Эдэлгээ дууссан бол ЯАГААД зарна гэж...

2021-10-29 14:101584

Орхон аймгийн орон нутгийн өмчит 8 байгууллагад ашиглаж байсан, эдэлгээний хугацаа нь дууссан, сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай 25 авто машиныг дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай ИТХ-ын тэргүүлэгчдийн 7 дугаар хурлаар хэлэлцэн баталлаа. Тодруулбал худалдан борлуулах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн, дуудлага худалдаагаар арилжихаар шийдвэрлэлээ.

Эндээс харахад эдэлгээний хугацаа нь дууссан бол актлах нь зүй ёсны хэрэг. Аль эсхүл актлаад, сэлбэг задаргаанд нийлүүлэн, орон нутгийн  төсөвт бага хэмжээний орлого олох боломжтой. Гэвч нээлттэйгээр худалдан борлуулах гэж байгаа нь өөрөө аль нэг удирдлагын завших гэсэн заль мэх байж болзошгүй гэх хардалтыг төрүүлж байна. 

Тухайлбал аймгийн ЗДТГ-т ашиглаж байсан Тояата Лексус 470  маркийн автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, ашиглалтад орсон он 2014 он, балансын элэгдэл, хуримтлагдсан элэгдлийг 46сая 700.0 төгрөгөөр тооцжээ. Харин худалдах доод үнийг 3875000 төгрөгөөр тогтоосон байгаа юм. Тэгвэл тухайн маркийн нэг толины ч үнэ хүрэхгүй үнээр худалдах шаардлагатай юу?

Яг энэ мэтээр 8 байгууллагын нийт 25 автомашиныг дуудлага худалдаагаар худалдан борлуулж,  орон нутгийн санд 65.7 сая төгрөгийн орлого оруулна гэдгийг орон нутгийн өмчийн газраас тэргүүлэгчдийн хурлаар мэдэгдсэн. Ингэхдээ орон нутгийн хэвлэл мэдээллээр нээлттэй зар, урилга явуулж хийхийг зарим төлөөлөгчид шаардаад буй.  

Харин 8 байгууллага тус бүр ирэх оны төсөвт дахин автомашин авах зардал суугдах эсэхэд Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хариулахдаа: 

Техникийн машиныг авна. Харин суудлын автомашин авахгүй гэсэн тайлбар өглөө. Тодруулбал хот тохижуулах, Эрдэнэт ус ОНӨААТҮГ, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж, шуурхай удирдлагын төвүүдэд техникийн шаардлагатай, портер, өргөгч зэргийг авах юм байна.

     Мөн түүнчлэн орон нутгийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй, орон нутаг дахь "Шунхлай" петролиум ХХК-ийн салбарын хашаан дахь 177 м төмөр замын салаа замыг Шунхлай петролиум 10 жилээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа учир  62 сая төгрөгөөр давуу эрхээр хувьчлах асуудлыг мөн хэлэлцсэн.

Тэгвэл өнөөдөр 1 км төмөр замыг тэрбум орчим төгрөгийн өртгөөр барьж байгуулдаг. Төмөр замын хувьд орон нутаг дахь өөр аж ахуй нэгжүүдэд түрээсийн замаар ашиглуулах бүрэн боломжтой, худалдан борлууллаа гэхэд энэ жишгээр зарж борлуулах шаардлагатайг ч тэргүүлэгчид онцоллоо. Иймд тэргүүлэгчдийн хурлын тогтоолоос доод үнийг хасч баталсан юм.

А.Саранчимэг

No description available.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц