24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж, 24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Үүнд
Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 127 дугаар сургуулийн барилга
Нийслэлийн 19, 228, 251, 253, 258 дугаар цэцэрлэгийн барилга, 115, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн барилга
Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын конторын өргөтгөлийн барилга
Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн төвийн барилга
Сүхбаатар дүүргийн зургаан автомашины гараж, конторын барилга
Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах 74-р ангийн контор гаражийн цогцолборын барилга тус тус багтав.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 79, 87 дугаар сургуулийн багш ажилчдын орон сууцыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжив.Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мөнхбат “Боловсролын салбарын хашаанд байгаа барилга гэдгийг бодолцох ёстой. Өмчлүүлсний дараа нураагаад өндөр байшин барьчихвал сургууль талбайгүй болно шүү. Үүнийг Өмчийн харилцааны газрынхан, хот төлөвлөлт, газрын албаныхан анхаараарай” гэв.Хуралдааны төгсгөлд “Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулах тухай” болон Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлыг хэлэлцэн нийслэлийн тэргүүний тариаланчаар гурав, нийслэлийн тэргүүний фермерээр найман хүнийг шагнахыг дэмжлээ. Мөн боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажилласан 142 хүнийг төрийн шагналд тодорхойлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтов.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.