Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2021-10-06 07:102779

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Ослогийн дэлхийн дэвжээнээс Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авч ирэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.

Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өнөөдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Тэгвэл дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

62 кг-д манай улсын бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Тодруулбал, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв.

Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц