Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?

2021-05-13 18:054737

Цар тахлын улмаас нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед  “Эрдэнэт Үйлдвэр”  Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны зардлыг зургаа дахь сардаа дааж буйд  олон нийт талархалтай хандаж  буй билээ.

Хэдий тийм ч “Эрдэнэт Үйлдвэр” төр төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг  баталсан үйлдлүүдээ давтсан  хэвээрээ байгаад шүүмжлэлтэй хандах талууд бас бийг тодотгоё.

Х.Бадамсүрэнгийн удирдаж буй тус компани 52,000,300 төгрөгөөр массажны сандал авсан нь 2020 онд ил болсны дараахан хагас тэрбум төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлаж байв.

Тэгвэл Засгийн газраас цар тахлын хүнд үед тэвчиж болохуйц зардлуудаа тэвчихийг яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд анхааруулсаар байтал тэвчиж болохуйц зардлыг тэвчилгүй урсгасаар байгаа компани бол “Эрдэнэт Үйлдвэр” юм.

 

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад:

 

  • Чангаанз: 37,050,000 төгрөг
  • Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг
  • Хар чавга: 48,165,000
  • Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг
  • Майонез: 48,449,991 төгрөг
  • Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.

 

Худалдан авахаар тендер зарлаад буй эдгээр хүнсний бараа, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. 

Энд үйлдвэрийн ажилчдын хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүнийг дурдаагүй гэдгийг тодотгоё.

Нэг ёсондоо тэвчиж болохуйц зардал гэж үзэж болохоор хүнсний бүтээгдэхүүний тендерийн мэдээллээс заримыг нь л оруулж байна. Эндээс харахад олон жилийн туршид төрд ойр хүмүүсийн “саалийн үнээ” гэх тодотголыг дагуулж ирсэн “Эрдэнэт Үйлдвэр” хүнсний худалдан авалт дээр  ч ийнхүү хэдэн арван саяар нь нөхцөл байдал харгалзахгүйгээр мөнгө  урсгадаг хэвээрээ л байна.

Уншигч та хэрэв санаж буй бол Монгол Улс 2012-2019 он хүртэлх долоон жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэлгүй, 1650 төгрөгт барьж байсан. 2019 онд 50 хувиар нэмлээ хэмээн сүржин зарлаж, 2475 төгрөг болгож байв. 

Тэгвэл энэ долоон жилийн хугацаанд цагаан захтнууд төр төсвийн мөнгөнөөс хэд хэчнээнийг залгисан бэ гээд харьцуулаад харвал эмгэнэлтэй дүр зураг тодорно.

Түүнчлэн ковидын улмаас 500 гаруй мянган иргэний ажлын байр гүнзгий хямралд өртөж, тогтмол орлогоо алдан, ар гэрийн нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед төрийн гол тулгуур  компани болох “Эрдэнэт Үйлдвэр” жимс жимсгэнэ төдийд л зуун саяар нь зарлага гаргаж буй нь зардлаа эрэмбэлэх тухай Засгийн газрын шийдвэртэй нийцэх үү  гэдэг  асуултыг тавихад хүргэж байна. 

эх сурвалж: https://news.zindaa.mn/3pq2

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц