БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “УУЛ УУРХАЙ БА НОГООН ХӨГЖИЛ” БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

2022-09-23 07:09257

Тэрбээр “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд талуудын оролцоо чухал” гэдгийг онцоллоо. 

Уул уурхайн салбар нь төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Эдгээр нөлөөлөл шууд буюу дам эсхүл тэдгээрийн нийлбэр нь хянан зохицуулагчид, орон нутгийн ард иргэд, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага болон ажилчид төсөл хэрэгжүүлэх үйл явдлыг эмзгээр хүлээн авахад хүргэдэг билээ.Иймд сүүлийн жилүүдэд хариуцлагагүй уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн зарим нэг аж ахуй нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж эрдэс баялгийг олборлох зорилгоор газрын зөвшөөрөл авах явдал улам бүр хэцүү болж байгаа нь уг салбарын уул уурхайн тогтвортой хөгжлийн өмнө тулгарч байгаа гол эрсдэл болоод байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан уул уурхайн үйл ажиллагааны нутгийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах, улмаас эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд төв, орон нутаг төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах шаардлагатай байна. Нөхөн сэргээлт нь уул уурхайн төслийн эхний шат дамжлагаас эхлэн уул уурхайг хаах болон газрын төлбөр барагдуулах хүртэлх бүхий л үе шатанд үргэлжилдэг үйл явц тул БОАЖЯ энэ бодлогыг цаашид хатуу мөрдөж ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

Тайлбар байхгүй.

 

Мөн Монгол Германы Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд "Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн“-тэй хамтран 2.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын дагуу жил бүрийн үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөнд 2021-2024 онд нийт 2000 га талбайг нөхөн сэргээх зардлыг тусгахаар шийдвэрлэж, 2022 онд 807 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллаж байгаа “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ уул уурхайн компаниуд болон тэдгээрийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

Цаашид бид ашигт малтмалын нөөц болон байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдсон, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн норм, стандартыг тогтмол сайжруулж, боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэн дэмжиж ажиллах болно.

Эцэст нь уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, олборлогч компаниуд, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уул уурхайн хөрөнгө оруулагч, төрийн байгууллага, уул уурхайн орчинд амьдарч буй иргэд, орон нутагтай хамтран ажилласанаар байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болно гэдгийг хэлмээр байна гэсэн юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц