Хууль бусаар эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлүүлж байна

2021-03-10 11:03227

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг барьж байгуулах ажил 1983 оноос эхэлсэн бөгөөд 1986 онд анхны зуухыг галлаж, 1987 онд анхны турбиныг ажиллуулж байсан бол 1990 онд бүрэн ашиглалтад оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш ямар нэг байдлаар томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй бөгөөд ПТ-12-35/10М турбин нь өвөл, зуны улиралд бүрэн ачаалалтай байнгын ажиллагаатай байдаг тул 1987-2018 оны 11-р сар хүртэл 248,400 цаг ажилласан нь ОХУ-н Калугын турбины үйлдвэрийн баталгаат цагаас 150,000 цагаас хэтэрсэн, манай аймагт “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд баригдаж эхэлсэн, цаашид VII, VIIA, X, IIA хорооллууд баригдаж ашиглалтад орох тул сүлжээний групп бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлага тулгараад байсан юм.

     Иймээс 2018 оны 4 дүгээр сарын 29-нд  Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  явагдах өргөтгөлийн ажлын тусгайлсан гэрээнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад  айлчлах үеэр гарын үсэг зурсан бөгөөд БНХАУ-ын 100 хувь төрийн өмчит “Hunan industrial equipment installation” компани 1 жилийн дотор гүйцэтгэхээр болж 2019 оны 3 сарын 22-нд анхы шавыг тавьж тэр хавартаа барилгын ажил эхэлсэн. 
       “ЭДЦС” ТӨХК-ийн энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэтчүүдэд үр ашгаа өгөөд зогсохгүй Монгол улсын эрчим хүчний системд томоохон үр дүнтэй ажил болох юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь 51,8 сая ам.доллар бөгөөд 9,9 жилд өртөгөө нөхөх ТЭЗҮ-тэй. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн дундаж тарифаар тооцоход цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр бууран 82,2 төгрөг болж, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулах төсөл юм. 
     Гэтэл зарим нэгэн нөхцөл, шалтгаанаас улбаалан дээрхи төслийн ажил удаашрахад хүрсэн. Тухайлбал, уг төслийн барилгажилтын ажлын талбай дээр “Эрдэнэт оргил” ХХК хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр баригдсан барилга обьектоо чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Станцын өргөтгөлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс ОУ-ын хөрөнгө оруулалттай уг төслийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж хууль бусаар эзэмшиж байгаа газраа чөлөөлж өгөхийг хүсч удаа дараа шаардсан байна.     
      Иймээс ОУ-ын төсөл хөтөлбөрийг гацаагаад байгаа уг компанийн газрыг албадан чөлөөлүүлэхээр 2020-11-09-нд аймгийн Засаг даргын А/658 дугаартай  захирамж гарсан юм. Энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй учраас “Эрдэнэт оргил” ХХК “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс “Эрдэнэт оргил” ХХК нь энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байсан, газар эзэмших гэрчилгээ, гэрээгүй байсан тул газар албадан чөлөөлүүлэхээр гаргасан 2020-11-09-нд аймгийн Засаг даргын А/658 дугаартай  захирамж үндэслэлтэй хэмээн үзсэн юм. 
      Иймээс өнөөдөр өглөөний 9 цагаас эхлэн холбогдох мэргэжлийн байгууллагууд “Эрдэнэт оргил” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан газрын албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Мэдээллийн төв
 
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц