Эрүүл мэндийн салбарынхан “Цар тахлыг хамтын хүчээр даван туулъя" уриалга, тайван жагсаал хийлээ

2021-06-17 07:06640
Орхон аймагт сүүлийн 24 цагт 70 тохиолдол бүртгэгдэж, нийт 1492 хүн коронавирусээр өвчлөөд байна. Мөн эмнэлэгт тусгаарлагдсан эмчлэгсдийн 40 гаруй хувь нь хүүхдүүд байгаа юм. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилчид “Цар тахлыг хамтын хүчээр даван туулъя, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахья” хэмээн ард иргэдэд хандан уриалж байна.
Тодруулбал, Орхон аймагт коронавирусний өвчлөлийн тоо 7 хоногт 400 давсан. Энэ нь 7 хоногт хийсэн тандалт шинжилгээний 17 гаруй хувь буюу нийт хүн амын нэгээс дээш хувь халдвараар өвчилсөн гэсэн үг. Эмнэлгийн болон төрийн албан хаагч, бусад ажиллах хүчний нөөцний дутагдалд орж эхэлж байна. Иймд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн эмч, эмнэлгийн ажилчид, өглөөний 6,30 минутаас эхлэн олон нийтэд хандаж, иргэн бүр хариуцлагатай байж, хариуцлагаа илүү нэмэгдүүлэх, бие биедээ шаардлага тавьж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, өвчлөлийг бууруулахад иргэдийн оролцоо чухал байгааг онцлон, уриалж байна.
Орхон аймгийн Онцгой Комиссоос хийсэн урьдчилсан судалгаагаар нийт хүн амын 1 % буюу 1000 гаруй иргэн өвчлөхөд, эмчилгээний 500 аас дээш ор шаардлагатай. Энэ хирээр ажиллах хүч шаардагдаж, эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ажилчдын ажиллах хүчний нөөц хүрэлцэхгүй хэмжээнд хүрч болзошгүй байгааг анхааруулж байсан. Өнөөдөр энэ таамаг бодит байдалд хүрээд байна. Иймээс цар тахлын голомтод бүс, тандалт судалгаа гэхчилэн нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчидтайгаа иргэд хамтдаа тэмцэх цаг ирээд байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц