ТОМ ТӨСЛҮҮД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ

2020-06-22 21:0638

Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх том төслүүдийн нээлтийн ёслол боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал боловсруулах металлург-химийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Том төслүүдийг хэрэгжүүлснээр, “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулан иж бүрнээр ашиглах юм. Мөн техник, технологийн шинэчлэлт хийснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хувиар бууруулж, үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилж, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Шинээр 800 гаруй ажлын байр бий болж, боловсон хүчнийг орон нутгаас хангах ажээ. Түүнээс гадна Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ олширч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаж, төмөрлөгийн болон машин үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөл бүрдэх юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник, технологио шинэчилж, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд зориулсан бол энэ жил 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар том төслүүдээ хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц