Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай байна

2023-09-18 16:091365

Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанд аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа. Орхон аймгийн “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөнд 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дундаж биелэлт 79 хувьтай байна. 

2022 оны жилийн эцсийн тооллогоор  Орхон аймагт 1350 малчин мал бүхий өрхийн 169.9 мянган толгой мал тоологдсон бөгөөд 43.8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 178.9 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулах төлөв гарчээ. 

            Аймгийн Хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран 8 дугаар сард зуншлагын цагийн байдалтай танилцаж, бэлчээрийн ургац тогтооход нийт нутгаар хур тунадас ахиу орсон нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлжээ. Бэлчээрийн ургамлын ургацыг 7 цэгээс дээж авч тогтооход өмнөх оноос 22 хувиар өссөн  байна.

  Хөдөө аж ахйн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн болон Баян-Өндөр, Жаргалант сумдын  аюулгүйн нөөцөд нийт 200 тонн өвс, 86 тонн тэжээл бэлтгэх бол малчид 9500 тонн байгалийн хадлан бэлтгэнэ. Малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх бөгөөд хадлангийн ажил бүрэн дуусаагүй байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 14 аж ахуйн нэгж, 297 өрхөөс нийт  үр тариа 3904 га,  малын тэжээл 287 га, тосны ургамал 821 га, төмс 140 га, хүнсний ногоо 408 га талбайд нийт 5560 га талбайд ургац хураалтын ажил хийгдэнэ. 

Энэ жил нөөцийн мах бэлтгэх арга хэмжээний хүрээнд 500 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу нээлттэй тендер зарлаж  сонгон шалгаруулалт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүчингүй болж, дахин тендер зарлах нь нөөцийн мах худалдаанд гарах цаг хугацааны хувьд боломжгүй болж, худалдаанд гараагүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 279 дүгээр “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн аймгийн жишсэн дундаж нийт хүн амын 2024 оны хаврын махны хэрэгцээг 90 хоногоор тооцож 926.8 тонн малын мах хэрэгцээтэйгээс үүний 30.0 хувь буюу 278 тонн гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

 

Иймд 2023 оны төсвөөс баталсан 500.0 сая төгрөгийг 2024 оны хаврын нөөцийн мах бэлтгэх төсөвт шилжүүлэн 9 дүгээр сард багтаан үйлдвэрийн аргаар мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар болжээ.  Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг явц, эрчимжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар үүрэг болголоо.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц