12 оронтой тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр хуульд тусгажээ

2022-04-19 06:04492

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 

Хуулийн төсөлд иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгажээ. 

Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоосон билээ.

Мөн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байгаа учир иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан байна. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц