Сагсанбөмбөгийн дээд лигийн I шатны тоглолт эхэллээ

2020-09-25 11:0962

        Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн 2019-2020 оны улирлын плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд лхагва /2020.09.23/ гарагт Спортын төв ордонд эхэлсэн юм.

Эхний тоглолт SBL Хасын Хүлэгүүд, Багануур Тулнууд багийн хооронд өрнөж дээд лигийн 6 удаагийн аварга SBL Хасын Хүлэгүүд баг 79:76 гэсэн 3 онооны зөрүүгээр хожлоо. Энэ улирлаас эхлэн дээд лигт хүч үзэж буй Багануур Тулнууд баг энэ тоглолтод маш ширүүн өрсөлдсөн бөгөөд тоглолтын эхнээс л хоёр баг эн тэнцүү тоглож харилцан оноо авч байлаа.

Багануур Тулнууд багаас Г.Насанжаргал, А.Дөлгөөн хоёр тус бүр 19 оноо авч багаа тэргүүлсэн бол SBL Хасын Хүлэгүүд багаас С.Өрнүүнбилэг 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж, О.Сэргэлэн 20 оноо авч багаа тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.

Туршлагатай тоглогчдоор багтаа хүч нэмсэн Эрдэнэтийн Уурхайчид болон залуусыг багийнхаа цөм болгосон 23 Storms багуудын дараагийн тоглолт сонирхолтой болов. Нэгдүгээр үед хоёр баг тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ч хоёрдугаар үеийн эхлэлд Эрдэнэтийн Уурхайчид багийн холбон тоглогч Б.Батжавхлан толгойдоо гэмтэл авч талбайг чөлөөлснөөр уурхайчдын тоглолт илт суларч эсрэг багаас Ц.Азбаяр, Г.Баттөр гэсэн дээд лигийн туршлагатай хослол ээлж дараалан довтолгоогоо амжилттай болгов.

Хоёрдугаар үед бий болгосон онооны давуу байдлаа гуравдугаар үед хадгалсаар 23 Storms энэ улирлын плей-оффын эхний ялалтаа 89:79 гэсэн оноогоор авлаа.

Г.Баттөр 38 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 35 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Эрдэнэтийн Уурхайчид багаас саяхан дээд лигтээ эргэн ирсэн Н.Золжаргал 25 оноо авсан байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц