Энэ сарын 27-ны өдрөөс өндөр тунт "А" амин дэм өгч эхэлнэ
Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг.
Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс буюу маргаашнаас харьяа ӨЭМТ-үүдээр хүүхдийг А аминдэмд хамруулна.
Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг.
А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд:
- Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
- Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
- Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
- Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандаж өндөр тунт А аминдэмийг жилд хоёр удаа заавал уулгах шаардлагатай. Үүнд:
- Зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард ууна.
- 12 сартайгаас тав хүртэлх насны хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ууна.
- Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц