Г.Бөхчулуунд дуулах боломж олгосонгүй хэмээн Австралийн “The Voice” шоуны шүүгчид санал зөрөлджээ

2020-06-23 18:0617

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан. Г.Бөхчулуун дөрвөн шүүгч дасгалжуулагчаас Гай Себастьяныг сонгож, түүний багийн гишүүн болсон юм.

Тэгвэл Г.Бөхчулуун “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн байна. Тэд хамтдаа алдарт "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм.

Харин тус үзүүлбэр шүүгчдийн сэтгэлийг гонсойлгож дууны хуваарилалтаа тэгш бус хийсэн хэмээх шүүмжлэл дагуулжээ. Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем, Келли Роуланд нар Г.Бөхчулуунд ижил тэгш боломж олгож, дуулах орон зай өгсөнгүй, зүгээр л Жонни Мануэлийн үзүүлбэрийг тодотгож арын албанд нь ажиллах шиг боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем “Энэ үзүүлбэр халз тулаан байж чадсангүй. Шударга бус байна шүү дээ. Хоёр уран бүтээлчид дуулах боломжийг тэнцүү өгөх ёстой” гэжээ.

Үзэгчид ч мөн Г.Бөхчулуунд дууг тэнцвэртэй хуваарилсангүй хэмээн урам хугарч буйгаа цахим ертөнцөд илэрхийлж, сэтгэгдлээ үлдээсээр байна. Тэдгээрээс дурдвал:

Энэ үзүүлбэр халз тулаан болж чадсангүй. Бөхөө ганцаараа хөгжмөө тоглосоор байгаад л дууслаа. Үүнийг тэгээд Австралийн “The Voice” шоу гэх үү?

Бөхөө хөөмийлөхөөс гадна өөр олон чадвараа үзүүлэх боломжтой байсан.

Энэ үнэхээр “The Voice” шоу гэж үү. Бөхөөд дуулах боломж олгож бадаг хуваарилах хэрэгтэй байсан юм.

Сайхан үзүүлбэр байж чадсан ч халз тулаан болж чадсангүй. Бөхөө үнэхээр хүлцэнгүй байлаа. Гэхдээ түүний царай, нүүрний хувирлаас бүх зүйлийг ойлгож болохоор байна... хэмээх сэтгэгдлүүд хөвөрнө.

Г.Бөхчулуун ийнхүү халз тулааны шатнаас хасагдаж шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Тэрээр тайзнаас буухаасаа өмнө “Бидний дууг амилуулсан хөгжимчдөдөө баярлалаа” хэмээгээд үзэгчдийг бүгдийг нь босож алга ташин хөгжимчдөд хүндэтгэл үзүүлэхийг хүсжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц