БИДНИЙ МЭДЭХГҮЙ БАТЛУТ

2020-06-15 08:06344

БИДНИЙ МЭДЭХГҮЙ БАТЛУТ

Хориод жилийн өмнө “Хүүтэй боллоо” хэмээн орчлон дүүрэн хөөрч явсан залуу, одоо харин өөрөө залуухан өвөө. Хаа нэг ажил эрт тарсан орой хүүтэйгээ “Эхлээд сургуулиа төгс, ажилтай бол. Дараа нь орон гэрийнхээ асуудлыг хоёулаа шийднэ. Тэгж байж гэр бүлтэй болно шүү” гэж ярилцдаг байж. “Тэгнэ ээ ааваа” гэсэн хүү гэнэтхэн хөөрхөн охин дагуулаад ороод ирэв. Ингээд бэртэй, тэрсхэн хоёр ачтай ч болжээ. “Залуухан өвөө байна шүү дээ” гэхэд хүд хүдхийтэл  инээх  эрд энэ үг магтаал шиг л санагддаг бололтой тун их дэврэх аж. 

Харах нь ээ, аймгийн Засаг даргын албан тушаалтай, бичиг цаасан дундаас толгой өндийх завгүй. Энд ч гарын үсэг зурах, тэнд ч хүнтэй уулзах их ажлынх нь дундаас албаар шахуу зав гаргуулж хоёул хоол идэх санаатай Эрдэнэтийн гудамжаар жаал алхлаа. Гар утас нь байсхийгээд л дуугараастай. Мань эр  халаасан дотроо эвтэйхэн дууг нь хаачихаад, эсвэл “Эргээд ярья” гэж эелдэг хариулсаар удалгүй бүр унтрааж орхилоо. Ингэхгүй л бол тэр бид хоёрт яриа дэлгэх чөлөө өгөхгүй нь.

  • Танд аялах дуртай дуу бий биз?
  • Байлгүй яахав. Өнөө Төмөрхуяг гуайн “Зүрхний уяа” яагаав

“Замбуулинд учрахгүй байх аргагүй

Залуу нас дурлалын дуу минь....гэж аялаад Нисванисийн Амгаатай нэгэн үе хамтлаг байгуулахаар хөөрцөглөж явсан тухай хаа холын дурсамжаас бидний яриа эхэллээ.

Эрдэнэтийн III сургуулийн сурагч урлагт  хайртай Амгаа, V сургуулийн долоодугаар ангийн дуулах дуртай Батлут нар найзууд. Хоёул хаана тэмцээн уралдаан болно, тэнд л гүйж явна. Сүүлдээ ганц хоёр удаа соёлын төвийн тайзан дээр гараад үзчихсэн, үеийнхэн дундаа фэнтэй болсон хоёр хөөрч хамтлаг байгуулахаар Эрдэнэтийн гудамжаар хэдэнтээ хий эргэв. Гэвч Амгаа гитараа, мөрөөдлөө үүрсээр Улаанбаатарыг зорьж, Батлут цүнхээ үүрч, хичээлдээ шамдсаар удалгүй цэрэгт мордов.

 

Таван онцын эзэн, физик математикийн хичээлдээ “толгой цохидог” байсан сурагч хүү электроникийн ангийн ганцхан хуваарийн төлөө 7-8 хүүхэдтэй өрсөлдөөд хоёрт жагсчихав. Хүссэн хувиараа авч чадалгүй урамгүйхэн алхаж явсан түүнд цэргийн зарлан ирлээ. Бодсон ч үгүй “ЗИЛ-130” машины  тэвшин дээр үсэрч суугаад Зүүнбаяныг зорив оо. Уг нь Техникийн их сургуулийн уул уурхайн ангийн хуваарь түүнийг хүлээж байсан ч хэдий нь цэргийн үнэмлэхээ өвөртлөөд говийн  халуун салхиар илбүүлж явав. Шүдэнз зураад унтрах төдийд амжих ёстой “Тайчаад” командад хоцорч  “Марина” зугаалцуулсан шиг /шал зүлгэж цэвэрлэхийг цэргүүд ингэж хэлдэг/ зогсохдоо

Зүүнбаян зүгээр нутаг,

Зүлэг ногоогүй гуниг нутаг хэмээн дуулсаар Зүүнбаянгийн 149 дүгээр ангид цэргийн анхны нэг жилийн албыг аавын олон хөвгүүдтэй гудиггүй туулаад л гарав. 1994 оны намар гялалзсан хромтой ганган залуу цэргээс халагдаад Орхон аймагтаа ирлээ. “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператороор ажилд ч оров. Ихэнх залуус эхлээд сургуулиа төгсөөд дараа нь ажилд ордог бол Батлут ажилчны ангиас Технологийн  сургуульд элсэв.

Батлут оюутан байхдаа нийгмийн идэвхитэй, хэрсүү оюутан явжээ. Хүсэл зориг нэгтэй нөхдийнхөө хамт Орхон аймгийн Оюутны холбоог байгуулж дэд ерөнхийлөгч болов. Энэ үеэс МАН-ын ах нар түүний овсгоог үнэлэх болж. Түүнийг хэн ч улстөрд татан оруулаагүй. “Эрдэнэт хивс” ХК-иас ажлын гараагаа эхэлсэн энгийн л нэг нормчин залуугийн аав, ах хоёр нь энэ намын ууган гишүүд тул итгэл үнэмшилтэйгээр гишүүн болчихов. Үүнээс хойш Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч, аймгийн Газрын албанд мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн, 2008 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга гээд бүх шатанд ажиллаж, Эрдэнэтийн тогоон дотор холхиж, тоосон дунд нь мөлхөж явжээ.

Батлутад дэлхийгээс суралцсан он жил ч бий. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад гурван жил ажиллах хугацаанд тэр гэр хорооллын хүнд хэцүү амьдралтай айл өрхийн судалгааг гарган хүнс дөхүүлж, хүүхдүүдэд  нь бэлэг боож явав. Эдгээр өдрийн төгсгөлд тэдгээр амьдрал бүрт зүрхнээсээ санаа зовж, нойр хулжсан шөнө түүнд олон. Бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн. Ийм нэгэн айл дүн өвлийн хүйтэнд зуны жижигхэн амбаарт амьдарч байсан дүр зураг Батлутын санаанаас огт гаргадаггүй гэнэ.

“Би тэр залуутай тамхилангаа жаал хууч хөөрөөд хэдэн төгрөг халаасанд нь хийгээд гарлаа. Залуу надтай хамт гэрээсээ гараад хашааны банзаа сүхээр цавчиж эхэлсэн. Банз дуусахад дараа нь юугаа түлэх бол. Цалин буухаар дахиад ирж мөнгө өгөх үү, эргэж тойрч байх уу гээд л олон зүйл бодсоор буцсан” хэмээн санахаас л сэтгэл хүнд оргиулах хүний амьдралыг дурслаа. “Дэлхийн зөн”-д ажилласан гурван жилийн ард Батлут бусдад бэлэн мөнгө өгөх биш. Харин тэднийг хөгжүүлэх ёстой. Хүн хөгжвөл нийгэм, улс орон, дэлхий нийт хөгжих юм байна гэдгийг ойлгожээ. Хожим 2016 онд Эрдэнэт хотын гудамжинд “Би хүн байхыг хүснэ” гэсэн содон уриатай сурталчилгаа байршуулсан нэр дэвшигч Батлут байв. Тэр “Хүний төлөө сэтгэлтэй хүн л сайн улстөрч болно” гэдэг жанжин шугамтайгаар эгэл, энгийн уриа дэвшүүлэн Эрдэнэт хотын Засаг дарга боллоо.

Батлутад алдаж оносон ахархан цаг хугацаа бий.  Алдаж гишгэсэн өдөр хоногуудад тэр ээжийнхээ“Арай ч дээ хүү минь, аав чинь чамайг харсан бол ч...” гэх үгнээс ухаарал олжээ.

Ээжийнх нь хэлсэн энэ үг түүнд тун хүнд тусч хэнд ч гомдоогүй хэр нь урсаад л байсан нулимс хачин шорвог байж. Түүний гуньсан, уруудсан ерөөс гундуу явсан өдөр бүрийн ухаарал ээж нь байв.  Өдгөө түүний ээж  84 настай хөнгөн шингэн гэж жигтэйхэн буурай бий.

Батлутын аав барааны мэргэжилтэй нэгэн байсан. Түүнийг 13 настай байхад нь өөд болжээ. Харин ээж нь зочид буудлын эрхлэгч мэргэжилтэй. Элэг бүтэн, инээд хөөр дүүрэн амьдралд тэр өссөн.  Тиймдээ ч тэр үү тун өр нимгэн, өөр бусдын амьдралыг зүрхээрээ мэдэрч, хайрлаж, чаддаг хүн болон хүмүүжжээ.

Бид алхсаар “Нутгийн удирдлагын ордон” гэх саарал байшингийн өмнө ирэхэд нарийн бичиг нь “Дарга аа, нөгөө Жамбал гуай хүрээд ирсэн. Таныг өрөөнд тань хүлээж байгаа” гэсээр дотогш орлоо.

Аймгийн засаг дарга гэсэн алдрыг нь түр “тайлаад”  харвал ард нь өгөө авааны төлөөх тэмцэл үгүй өөрийнхөөрөө, илүү дутуу хиймэл зан авиргүй байгаагаараа. Атаа жөтөө, ад хорслын шинж үгүй энгийн, гүдс шулуун, үнэн дүртэй. Монголын сүүл үеийн улстөр дэх хэт хэтрүүлэгтэй, драмлаг жүжиглэлтийн хэнээнээс ангид орших бидний мэдэхгүй Батлут сууж байх юм.

Аймгийн МАН-ын Сонгуулийн төв штаб


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц