Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллахдаа гаргасан онцлох ШИЙДВЭРҮҮД...

2021-05-14 17:051881

Монгол улсын  32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна.  Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн шуурхай удирдлагын төвд ажиллах үеэр аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, 2024 он хүртэл хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. 


1.    ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОРОН СУУЦ БАРИХАД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,” Орхон, Дархан-Уул аймагт  нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилттой байгаа. Иймд  орон сууцны санхүүжилтыг зураг төслөө сайтар гаргасан тохиолдолд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно” гэлээ. 

2.  КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Орхон аймаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Онцгой комисс болон болзошгүй аваарын зардал, засаг даргын нөөц сангаас 1,3 тэрбум төгрөг, албан хаагчдын хоолны зардал, тусгаарлах байр, оношлуур, лабораторийн нэмэлт хэрэгслүүдэд 562,6 сая төгрөг,   хамгаалах хувцас, хэрэгсэл, түргэвчилсэн  болон PCR оношлуурын нөөц бүрдүүлэлт зэрэгт 1.2 тэрбум буюу нийт 3  тэрбум төгрөг  шаардлагатай байгаа гэж  аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал  Ерөнхий сайдад танилцууллаа.  

Уг асуудлын хариуд Ерөнхий сайд:  “Цар тахалтай холбоотой үүсээд байгаа зөрүү 3 тэрбум төгрөгийг санхүүжилтийг шадар сайдтай  ярилцаж ирэх 7 хоногт шийдвэрлэнэ” гэлээ. 

3.  ТӨРИЙН НЭГДСЭН БАЙР БАРИХ ТӨСӨЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

Орхон аймгийн удирдлагууд төрийн албаны контороор зориулалтын бусаар ашиглаж байгаа орон сууц болон цэцэрлэгийн барилгыг чөлөөлж төрийн байгууллагын нэгдсэн байр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг чөлөөлөх хүсэлтэй барилгуудын нийт өртөг нь 6,5 тэрбум төгрөг аж. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төрийн нэгдсэн байр барих асуудлыг дэмжихгүй. Бид төрийн байгууллагын оффис тал дээр өндөр зардал гаргасан. Иймд та бүхэн одоо байгаа нөхцөл байдалдаа тулгуурлан, салангид байгаа төрийн байгууллагууддаа менежмент хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй. Засгийн газар амьдралын, нийгмийн чанартай асуудлуудад илүү анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэлээ. 

4.ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ХОЁР ЭЭЛЖИД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Орхон аймагт  нийт 278 цэцэрлэгийн багш ажиллаж нэг анги дүүргэлт улсын дунджаас давсан төвшинд өндөр ачаалалтай ажиллаж байгаа тул хоёр ээлжид шилжүүлэн ажиллах саналыг аймгийн БСУГ-аас хүргүүллээ. Хэрэв хоёр ээлжид шилжүүлвэл шаардагдах төсөв санхүүг улсын төсөвт суулгах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:”Цэцэрлэгийн багшийг хоёр ээлжинд шилжүүлэхэд шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэнэ. Ирэх жилийн төсөвт боловсролын сайдын багцад 2 тэрбум төгрөг суулгаад Орхон аймагт байгаа энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” гэлээ. 

5.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТҮШИГЛЭСЭН “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн үйлдвэрт түшиглэн байгуулагдах “Үйлдвэр технологийн парк” төслийг Ерөнхий сайдад танилцууллаа.  Тус парк нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл, Молибдений баяжмал боловсруулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулж “Ногоон хөгжлийн төв” байгуулах юм. Үйлдвэр технологийн паркыг байгуулахад нийт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өнөөгийн байдлаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлээд байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Эдийн засгийн хүнд үеийг нуруундаа үүрч, түшиг тулгуур болж байгаад талархал илэрхийлээд "Зэс хайлуулах хий-металлургийн үйлдвэр" байгуулах ЗГ-ын тогтоол, “Үйлдвэр технологийн парк” байгуулах зөвшөөрлийн батламжийг гардуулан өглөө.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц