дуртай. Мөн ээждээ тусалж, дүүгээ хардаг. Усан сэлэлтээр 3 дахь жилдээ хичээллэж байна. Усанд сэлэх их гоё байдаг. Тэмцээнд орж түрүүлсэндээ маш их баяртай байгаа. 10-р сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Тусгай олимп” болно. Энэ олимпид би усан сэлэлтийн төрлөөр орохоор бэлдэж байгаа. Миний багшийг н.Оюун-Эрдэнэ гэдэг их сайн багш шүү. Би бас зураг зурах дуртай. “Хүслийн жигүүр” зургийн уралдаанд оролцож, шагнал авсан. Тэнд надтай адил маш олон хүүхдүүд зургаа явуулсан байсан. Тэр олон хүүхдүүд дундаас шалгарч түрүүлсэндээ баяртай байна. Надад хийж, сурах олон зүйл бий. Энэ зун аав ээж маань надад сагсны бөмбөг авч өгсөн. Амралтаараа сагсан бөмбөг тоглож сурсан. Одоо би машин барьж сурахыг хүсэж байна. Харин ирээдүйд усан сэлэлтийн мундаг тамирчин болно.



Д.Ганцуурай \/ Г.Үүрийнцолмонгийн ээж\/: Миний хүү хөгжсөөр л байна. Би хүүгээ өдөр бүр дэмждэг
Анх манай хүү уснаас их айдаг байлаа. Хичнээн уснаас айдаг ч гэсэн голын эрэг дагаж усаар тоглох дуртай байсан. Аав нь гүнзгий ус руу тэвэрч ороод тоглуулахаар, голоос гарахгүй гэдэг байсан. Үүнээс би юу олж харсан бэ гэхээр хүү маань усанд дургүй биш харин ч ус миний хүүг тайвшируулж, баяр хөөртэй болгож байгааг нь олж харсан. Аюултай гэдгийг нь мэдээд орж чадахгүй байсан айдсыг давуулахын тулд усан сэлэлтээр хичээллүүлж эхэлсэн. Хүү маань усан сэлэлтээр хичээллээд гурван жил болж байна. Mиний хүү хөгжсөөр байна. Би хүүгээ өдөр бүр дэмждэг. Мөн хүүдээ “Яагаад?” гэдэг асуултын хариултыг сайн тайлбарлаж өгдөг. Хүүгээ хүнд туслах, хүнийг хэрхэн хайрлахыг мэддэг болгож хүмүүжүүлэхийг зорьдогдоо. Эрүүл саруул ч, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүд байдаг шүү. Их эмзэглэдэг. Хүүхдийн буруу биг эцэг эх нь л цаг зав гаргаж чадахгүй байгаагийнх гэж боддог. Ер нь хүүхэд орчноосоо харж мэдэрсэнээ л илтгээд байгаа нь тодорхой. Би эцэг эхчүүдийг хүүхдүүддээ аль болох муу муухай зүйл харуулахгүй байгаасай гэж боддог. Хүүхдийн хүмүүжилд нь орчинг хамгийн их нөлөөлдөг.
Хүүхдээ хөгжүүлэхийн тулд би төр засгаас, аль эсвэл ямар нэгэн байгууллагаас туслалцаа харна гэж байхгүй шүү дээ. Төр засгийн буруугаас болж би ийм хүүхэд төрүүлээгүй. Энэ зөвхөн миний хувь тавилан, эх хүний үүрэг. Харин нийгэм эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрөөсэй л гэж хүсдэг. Хүмүүс аутизмтай хүнийг харахаараа “Мангар юм уу?” эсхүл гайхсан, сонжсон харцаар хардаг л даа...
Сэтгэгдлүүд 0