Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох зохицуулалтууд....

2022-11-24 03:111053
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан байна. Үүнд:
 
  • Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 51, түүнээс багагүй хувийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байх хязгаарлалт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой болгов.
 
  • Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж ангилж, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгав.
 
  • Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.
  • Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгоно. Тухайлбал, харьяалах нутагтаа жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд, отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусгасан.
 
  • Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг байнгын ажиллагаатай боомт, олон улсын боомт болон хил орчмын нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.
 
  • Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
 
  • Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг Казиногийн орлогын 5 хувь, агаарын тээврээр зорчигчийн аялал жуулчлалын төлбөр болон зөвшөөрлийн хураамж зэргээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан.
 
  • Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
 
  • Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгах юм байна.
 
  • Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд улмаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ний 30, түүнээс дээш хувийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц