Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
ТҮРҮҮЧ НЬ:http:\/\/etimes.mn\/news\/78623
ТАГНУУЛААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫН ТӨРИЙГ БАРЬЖ БАЙХ СИСТЕМИЙГ ХИЙЖ, ТЭРИЙГЭЭ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ГЭЖ УЛАЙРСАН
-Хоёулаа сэдвээ өөрчилье. Та бол тагнуулынхантай үргэлж ноцолддог хүн болж үлдлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэг биш удаа “Ц.Нямдорж бол С.Зоригийн амь насыг хороосон хэргийг замруулахын тулд л Хууль зүйн сайд болдог. Энэ хүний үед дандаа тэр хэрэг замарч, ажлын хэсгүүд тарж байсан” гэсэн мэдэгдэл хийсэн. Би сүүлийн жилүүдэд тантай уулзаагүй болохоор асуумаар санагдаад байна?
-Нэгдүгээрт, би тэр ажлын хэсэг гэдэг юмыг нь нэг ч удаа тарааж байгаагүй. Хоёрдугаарт, наад хэрэгт чинь манай намын тодорхой хүмүүсийг олон нийт ч тэр, АН-ынхан ч тэр илт харддаг байсан шүү дээ. Ш.Отгонбилэг, Н.Багабанди хоёрыг. Сонин хэвлэлийнхэн нээлттэй тэр хардлагаа бичдэг байсан. Өөрөө чи маш сайн мэднэ. Тийм ерөнхий хардлага байгаад байсан учраас би өмнө нь энэ хэрэгт ойртдоггүй байсан. Оролцоод эхлэх юм бол өөрийнхөө намынхны хүн алсан хэргийг дарах гэж байна гэсэн хардлага хүссэн ч, эс хүссэн ч нийгэмд бий болох байсан учраас би хол явсан.
-Олон ажлын хэсэг байсан, бас тарж байсан?
-Тэд нар өөрсдөө тарааж байсан. Би биш. Тэр нь бол надад мэдэгддэг ч үгүй байсан. Прокурор, тагнуулынхаа түвшинд л тэр юмнууд хийгдэж байсан. Нарийн орсон үе надад бол байна. 2015 оны гуравдугаар сард Содномдаржаагийн ээж Жавзмаа гуайгаас надад өргөдөл ирдэг юм.
Тэр өргөдлийг нь би тагнуул, прокурорт шилжүүлэхдээ “Алдаа гарсан байх магадлал туйлын өндөр байна. Юмаа сайн шалгаж хянаарай” гэсэн дагавар бичигтэй явуулсан. Тэр үеэс би нарийн сонирхож эхэлсэн. Ерөнхий том зургийг нь харахад энэ шийтгүүлсэн хүмүүс бол биш ээ гэдэг нь мэдрэгдэж байсан. Эцсийн дүндээ Ц.Нямдорж тагнуулын байгууллагатай ноцолдоод байдаг тухай асуудал огт биш. Ж.Баатар, Б.Хурц нар тагнуулын байгууллагаар дамжуулж Монголын төрийг барьж, тэрийгээ хэвээр хадгалж үлдэх гэсэн үйлдэл хийсэнд байгаа юм. Маш товчоор Сталины дэглэмийг амилуулж, 1937 оныг сэргээх гэсэн оролдлого. Түүнийг би эрс эсэргүүцдэг. Тэд өөрсдөө албан тушаалаа урвуулж хэрэгт оролцдог, түүндээ бүдэрдэг.
-Олон жилийн өмнө талийгаач О.Дашбалбар та нар тагнуулын даргыг шалгаснаас улбаатай л тагнуулынхны зуултад таныг орсон гэж зарим нь хэлдэг?
-Тэндээс чинь шууд эхэлсэн. Тэр ажлын хэсэгт орсон С.Зориг 1998 онд алагдаж, 1999 онд О.Дашбалбар нас барж, би шалгалтын дүнг танилцуулж байхдаа үхэх шахсан. Гэхдээ энэ чинь тагнуулын толгойд байсан хоёр хүний асуудал. Би ноднин Тагнуулын шинэ байшингийн нээлтэд очсон шүү. Бүрэлдэхүүнийг нь нүдээрээ харах гэж очсон юм. Сайхан хамт олон байдаг юм билээ. Тэр балиар дарга нарыг нь л эс тооцвол. Айлган сүрдүүлэх Беригийн системийг сэргээх овлигогүй хоёр даргын тарьсан балгийг тэр сайхан хамт олонд нялзааж болохгүй. Хамгийн заваан нь дандаа ийм овлигогүй этгээдүүдийг энэ нууц байгууллагын толгойд гаргаж тавьж байсан. Энэ нь эргээд нууц албыг туйлын хүнд байдалд олон удаа оруулсан.
-Жавзмаа гуайтай хамгийн олон цаг уулзаж, асуудлыг анх гаргаж тавьсан сэтгүүлч бараг би байх. Тойргийнхоо гишүүдэд их олон захиа бичиж хандсан байдаг. Гэвч тэд тоогоогүй. Тэгээд аргаа бараад танд захиа бичсэн гэсэн. Тантай утсаар ярьсан тухайгаа бас ярьж байсан. Тэр том хүн миний эмх замбараагүй яриаг их тогтвортой сонссон шүү. Тэрэнд би баярлаж байна гэж хэлж байж билээ?
-Би ер нь зөвхөн энэ хэрэг ч биш л дээ, эгзэгтэй ээдрээтэй, хүн хэлмэгдсэн байж болзошгүй асуудал гарвал шууд л сонирхдог, Сайд байсан ч, эс байсан ч.
-Хэний ч хамаагүй утсыг авчихдаг юм уу?
-Шаардлага гарвал утас авна, хүнээр ч судлуулна. Өглөө Цагдаагийн цагийн мэдээ (хоногийн гэмт хэргийн мэдээ) уншаад эгзэгтэй хэргүүдийг нь онцлоод эргэж танилцуул гэсэн цохолт хийдэг. Сая Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрээ хөнөөсөн гэдэг асуудал ярихад би өглөө нь шууд цагдаа руу ярьж байх жишээтэй. Энэ ямар учиртай юм бэ гээд.
-Ээдрээд явчихаж магадгүй гэсэн хэргүүд дээр үү?
-Тийм. Жавзмаа гуайтай би өөрөө ярьсан юм. Өргөдөлдөө утасныхаа дугаарыг тавьчихсан байсан юм. Анх 16 настай байсан хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг барьж авах үеэс нь л эд нар буруу замаар явчихлаа гэдгийг мэргэжлийн хүний хувьд би мэдрээд байсан. Энэ худлаа гэж. Сонин хэвлэл ашиглаж манай тусгай албаныхан муухай юм хийдэг. Итгүүлэн үнэмшүүлэх зохиомол ажиллагаа явуулдаг энэ тэрийг би мэднэ шүү дээ. Өөрийнхөө шалгаж байсан хэргийн талаар худлаа юм бичээд сонинд тавьчихдаг. Жишээ нь, одоо энэ олон жил хоригдож байгаа хоёр иргэнийг барьсныхаа дараа “ГОК-ын малчин, тогооч хоёроор С.Зоригийг алуулсан” гэдэг юм гаргаж байсан. Ш.Отгонбилэг рүү чиглүүлж байгаа нь тэр тагнуулын ажлын хэсгийн хийсэн ажил. Бүр “Өдрийн сонин” дээр тавьсан. Би ганцхан юм мэдэх гэж л Жавзмаа гуайтай ярьсан юм. Энэ Содномдаржаа ГОК-т ажиллаж байсан уу, үгүй юу гэдгийг мэдэх гэж. Би тэр үед ч Жавзмаа гуайтай тэгж удаан утсаар ярьчихаад дотроо гайхаж байсан. Хүн бачимдаж, уйлж унжина гэж юм байдаг шүү дээ. Тэр тусмаа ийм хүнд байдалд амьдарч яваа эх хүнд. Тэгсэн Жавзмаа гуай ер бусын тайван, тийм сонин хүн байсан. Тэгээд би Б.Хурцад хэлсэн юм. “За Хурцаа, би тэр Жавзмаа гуайтай ярилаа. Тийм эхээс төрсөн хүн алуурчин байна гэж байхгүй. Би ээжтэй нь утсаар ярьсан шүү. Та нар бодвол тагнаж л байгаа биз” гэж хэлээд тэр бичгийг явуулсан. Ер нь Бери, Ёжов хоёрын аргаар эд нар ажилласан шүү дээ. Б.Хурцын арга бол ердөө тэр. Яг 1937 оны бүх арга. Ганцхан л буудах арга хэрэглээгүй. Гэхдээ эд нар юу хийсэн гээч. Энэ шийтгүүлсэн гурван хүнийг шоронд амьдаар нь үхүүлэх зорилготой ажиллагаанууд хийсэн. Гурвууланг нь ганц ганцаар хорьж, гаднаас хэнийг ч оруулалгүй тагнасан гэх мэт.
-Байхгүй болчих магадлал бол аягүй өндөр биз дээ?
-Өндөр. Бараг 100 хувь. Би сүүлд нь бүр арга ядаад Чимгээтэй шоронд очиж уулзсан. Өдөрт гурван удаа хоол маягийн юм өгнө. Тэгээд л харанхуй өрөөнд оруулаад түгжчихнэ. Содномдаржааг ялгаагүй тийм байсан. Би бас очиж уулзсан. Тэгээд надад төрсөн дүгнэлт бол ингэж байгаад үхүүлэх. Тэгээд энэ хэргийг мөнхөд хаах. Ийм л юмнууд хийж байсан. Би чинь 2017 оны 10 сард ажлаа авчихаад бараг 1 жил 5 сар тагнуул дээр байсан тэр хэргийг мөрдөх ажлын хэсгийг холдуулж өгөөч гэж тагнуулынхнаас шахаж шаардаад дийлээгүй. Тэд нар ганцхан л юм хийгээд байсан. Энэ хэргийн талаар ярьдаг хүмүүсийг мөрдөж, мөшгих ажиллагаа. Хэрэг үүсгэх ажиллагаа. Прокурортойгоо нийлж байгаад. Над дээр хүртэл хэрэг үүсгэсэн шүү дээ.
-Тань дээр үү?
-Цагаан сарын өмнө намайг яллагдагчаар татах тогтоолыг манай гэрийн хүнд хүргэж өгсөн шүү дээ. Битүүний орой шүү. Очсон чинь манай гэрийн хүн бараг ухаан алдаад унах шахчихсан байж байсан. Яасан гэсэн чинь яллагдагчаар татах тогтоол ирлээ гээд. Намайг ажил дээр байгааг мэдсээр байж зориуд гэр лүү явуулж байгаа юм. Дарамталж байгаа хэлбэр нь тэр. Намайг ингэж чадаж байгаа улс та нарыг бол зажлахгүй залгина. Ерөөсөө арга барил нь тэр. Тэр Дамирангийн Энхбат гэдэг хүнийг Францаас дөрвөн улс дамжуулж оргуулж ирэхдээ яалт ч үгүй мансууруулах бодис хэрэглэсэн. Өөрөө ч ярьдаг байсан. Чимгээ дээр ч, Содномдаржаа дээр ч мансууруулах бодис маягийн юм хэрэглэсэн гэж өөрсдөө ярьж байна билээ. Тэр нь бодит. Чимгээ дээр эд нар жишээ нь нэг тамлах ажиллагаа хийсэн. Би тэр ажиллагаа хийж байгаа бичлэгийг нь үзсэн. Зүгээр л малын гулууз шиг болчихсон. Гурвын гурван хүн ороод гарын хурууных нь хээг аваад биетэй нь ноцолдож байхад ямар ч хөдөлгөөн байхгүй. Ухаандаа юу гэдэг юм дээ. Амьд мөртлөө цогцос шиг болчихсон. Тэгээд бод доо. Одоо энэ талаар ярихаа больё. Тагнуулынхан 200-гаад нууц ажилтнаар энэ 3 хүн, тэдний ар гэрийг тасралтгүй 4-5 жил тагнасан. Энэ тухай Б.Хурц өөрөө ярьсан.
Үргэлжлэл бий...
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.