Японд бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ

2022-02-21 04:02407

Японы Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах “COVID-19”-ийн вакцинуудыг хотын засаг захиргаад, эрүүл мэндийн байгууллагуудад энэ долоо хоногт нийлүүлж эхлэхээр болжээ.

Тодруулбал, даваа гарагт олон нийтийг вакцинжуулах хөтөлбөрт дээр дурдсан насны хүүхдүүдийг вакцинжуулахтай холбоотой заалтыг албан ёсоор оруулах ажээ. 

Засгийн газар ирэх тавдугаар сар хүртэл орон даяар 12 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дархлаажуулалтын ажил зарим бүс нутагт энэ сараас эхлэх төлөвтэй байна.

Энэ насны хүүхдүүдийг 12-оос дээш насныханд тарьж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар дархлаажуулж, хоёр тунг гурван долоо хоногийн зайтай тарина.

Гэхдээ 12-оос дээш насныхнаас ялгаатай нь вакцины “омикрон” хувилбарын эсрэг үр дүнг баталгаажуулах мэдээлэл одоогоор хангалтгүй байгаа тул бага насны хүүхдүүдэд вакцинд хамрагдах шаардлага тавихгүй юм байна. Мөн энэ насны хүүхдүүдийг дархлаажуулахад эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай.

Эрүүл мэндийн яамны зүгээс эцэг эхчүүдэд шийдвэр гаргахын өмнө хүүхдүүдтэйгээ сайтар ярилцахаас гадна харьяа эмнэлгийн эмч нартайгаа зөвлөлдөхийг уриалж байна. Мөн амьсгалын замын болон бусад суурь өвчтэй хүүхдүүдийн хувьд “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр тул вакцинд хамрагдахыг уриалж байгаа ажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц