“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДСЦ-ын хордлогонд орсон гэх ажилчид гомдолтой байна

2023-11-10 20:112513

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ажилчид /2023.11.08-09/-ний шөнийн ээлжний ажилчид хоолноосоо хордож, эмнэлэгт хүргэгдсэн асуудлаар бид БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гурван иргэнээс болон бусад холбогдох албаныхнаас тодрууллаа.

ЭМГ-ын дарга Д.Сүхээ: БОЭТ-ийн шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсанг манайхаас ХӨСҮТ-рүү өнөөдөр явуулсан гэж мэдэгдсэн. Хариуг нарийвчлах шаардлагаар. Нян, бактери илэрсэн байлаа гэхэд цааш үргэлжлээд явна. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн орц найрлагаас уу, материалаас уу, тийм бол материал нийлүүлэгч компаниас уу? гэх зэргээр үргэлжлээд явдаг. Хугацаа шаардлагатай. Өглөө БОЭТ-өөс ирсэн мэдээллээр өвчтнүүдийн биеийн байдал тогтворжсон гэсэн.

ЭМГ-ын мэргэжилтэн н.Лхагва: ЭМЯ-аас намайг  яаралтай арга хэмжээ авч ажиллаач гэсний дагуу л би оролцож, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна. Чиний бичээд байгаа тэр хоолноос хордоогүй ч байж болно. Яагаад 27 хүн тэр орой хоолонд орсон байхад зургаахан хүн өвдөж байгаа юм. Өөр хүн өвдөөгүй. Анх дуудлагаар үйлдвэрийн эмч н.Баярсайхан гэж эмч очсон гэсэн. Өнөөдөр БОЭТ-ийн шинжилгээний хариуг нарийвчлан баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү бактериологийн сорьц явуулж байна. Хэрвээ хоолноос хордсон бол яг ямар хоолноос нь, юунаас гээд явна. Болоогүй байхад битгий янз бүрийн юм бичээд, гай болоод бай.

Орхон аймгийн БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Ө.Алтанбек: Гурван ажилтан Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал анх ирсэнээ бодвол тогтворжсон. Хордлого их ирсэн учир эмчилгээ хийх шаардлагатай. Бактериологийн шинжилгээний хариу бүрэн гараагүй байна. Урьдчилсан байдлаар нян илэрч байна гэж манайхан мэдээллэсэн. Бусад шинжилгээний хариу нь ЭМГ, мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лаборатори буюу стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораториос гарна. Эрдэнэт үйлдвэр өөрсдөө дээжээ лабораторидоо шинжлүүлж байгаа гэсэн. Ер нь хариу эцэслэгдээгүй байна.

СХЗ-н хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн Г.Баасанбилэгт: Манай лабораторид сая дээж нь шинжлүүлэхээр ирлээ гэсэн. Яг ямар дээж ирсэнг нь мэдэхгүй байна.

  • Хоолны хордлого байж болзошгүй ийм тохиолдолд аль чиглэлд асуудал байж болох вэ?

Эгзэгтэй цэгийн процесс буюу хоол үйлдвэрлэх явцын хэсэгт анхаарлаа хандуулах, нян үүсчихвий гэхчилэн сайн тогтоох шаардлагатай. “Од дөл” ХХК-ийн тухайд ISO9001 стандарт хэрэгжүүлчихсэн. Ер нь бол хүнсний аюулгүй байдлын 22001 стандартыг хоол үйлдвэрлэлийнхэнд нэвтрүүлэхийг шаардаж байгаа.

  • Хоолны орц, материалын хяналт нь хаанаас хийгдэх ёстой вэ?

Хоол үйлдвэрлэлийн компани өөрсдөө л хийнэ. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ. Засгийн газрын 2013 оны 156-р тогтоолоор дотоодын хяналтыг тухайн байгууллага нь хяналтын ажилтан томилоод, өөрсдөө хийнэ гээд заачихсан. Бидний мэдэхээр эдний компани дотоодын хяналт дажгүй сайн байсан. Манайхаас өндөр оноотой дүгнэгдээд, хоолны газрын стандартаар тэмдэг эзэмшдэг болсон. Гэхдээ Эрдэнэт хивс ч бай, эднийх ч бай, аль аль нь мянга ISO9001 стандарт хэрэгжүүлсэн. Хаагуур ийм алдаа гараад байна  вэ гэхээр сайн хянаж чадахгүй л байна гэсэн үг.

  •  Дээжийг өөрчилсөн байх боломжтой юу? Хэрэв өөрчилсөн бол хариу өөр гарна. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

Арай өөрчлөөгүй байлгүй дээ. Хэрэв өөрчилсөн бол үйлдвэрийн эрүүл ахуйч нь хариуцлага хүлээнэ.

Дээж авагч: Сая 14 цагт, таны өмнө үйлдвэрийн эрүүл ахуйч Ц.Оюунгэрэл хордлого гарсан өдрийн гэх таван төрлийн дээж шинжлүүлэхээр өгсөн. Тус бүрдээ долоон хариу ирэх Лхагва гарагт гарна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБ н.Мөнхболд: Хоолны дээжийг манайх өөрийн лабораторидоо шинжилж байгаа. Хариу гарах болоогүй. Мөн хөндлөнгийн лабораторид шинжлүүлэх шаардлагатай тул бид давхар стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораторид өнөөдөр дээж явуулсан, үнэн. Дээжийг өөрчлөх боломжгүй.

369912588_893691152373016_114654010440331004_n

ГҮН ХОРДСОН НЬ БИД ГУРАВ БОЛОХООС ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ ЗОВИУРЛАСАН 10 ГАРУЙ ХҮН БИЙ

Хордлогын шалтгаанаар эмчлүүлэгчид:   “Од дөл” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Цэрмаа хоолонд орохоор орж ирсэн  эхний таван хүн зуухных.  Тэд хоолоо ч идээгүй байж, хоолноос хордлого авсан гэж яриад байна гэж ярилцлага өгсөн байсан.  Бүгд зуухны хэсгийнх гэж худлаа. Биднийг хоол идээгүй байж хордлого өгсөн гэсэнд гомдолтой байна. Бидний нэр хүндэд ч халдаж байна. Тэр үед хоёр нь зуухны хэсгийнх, нэг нь засварчин,  хоёр нь түлшний хэсгийн таван хүн байсан. Гэтэл энд хэвтэн эмчлүүлж байгаа гурван зуухны хэсгийн ажилтан байна. Түлшний хоёр ажилтан ч хямарсан байсан. Эмэгтэй нь шөнийн гурван цагт эмнэлэгт ирж дусал, шингэн залгуулж байгаад харисан байсан. Харин үүрийн 04 цагт энэ ах, засварчин хоёр эмнэлэгт ирсэн байсан. Засварчин арай гайгүй гээд зөвлөгөө аваад буцсан. Ер нь “Гүн хордоготой гэж эмнэлэгт хэвтсэн нь бид гурав болохоос, шинж тэмдэг өгсөн, бие нь хямарч, дотор нь муухайрч, бөөлжиж, гүйлгэсэн  нийтдээ 10 гаруй хүн бий. Өдөр нь хоол унд муу байсан хүмүүс нь л гүн хордсон юм шиг байна. Энд эхогоор нойр булчирхай үрэвсэлтэй байна гэсэн. Хордлого тайлах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байгаа.

Тухайн ээлжээс өмнө болон хооллох үе, дараагийн болсон явдлын тухайд хүн тус бүр ярьж болох уу?

Эмчлүүлэгч А: Эмнэлгээс ч, ЭМГ-аас ч, үйлдвэрээс ч дэлгэрэнгүй асуусан. Болсон бүх процессоо хэлсэн. Би тухайн ээлжинд гарахын өмнө буюу өдөр нь банкаар орж амжуулах ажлууд, энд тэнд төлбөр төлөх ажил байсан. Хүүхдүүд амраад хөдөө явчихсан, эхнэр ажилтай. Өдөржин бараг хоосон явж, гэртээ  16 цаг орчимд ороод хоол хийх гэснээ ганцаараа болохоор хийгээгүй. Орой ажил дээрээ хооллоё гээд гэрт байсан боорцог, талх, цайтай жаахан идсэн. Дараа нь хэсэг хөгжим сонсож, хэвтэж байгаад ажилдаа гарсан. Ажлаа хийж байгаад оройн хоолондоо орсон. Цайны газарт ороход  түлшний эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд суучихсан байсан. Бид гурав араас нь орж ирж суусан. Гоймонтой шөл, ногоотой хуурга, соустай бөөрөнхий мах,  үзэм болон алим, майонезтой хутгасан салат гэсэн хоолнууд байсан. Засварчин залуу ногоотой хуурга, гоймонтой шөлийг нь авсан. Гоймонтой шөлөө дуусгаад, ногоотой хуургаа жоохон идчихээд босоод явсан. Тээрмийн машинист О бас орж ирсэн. Хоол идчихдэг юм уу гэснээ зөвхөн бөөрөнхий мах аваад, идээд суусан. Би  соустай бөөрөнхий мах, гоймонтой шөл, салатыг нь авч идсэн. Бөөрөнхий мах, соус нь их амтлагчтай, шөлтэй хоолонд нь өөх их хөвж байсан. Би өөх, махыг нь түүгээд бөөрөнхий махтайгаа холиод идчихсэн. Тэр үед хажууд хэвтэж байгаа ах орж ирэхээр нь, би босох гэж байна, та ийшээ суугаач гээд суулгасан. Тэгээд сайхан хооллоорой ах гээд босоод явсан. Би шөлтэй хоолныхоо 80 гаруй хувийг нь асгасан. Асгах гээд хог хаягдаг цэг дээр нь очсон чинь амыг нь боочихсон, гялгар ууттай, өдрийн хоолны хаягдлаа гаргаж хаяагүй бололтой байсан юм билээ. Тэгээд яах уу гээд тэр хавийнхнаас асуусан чинь- Наанаа тавьчих гэсэн. Манай ажлын эмэгтэй О наадахыг чинь эмэгтэй хүн л цэвэрлэдэг. Онгойлгоод хийчихье гэсэн. Тэгэхээр нь дээрээс нь шууд хийчихвэл савыг нь бохирдуулчих байх гэж бодон, ууттай хаягдлыг нь татаж гаргаж, амсрыг нь дэлгээд, хоолоо хийсэн. Дараа нь үйлчлэгчээс нь гар арчих сальфетка өгөөч гэсэн чинь хуурай салфетка өгсөн. Гараа арчаад, хогийн саванд хийгээд гарсан. Түүнээс хойш 30 минутын дараа буюу 22 цаг 40,45 минут орчимд гэдэс хямрах янзтай болохоор нь хоолны дараа гэдсээ дааруулчихаж гэж ойлгосон. Ариун цэврийн өрөө орсон ч юм гардаггүй. Дээшээ засварын өрөөнд ус буцалгагч байдаг. Тийшээ ороод байхуу цай найруулж уугаад дахиж ариун цэврийн өрөө ороод байдаггүй. Гэтэл гэнэт дотор муухай оргиод л бөөлжчихсөн. Тэгээд л дахиж халуун ус уусан ч, дотор муухайраад идсэн хоолоороо бөөлжөөд л байсан. Бүр болохгүй янзтай болохоор нь н.Б мастерт мэдэгдсэн. Мастер 103 дуудсан. Өөрөө бас гүйлгэсэн. Ер нь манайхаас мастер, ахлах, машинист ч бас гүйлгэсэн. Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад цаг хугацааны хувьд, биед үзүүлж байгаа хариу урвал нь ч харилцан адилгүй байх шиг. Тэгээд ч манай ажиллагаа зогсож болохгүй учраас ажлын байрандаа зовиуртай ч арай гайгүй зарим нь үлдээд, эмчээс эм авч уугаад ажлаа үргэлжлүүлсэн.

Эмчлүүлэгч Б: Би бас ажилд гардаг өглөө 08 цаг өнгөрөөл л гадуур зохицуулах ар гэрийн ажил их байсан.  Өглөө цай ууж гараад өдөржин хоосон яваад үдээс хойш гурван цаг өнгөрөөж гэртээ орсон. Орой ажилтай болохоор жаахан амраад, хөнгөн цай, боов боорцогхон 2,3 ширхэгийг идээд гарсан. Ажил дээрээ хоолонд орчихно гээд. Хоолонд орсоноос хойш миний хувьд А-с эмнэлэг явсаны дараа шинж тэмдэг илэрсэн. Дотор муухайрч, дотроос зуураад байгаа юм шиг өвдөж эхэлсэн. Удалгүй бөөлжиж, гүйлгэсэн. Түргэн хугацаанд  бие муудаад, тэнхэлгүй болчихсон. Хааяа хоол унд гайгүй л байдаг. Тэр өдөр өдөржин гадуур явчихсан, бас ажиллаж байгаад өлсөж хоолонд орсон болохоор амтыг нь ч мэдээгүй идсэн. Цай нь хүйтэн байсан болохоор гэдэс дотроо хямраачихна гээд уугаагүй.

АЖИЛЧИД ХОРДЛОГОД ОРСОН АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ

Эмчлүүлэгч Т: Би гэртээ жаахан хоол унд идээд гарсан байсан. Энэ хоёрыгоо бодоход арай гайгүй. Тэр орой бөөрөнхий мах, алим, үзэмтэй салат идсэн. Нэг эвгүй оргиж байгаад шөнө, үүрээр муудсан. Өчигдрөөс хойш явж байгаа мэдээлэл, хүмүүсээс танайд ирүүлсэн мэдээллүүдийг харсан. Энэ асуудал олонд ил болсоноор өнгөрсөн найман сард ажилчид хордлогонд орсон асуудал ч гарч ирж байна лээ. Гэтэл түүнийг хэн ч мэдээгүй, чимээгүй дарчихсан байгаа юм. Тэгэхээр эндээс хоолны чанар, эрүүл ахуй талаасаа асуудал байна л гэсэн үг. Бидний нүдэнд ил хоол хийж байгаа нь харагддаггүй. Цаанаа хийдэг. Ямар орц найрлагатай, ямар бүтээгдэхүүн хийж байгааг мэдэх, харах ямарч боломжгүй. Аяга, тавганд илт амтлагчтай нь харагддаг, бас амтагддаг. Хэрвээ цагаан хоолтой, эмчилгээний хоолтой хүмүүс байвал яах вэ? Тэр танайд ирсэн мэдээллээр доторх ажилчид нь хоолны нормт материалыг хэмжээнд нь хийдэггүй, цааш нь далд хийдэг бол яаж амт чанартай байх юм. Бид амттай бол юу гэж хоолоо асгаад байхавдээ. Доторх эрүүл ахуйн хяналттай холбоотой гэж бодож байна.

Дээрх эх сурвалжуудаас гадна гэрээр эмчилгээ хийлгэж байгаа, цахимаар бидэнтэй холбогдсон иргэн Б: Намайг хоол идээгүй байж хордлого боллоо гээд байсан. Алимны салат, бөөрөнхий махнаас идсэн. Мах нь эвгүй амтагдаж байсан тул асгасан. Тэгээд ч тавын таван гурван өөр газрын, тус тусын местэнд ажилладаг хүмүүс  хүмүүсийг “Од дөл” ХХК-иас нэг дор ажилладаг хүмүүс гэж ярьсан байсан. Хүн эрүүл мэндээрээ хохирч, ажлаа ч хийж чадахгүй, эм тариа болж байна. Гэтэл хоолноос болоогүй гээд өөрсдийгөө өмөөрөөд байгаад гомдолтой байна. Манай хэсгийн дарга хүртэл надаас “Чи яг хоол идсэн үү” тайлбар бичиж өг гэсэн.

Бусад эх сурвалжийн мэдээллэснээр гал тогооны ажилчид эрүүл ахуйчаас хоол амтлагчаа нууж, хормогчиндоо хийж явдаг. Зарим үед хүнсний материал авч явж байгаа харагддаг. Заримдаа хэрэглэж байгаа мах нь булчин, шөрмөс л харагддаг. Эрүүл ахуй талаасаа  учир дутагдалтай. Хоолны амт чанарыг бүр ярилтгүй гэсэн юм. 

Дээрхүүдээс дүгнэвэл, хоолонд байх ёстой хэмжээний орц найрлага, материалыг хангалттай бүрэн хэмжээнд ашиглахад хяналт алдагдсан байж болзошгүй. Нөгөө талаас хоол үйлдвэрлэлийн процесст эрүүл ахуйн дотоод хяналт хангалттай бус. Мөн энэ тохиолдол нь хоёр дахь дээрээ нийтэд ил болж. Өмнөхийг нь  холбогдох удирдлагын түвшинд мэдээллээгүй, нуун дарагдуулсан байж болзошгүй харагдаж байна.

Иймд цаашид, хоол үйлдвэрлэлээс шалтгаалсан хордлого эсэх, үйлдвэрлэлийн процесст алдаа гарсан эсэх зэрэг шалтгаан нөхцөлийг нь бүрэн илрүүлэх шаардлагатай. Үүнд уурхайчид, шат шатны байгууллага, удирдлагын түвшинд анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэрэв хоолны амт чанар, эрүүл ахуйн хяналт шалгалтыг сайжруулахгүй бол өнөөдрөөс илүү олон тооны уурхайчид эрүүл мэндээрээ хохирч, ужиг өвчтэй болох эрсдэлд ойрхон байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц