БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн “балаг” Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаяр АТГ-д шалгагдах шалтгаан болсон уу

2023-05-15 09:051515

       Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаярыг хууль хяналтын байгууллагаас шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Б.Оюунбаярыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн хуулийн байгууллага ээрэх болсон гэх. Чухамдаа ямар шалтгааны улмаас шалгаж, үүрэгт ажлаас нь хүртэл чөлөөлүүлэх хүсэлт өгүүлснийг мэдэх хүн ховор байна. Гэхдээ Эрдэнэтийн улс төр, төрийн албаныхны шалтаг, шалтгааныг нь тодорхой мэдэж байгаа гэх бор шувуу нисэж байгааг хэн хэнгүй мэднэ. Б.Оюунбаярыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, томилгоо ч хийгдээд авлаа.

     Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ОББҮХ-ны дарга байх үед "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны  2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд тусгагдсаны дагуу болон тухайн үед гаргасан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаал, шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн "Хаягдлын аж ахуйн цагаан тоосонцор бууруулах, зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх" чиглэлд зарцуулагдах төсөв болох "1.000.000.000" төгрөгийг зориулалтын бусаар ашигласантай холбоотойгоор шалгагдан буруутгагдсан гэх мэдээлэл байгаа юм.  

Тодруулбал, дээрх зориулалтын хөрөнгийг Орхон аймгийн "Хогийн цэг"-ийг дарж, булшлах ажилд буюу зориулалтын бусаар захиран зарцуулсантай холбоотой гэх нь бий.

Эргэн сануулбал, 2022 оны зун хогийн цэгийн 80.3 га газраас 35 га газрын хогийг дарж, хумиж далан босгон хог тархалтыг хязгаарлах ажилд тус хөрөнгийг зарцуулсан гэх мэдээлэл цахимд бий.

Ингэхдээ дээрх "Нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувийн дансаар болон ажиллах хүчний цалин хөлсөнд зарцуулсан" нь буруутгагдах шалтгаан, нөхцөл болсон гэж зарим эх сурвалж мэдээлж буй.

Дээрх эх сурвалжийн мэдээллүүдээр БОАЖ-ын сайдын усалдаг тойрогт хийгдсэн хөрөнгө оруулалт нь ийнхүү Хот тохижилтын газрын дарга асан Б.Оюунбаярыг хөлдөө чирсэн байж болзошгүй байна.

Саяхан "Бүх нийтийн мод тарих өдөр"-өөр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хаягдлын аж ахуй орчимд мод тарьсан нь "Зориулалтыг нь өөрчилсөн дээрх асуудлыг гүйцэтгэсэнээр харуулах" гэсэн санаа байж болохоор харагдаж байгаа юм.

Б.Оюунбаярын холбогдсон уг асуудалтай холбоотойгоор БОАЖ-ын сайд болон аймгийн Засаг дарга нарт мөн хэрэг үүсгэн, шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна. АТГ-аас долоо хоног бүр мэдээлэл хийдэг ч, энэ талаар мэдээллэгдээгүй.

АТГ-ын холбогдох албанаас тодруулахад "Энэ талаар тодруулж,эргэн мэдээллэе" гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус салбарын сайдаар томилогдсон даруйдаа дэргэдээ АТГ-ын комиссар ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын удирдлага, албан тушаалтантай ойр байх магадлалтай. Иймээс дээрх асуудалд АТГ-т нөлөөлж, мэдээллийг хаалттай хэвээр дарж байгаа юу гэдэг хардалт дагуулж, анхаарал татсан, асуулт хэвээр үлдэж бaйна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц