Цууралт өгсөн сургуулийн сурагчдын сурах эрх зөрчигдсөөр байна

2021-11-22 17:11922

Орхон аймгийн 17-р сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд суулт өгсний улмаас бага ангийн сурагчид зориулалтын бус анги танхимд хичээллэж, эрх нь зөрчигдсөөр байна. Тодруулбал энэ есдүгээр сарын 3-ны өдөр хичээлийн байранд нь суулт өгч, эрсдэлтэй нөхцөл байдал бий болсны улмаас 560 орчим хүүхдийг хичээлийн нэгдүгээр байранд шилжүүлэн хичээллүүлэх болсон. Гэвч одоог хүртэл тухайн барилгын ашиглагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагын алиных нь буруутайг тогтоогоогүй, хичээллэх хэвийн нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

     Тодруулбал хичээлийн нэгдүгээр байранд 980 гаруй, харин хоёрдугаар хичээлийн байранд 1-5 дугаар ангийн 560  сурагч хичээллэдэг байсан. Барилгын суулттай холбоотойгоор нэг хичээлийн байранд шахан суралцуулж байгаа юм. Энэ нь нь өмнөх жилүүдэд хичээлийн хоцрогдолд орсон бага ангийн сурагчдад асуудал болж байна. Учир нь аймгийн хэмжээнд сургуулиуд 100 хувь танхимаар хичээллэж эхэлсэн. Харин энэ сургуулийн сурагчид танхим, цахимаар ээлжлэн хичээллэсээр байна.

Ингэхдээ бага ангийн сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор сургуулийн багш нарын өрөө, номын сан, мөн өлгүүрийг танхимын зориулалтаар ашиглаж байна. Мөн дунд ахлах ангийн сурагчид бүлэг, кабинетаар хичээллэх боломжгүй, бага ангийн багш нар хичээлийн хоцрогдлыг арилгах, бусад давтлага хичээл өгөхдөө коридорт суух болжээ.

Мөн сурагчдын үдийн цай хоолыг бэлтгэх гал тогоог англи хэлний танхимд шийдсэн нь багш, эцэг эхчүүдийн хувьд эрүүл ахуйн стандарт хангахгүй гэж үзэж байгаа юм. Иймээс хичээлийн хоёрдугаар байрны цууралт, суултын учир шалтгааныг нэн яаралтай гаргах, засвар үйлчилгээг хийж, хичээлийг хэвийн горимд хичээллүүлэх шаардлагатай байна.

Барилгын ажлыг Урагшлах компани хийж гүйцэтгэсэн. Захиалгч талаас шүүхийн байгууллагад өгсөн. Өнгөрсөн амралтын өдөр хөндлөнгийн шинжилгээ хийлгэсэн ч,  дүгнэлт тодорхой хугацааны дараа гарна. Засвар хэзээ хийгдэх нь тодорхойгүй, багш сурагчид сурах таатай орчин нөхцөлөөр хангагдахгүй байсаар байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц