Эрдэнэтэд нийт 27,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсоны “4,1 тэрбум нь л 3 хувь"-ийн шалгуураар гарчээ

2023-10-03 16:102442

https://www.facebook.com/etimes.mn/videos/1366715690924377Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт 3%-ийн хүүтэй ипотекийн зээл олгоно гэж зарласан. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхээр Орхон аймаг 2024 он гэхэд 7000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар хувийн хэвшилтэй эрвийх, дэрвийхээрээ хамтарч байна. Гэвч зээл хүсэгч, орон сууц барих барилгын каомпаниуд  хооронд эрэлт нь байгаа ч, худалдан авах чадамжийн асуудал, өнөөх хөнгөлөлттэй зээлийн олдоц  тулгамдсан асуудал болж байна. Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн журам орон нутгийн бодит хөрсөнд хэрэгжихгүй байгаа нь хөдөөг зорьж ирсэн залуу гэр бүл, төрийн албан хаагчид ирсэн газарлуугаа буцах, эсвэл түрээсийн байр дамжиж, тав тухгүй ажиллаж амьдарсаар залхах талруугаа орсонг иргэд хэлсээр байна.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт долоон банк ипотекийн зээл олгож байгаагаас, Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 27,7 тэрбум төгрөгийн зээлийг 297 өрхөд олгосон. Үүнээс Засгийн Газрын хот хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны 68-р тогтоолд тусгагдсан "Ипотекийн зээлийн орон нутгийн орон сууцны ерөнхий гэрээ”-ний дагуу Орхон аймаг дахь арилжааны банкуудаас нийт 44 зээлдэгч л шалгуур хангаж,  4,1 тэрбум төгрөгийн буюу хүүгийн хөнгөлөлттэй зээл авч чадсан байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнд тусгайлан заагдсанчлан, Улаанбаатараас Эрдэнэтэд шилжиж ирсэн, мөн ипотекийн зээлд анх удаа хүсэлтээ өгсөнөөр шаардлагад тэнцэж зээл авсан гэсэн үг юм.

Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Худалдаа хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаагаар ипотекийн зээлийг түлхүү уурхайчдад олгохоо мэдэгдээд байна.

Мөн тус зээлтэй холбооттойгоор УИХ-ын намрын чуулган эхэлсэн энэ үед УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс  ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж орон нутагт хязгаарлагдмал байгаа тул хүртээмжтэй зохицуулалт шаардаж, зарим тайлбарыг авчээ.

/Дараах холбоосоор үзнэ үү/ https://fb.watch/nrAaHMOL6j/

Мөн Монгол Банкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, энэ сараас нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая байсан нь 150 сая болж нэмэгдсэн тухай мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.  Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгосон гэлээ.

   Тус мэдэгдэлтэй холбоотойгоор Монголбанкны Орхон аймаг дахь хэлтсээс "Ипотекийн зээлийн орон нутгийн орон сууцны ерөнхий гэрээ”он дуустал  хэрэгжинэ. Манай аймагт тус зээлийн олголт харьцангуй өндөр хувьтай байна.  Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 25 хувиа орон нутгийн зээлдэгчдэд гаргахыг чиглэл болгосон. Тиймээс энэ сараас орон нутагт зээл олголт эрчимжих төлөвтэй байна гэсэн тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц