“ЭРҮҮЛ ОЙ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2022-09-23 07:09213

“Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөл үзэглэв.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Энэхүү төсөл нь энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Тайлбар байхгүй.

Талууд “Эрүүл ой” төслөөр Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зэрэг нийтлэг зорилтуудыг дэвшүүлж байна. Учир нь шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна.

 

Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно гэж дүгнэжээ.

Иймд Рио Тинто компанийн санхүүжилтээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийж, шинэлэг бөгөөд олон улсын шилдэг арга, техникийг нэвтрүүлэх замаар үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

 Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц