“Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн их татвар төлсөн ААН-ийн хоёрт жаглаа

2021-05-13 10:05119

Ковид-19 цар тахлын эрсдэл, хязгаарлалтын арга хэмжээ давамгайлсан 2020 онд Монгол Улсын татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн шилдэг 20 татвар төлөгч аж ахуйн нэгжийг Татварын албанаас энэ сарын 10-ны өдөр  албан ёсоор зарласан билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж болон хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдлээ. Тус компани уул уурхайн шилдэг компани болохоо сүүлийн гурван жил дараалан ийнхүү баталгаажуулж байна.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 490.1 тэрбум төгрөгийн татвар төлж, Татварын ерөнхий газраас гаргасан дүнгээр 482.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг  гаргасан. 

Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ  өөрийн хөрөнгөөр байгуулж,  ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг орлого улам нэмэгдэнэ.

Компанийн "А6-20" бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор дөрөв дахин өсч 7 их наяд  төгрөг,  жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц