2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэгдсэн зохицуулалтууд хэрэгжиж эхлэхээр болж байна. Шинэчлэлийн хүрээнд шимтгэл төлөлтийн хугацаа, хуримтлал, хөдөлмөр эрхлэлтийн идэвхийг урамшуулах, тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилт тавьжээ.
Шинэ зохицуулалтаар тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаатай шууд уялдан тогтоогдох бөгөөд одоогийн байдлаар 435 мянга орчим ахмадад 100,000–300,000 төгрөгийн суурь нэмэгдэл олгохоор тусгасан байна.
Мөн 1979 оноос хойш төрсөн даатгуулагчдын тэтгэврийн тооцоололд өөрчлөлт орж, нэрийн дансны тогтолцооны хүрээнд тэтгэврийг тооцох аргачлалыг шинэчилжээ. 2033 оноос эхлэн тэтгэврийг сүүлийн 10 жилийн цалингийн дунджаар тооцох зохицуулалтад шилжих бөгөөд ингэснээр тэтгэврийн хэмжээ огцом буурахаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Шинэчлэлийн хүрээнд даатгуулагчдад тэтгэврийн бодит хуримтлал бүрдүүлэх сонголт нээгдэж, хувийн хуримтлалын тогтолцоог хөгжүүлэхэд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн тэтгэврийн насанд хүрсэн иргэн ажил хөдөлмөр эрхэлбэл жил бүр тэтгэврийн хэмжээ 4 хувиар нэмэгдэх, харин эрт тэтгэвэр тогтоолгох тохиолдолд мөн хэмжээгээр буурах зохицуулалт хэрэгжих юм.
Бусад зохицуулалтад тэтгэвэрт гарсан ахмадууд ажил хийвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, цагийн ажил эрхэлж буй оюутнуудыг шимтгэлээс чөлөөлөх, жижиг бизнес эрхлэгчдэд шимтгэлийн тодорхой хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Мөн сайн дурын даатгалын шимтгэл төлөлтөд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгож, иргэдийн орлогын олон эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.