"Уурхайчин-3" хаус хорооллын барилга дээр ажилласан ажилчид цалингаа авч чадахгүй хохирсоор байна

2021-08-11 04:082168

Орхон аймгийн Баян-өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  захиалгаар “Эко 400”  орон сууцны хороолол өнгөрсөн намраас хойш баригдаж эхэлсэн. Уг барилгын гүйцэтгэгчээр “Люкс вүүд” компани, туслан гүйцэтгэгчээр 7 компани ажиллаж буй. Туслан гүйцэтгэгчээр орсон “Удамт Түмт” компаниас ажилласан цалин хөлсөө авч чадаагүй, хохирсон иргэд байсаар байна. Иймд уг асуудлын манай Etimes.mn сайт тухайн барилгын ажил дээр ажиллаж, цалингаа авч чадаагүй иргэдээс зарим мэдээллийг тодрууллаа.  Эхний хохирогч Иргэн Э-тэй ярилцсан яриаг хүргэж байна.

E times.mnСайн байна уу? Та сайхан намаржиж байна уу?

Иргэн Э: Сайн. Сайн байна уу?

E times.mn: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиалгаар баригдаж байгаа 400 айлын амины орон сууцны барилга дээр ажиллаж байсан ажилчид олон сараар цалингаа авч чадахгүй, хохирсон гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн үү? Таны хувьд хэдэн сард тухайн барилга дээр ажиллаж байв?  

 Иргэн Э: Би өнгөрөгч Гуравдугаар сараас Тавдугаар сарын хугацаанд ажилласан. Цар тахал гээд ажил олдохгүй байсан учир аргагүйн эрхэнд барилга дээр ажилласан юм. “Люкс вүүд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Удамт Түмт” ХХК-д  ажилласан. Гэвч тухайн компани барилга дээр ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг олон сараар олгоогүй нь үнэн.  Миний хувьд ч тус компаниас одоог хэр нь цалингаа олж авч чадаагүй л байна. Ажил төрөл хийсэн ухаантай юм болохоор ар гэр, ахуй амьдрал гээд өр шир гээд хойд хормойгоороо урдахаа нөхөх гээд ажиллаж эхэлсэн.

E times.mn:  Таны хувьд 3 сарын хугацаанд ажилласан гэлээ. Анх ажилд орохдоо цалингаа хэдэн төгрөгөөр тохиролцож байв? Мөн тухайн барилга дээр ямар ажил хийж байсан бэ?

Иргэн Э:  Намайг ажилд орох үед сарын цалин нь 1.300.000-1.500.000 гэж байсан. Миний хувьд тухайн барилга дээр мужаан хийдэг байсан бөгөөд сарын цалингаа 1.300.000-аар тохирсон. Гэтэл 1.300.000 төгрөгийн цалинтай хүн чинь сардаа 100-200 мянган төгрөг л авдаг байлаа. Компаниас цалингаа нэхэхээр санхүүжилт алга гээд 100, 200-аар нь өгч өдөр хоногийг аргалсаар ирсэн. Одоо тус компаниас 1.300.000 мянган төгрөгийн авлага бий.

E times.mn: Ямар нэгэн ажилд ороход заавал хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Харин та ажилд орохдоо “Удамт Түмт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан уу?

Иргэн Э:   Үгүй. Хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй. Учир нь бид нар бригад болж орсон учир гэрээ байгуулах ямар нэгэн нөхцөл үүсээгүй. Туслан гүйцэтгэгч компанийн дор орж ажиллахад заавал бригад болдог юм байна. Ингээд 20-30 хүн нийлж бригад болсон. Уг нь хуулиараа бол хүнийг ажилд авч байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой биз дээ. Гэтэл тийм зүйл огт байгаагүй. Бүр хүмүүсийг бригад нэрийдлээр ажиллуулж, хөлс хүчийг нь сорж сурсан гэх үү дээ.

E times.mn: Энэ мэдээллийн мөрөөр манай сайтаас хэр хохирогчид байгааг толруулж, асуудлыг олон нийт ч бодитоор харах боломж олгох зорилгоор Эрдэнэтийн цахим орчинд постолсон. Хэд хэдэн хүн холбогдсон. Тэгэхээр ямар ч санхүүгийн болоод, ажиллах хүчний чадамжгүй компани иргэдийг ажиллуулаад байсан гэсэн үг үү?

No description available.No description available.No description available.

 Иргэн Э:   Үзсэн. Яг энэ мэдээлэлтэй холбоотойгоор “Удамт Түмт” ХХК-тай холбоотой мэдээллийг устгуулаад өгөөч. Хоёулаа тохиролцъё гэж над руу тус компаниас утсаар залгаж, ярьсан.  Хариуд нь би ажилчдынхаа цалинг цаг тухай бүрд нь өгч сур.  Тэгвэл ийм асуудал гарахгүй гэсэн.

E times.mn: Тэгвэл мөн дээрх барилга дээр ажиллаж цалингаа авч чадаагүй хохирсон иргэн П-тэй утсаар холбогдож тодруулга авлаа.  

E times.mnСайн байна уу? Та сайхан намаржиж байна уу?

Иргэн П: Сайн. Сайн байна уу?

E times.mnЭрдэнэт үйлдвэрийн захиалгаар баригдаж байгаа  барилга дээр ажиллаж байсан ажилчид олон сараар цалингаа авч чадахгүй, хохирч байгаа гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн үү?

Иргэн П: Үнэн. Миний хувьд хаус хорооллын барилга дээр өнгөрөгч 4,5-р сард анх ажилд орсон. Ажиллаж эхлэхдээ мужааны туслахаар өдрийн 50 мянган төгрөгөөр ажилласан. Богинохон хугацаанд ажилласан ч гэлээ цалингаа авч чадаагүй. Барилгын ажил хүн бүрийн хийгээд байхаар тийм ч амар ажил биш шүү дээ.

E times.mn:Яагаад цалингаа аваагүй юм бэ? Ямар шалтгаанаар таны цалинг өгөхгүй байгаа юм.

Иргэн П: Би нэг сар ажилласан. Цалингаа авъя гээд нэхэхээр санхүүжилт алга. Захиалагч байгууллагаас мөнгө нь орж ирээгүй байна. Удахгүй цалинг чинь өгнө өө л гэдэг. Гэтэл одоо 2,3 сарын хугацаа өнгөрчихөөд байхад таг чиг л байна...

E times.mn : Монгол залуус ажил голж ажилгүй, унхиагүй гэртээ зүгээр суугаа юм биш. Хүн л болсон хойно гэр бүлээ тэжээх гэж болсон болоогүй ажил хийнэ. Гэвч, өнөөдөр тэдэнд нийгмийн баталгаа алга. Арчаагүй, ажилгүйгээ дуудуулж, хар бор, хүнд гэлгүй ажилласан ч тэдэнд ажлын байр, цалин хөлс байхгүй. Мөн тэдний хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл, дутмагийг олзуурхаж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, нэг хоёр сар ажиллуулаад шантраадаг,  зальхай булхай этгээдүүд залуусын нурууг авч, урмыг мохоож байна. Гэвч ажилд орсон аавыгаа, ахыгаа, ээжийгээ, хүүгээ хүлээсэн, өдрийн бор хоногуудыг хоолтой, хоолгүй өнгөрөөж байгаа хичнээн хүн байгаа бол. Бусдын хөдөлмөрийг мөлжиж буй компаниудыг мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө өөгшүүлж, хахууль авдаг бус хариуцлага нэхэж, алдаа оноог нь дэнсэлж ташуур өгдөг болох хэрэгтэй. Мөн ямар ч чадамжгүй атлаа танилын нүүрээр барилгын салбарт тендерт ялж буй компаниудад хуулийн хариуцлагыг хатуу үүрүүлмээр санагдах юм.

...Иймд бид дээрх бодит кейстэй ижил төрлийн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэсээр байх болно.

Ярилцсан:Энхүүш


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц